Хавтгайг яагаад ийн нэрлэсэн бэ гэвэл монгол тэмээд байдаг шиг өрөвлөг байхгүй хавтгай толгойтой юм.  Тэсвэр ихтэй, хэр баргийн өвчин тусдаггүй өвөрмөц онцлогтой амьтан. Гэрийн тэмээнээс зэрлэг тэмээ авхаалжтай, гайхалтай гэмээр сайн  хөгжсөн гадаад мэдрэмжээрээ ялгардаг. Хавтгайн хараа хурц, сонсгол сэргэг, үнэрлэх чадвар төгс хөгжсөн байдаг. Зэрлэг тэмээ хүнийг хэдэн км-ийн цаанаас үнэрлэх, өчүүхэн төдийд сонсогдох хөлийн чимээг ч мэдэрдэг гэдгийг анчид хэлдэг. Өмнийн говийн тэмээн сүргийн эцэг гэгддэг хавтгай тэмээ харамсалтай нь дэлхийд нэн ховордсон амьтдын жагсаалтад бичигддэг юм. Дэлхий дээрх тэмээн төрлөөс үлдэж хоцорсон хамгийн сүүлийн хоёр төрөл бол араб тэмээ болон хавтгай. Удахгүй эдгээр хоёр төрлөөс нэг төрөл нь устаж үгүй болох аюул тулж бидэнд энэ зүйлийг аврахын тулд дорвитой арга хэмжээ яаралтай авахыг чимээгүй анхааруулж байна.

Одоогийн байдлаар манай нутагт 300 гаруйхан тоо толгойтой байгаа энэ амьтны тархац нутаг нь Алтайн өвөр говийн Эдрэнгийн нурууны бэлээс Шивээт улаан, Хөх төмөртийн нуруу, улсын хил хүртэл бий. Монгол улсын амьтны аймгийн тухай хуулийн 7.1-д нэн ховор зэрэглэлээр хамгаалагдаж, агнахыг нь 1930 оноос хориглосон ба ан агнуурын тухай 1995 оны хуулиар нэн ховор зүйлийн жагсаалтанд оруулсан байдаг.

1980-1982 онд 500-800, 1982-1988 онд 500-600-гийн хооронд хэлбэлзэж байсан бол  ерээд оноос 400 гаруй болж бууран түүнээс хойш тоо толгой нь өсөлгүй 300 гаруй болтлоо буурчээ.  

Энэ зүйл нь дараах хэдэн шалтгаанй улмаас ховордсоор байна. Эдгээрт:

-Орчны таагүй байдал, хомсдол

-Эрлийзжилт

-Цаг уурын тохиромжгүй нөхцөл

-Халдварт өвчин

-Бохирдол зэрэг юм.

Эдгээрээс гэрийн тэмээтэй эрлийзжих нь хамгийн гол шалтгаан юм. Хятад, Монголын хил дагуух торон хашаа хавтгайн нүүдэл, хөдөлгөөнд саад болж байгаа нь Хятадын популяцитай генийн солилцоонд орох байдлыг тусгаарлаж байгаа юм. 

Малчдын тэмээ хавтгайтай эвцэлдээнд ордог нь нууц биш. Гэрийн тэмээ нь хавтгайг хамгаахаар бүртгэсэн Говийн их дархан газрын А хэсгийн нутагт нэвтэрч буй үзэгдэл олон удаа тохиолдож байгаа нь халдварт өвчин тархах, эрлийзжих боломжийг бүрдүүлсээр байгаа билээ.

Мөн хүний зохисгүй үйл ажиллагаа буюу алтны уурхайд төмрийн хүдрийг ялгахад цианит калийг ашиглаж буй нь  усны нөөцийг нь бохирдуулдахад нөлөөлж байгаа юм. Баянбүрдүүд байгаль орчны өөрчлөлт эсвэл хүний буруу үйл ажиллагаанаас болж хуурайшиж, байгалийн давтамжаар усны  цэгүүд цөөрч, Хавтгай тэмээний ботго руу саарал чоно халддаг нь энэ жижиг популяцийг бууруулах шалтгаан гэж үздэг.

Хамгийн сүүлд хийсэн хавтгай  тооллогын ажилд биеэр оролцоод ирсэн эрдэмтэн Р.Мөнхбаатар: Монгол тэмээнээс ялгагдах нэг онцлог нь маш их ажигч гярхай,ерөөсөө хүний барааг хэдэн арван км-ийн цаанаас анзаардаг. Намайг сая Чойгийн ус зэрэг баян бүрдүүдээр тооллогод оролцоод явж байхад уулын орой дээр нуувчинд суугаад 10-аад км газраас ажиглаж байхад намайг харчихаад наашаа ирэхгүй цаашаа зугтаж байх жишээтэй. Энэ зэрлэг тэмээ өөрийнхөө удмын санг хамгаалж,байгальд зохицсон зохилдолгоо юм уу гэж ойлгосон. Хоёрдугаар хавтгай уулын хад асга, гуу жалгаар чөлөөтэй явдаг.Тйим бартаатай газраар хурдан гүйх чадвартай болсон амьтан байдаг нь биеэ хамгаалах зохилдолгоо дасан зохицох шинж нь болсон байдаг байна" гэж ярьжээ.

Энэ хэвээрээ байвал мөдхөн устаж үгүй болох хавтгайгаа мөхлөөс аврахын тулд бид хэд хэдэн чухал зүйлсийг зайлшгүй хийх шаардлагатай байна.

  1. Хавтгайг хамгаалах эрх зүйн орчныг судалгаа шинжилгээний дүгнэлтэнд тулгуурлан түүний дагуу бүрдүүлэх
  2.  Тэдний амьдрах, өсөж үржихэд таатай орчинг бий болгож, ялангуяа тоо толгойг өсгөх талаар оновчтой бодлого авч хэрэгжүүлэх  үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулж ажиллах
  3. Байгаль хамгаалагчийн тоог одоо байгаагаас нь 2-3 дахин нэмэгдүүлэх
  4. Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт хавтгай тэмээний буур орооны үеэрээ зарим тохиолдолд Монгол тэмээний бэлчээр нутагт орж ирэн,  Монгол ингэтэй нийлүүлэгт орсоноос эрлийзждэг тул  энэ тал дээр тодорхой арга хэмжээг боловсруулах хэрэгтэй байгаа юм.  

 

Гайхамшигтай хөхтөн хавтгай тэмээ устахын ирмэг дээр иржээ. Энэ ховордсон хоѐр бөхт амьтан говь цөлийн гүнд нь амьдардаг. Энэ  нөхцөл тааламжгүй учир цөөхөн амьтан нутагладаг билээ. Говийн хаан гэгддэг энэхүү ховордсон амьтныг хамгаалахын тулд цаг хугацаа алдалгүй дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол говь цөлийн гүн эзгүйрэхэд ойрхон байна...

Э.Бодьгэрэл