-Нийтийн тээврийн автобус хөлөглөж, хүний амь нас тээвэрлэх жолоочийн насны доод хязгаарыг 30 болговол ямар вэ-

Эх орны амьдралын ихэнх хэсэг зам дээр "татарсаар" өдийг хүрлээ. Тиймдээ ч амьдын ертөнцөд үзэгдэж болох үйл явдлууд их хотыг хэрсэн 650 гаруй км зам дээр өрнөсөөр байна. Үнэхээр үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл автозам дээр амьдрал буцалдаг болжээ.

Үүнээс үүдээд нийгэмд "тээгэлдэг" зарим нэг "хог шаар" зам дээр "мэндлэх" шиг. Тэр бол нийтийн гэх статусаар нэгдүгээр эгнээг эзэлж, дугаар харгалзалгүй давхидаг том оврынхон. Тодруулбал, үйлчилгээнд гардаг автобуснууд юм. Тиймдээ ч тэд авто замыг даралсан олон арван үйлдлээрээ замын "хог шаараар" нэрлэгдэж байна.

Харин тэд өөрсдийгөө алдарт нисгэгч Шумахертай адилтгах нь бий. Тэгтэл зүгээр л бөгснийх нь хорхой арилаагүй шинэхэн "Д" ангиллынхан үйлчилгээнд биш үхлийн уралдаанд оролцож байгаа мэтээр хурдалж байх юм.

Тиймээс эрх ямба эдэлдэг шигээ үүрэг хариуцлагаа ухамсарлаасай гэж хүсэж байна. Нөгөөтэйгүүр нийслэл хотын тэн хагасыг тээвэрлэж, хотын хөгжлийг хойш нь ухрааж байгаа тэдэнд цензур хэрэгтэй байна. Гэхдээ жолоодох эрхийн үнэмлэхээр биш намба суусан байдлаар нь дүгнэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээнд хүний амь насыг тээвэрлэж явах жолоочийн насны доод хязгаарыг тогтоох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ар өврийн хаалга өндөлзүүлж "Б"-гээ "Д" болгосон "Шумахерууд" бидний амь насыг үрэн таран хийхэд бэлэн байна.

Өөгүй сайхан салбар гэж байдаггүйтэй адил өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ муу гэсэнтэй санал зөрөлдөх хүн ч байхгүй. Тиймээс эл саналд "эсрэг кноп" дарах хүн үгүй биз. Өнгөрсөн жил том оврын автобустай холбоотой хэрэг шил даран гарсаар олны анхааралд орж байсан. Өдгөө үйлчилгээ, санал гомдлын асуудалд ч хөвөрч байна. Харин бид ганцхан сарын дотор олны ундуйцлыг хүргэсэн хэдхэн жишээг дурдъя.

Өнгөрсөн сарын 15-ны өдөр "Тэнүүн огоо" компанийн хоёр автобус багшийн дээдийн буудлаас уралдаж гараад эсрэг талын урсгалд орсон ч, уралдаанаа үргэлжлүүлсээр байсан. Тэдний гэгээн цагаан өдөр хотын төвийн зам дээр ийн зохисгүй үйлдэл гаргасан нь хяналтын камерт бичигдэж үлдсэн баримт бий.

Мөн хөдөлгөөнд оролцож байсан том оврын автобусны жолооч иргэнийг "автобусан дотор бие зассан хэргээр хөдөлгөөнд оролцож байх явцдаа хаалгаа онгойлгон хог шиг хаясан" хэрэг гарсан. Хэдийгээр автобусанд ёс бус үйлдэл гаргасан ч амьд хүнийг автозамын хөдөлгөөн дунд хог шиг хаях нь үүнээс ч дор үзэгдэл.

Түүнчлэн энэ сарын 6-ны өдөр хоёр автобус буудал дээр хүн булаалдсаны улмаас биенийхээ автобусны "нүд" болсон хоёр толийг хугалж, зодолдсон хэрэг гарсан. Үүний дараа "сохроор" хөдөлгөөнд оролцож дараагийн буудал хүртэл уралдсан. Мөн тасалбар түгээгч хүн цөөнтэй нэрийдлээр автобусны зааланд тамхи татаж зорчигчдийг үл ойшоосон. Энэ мэтчилэн том оврын автобустай холбоотой хэрэг шил даран гарч байгаа нь шинэчлэл хэрэгтэйг улам бүр сануулж байна.

Б.Ширнэн