Сүүлийн өдрүүдэд 1072 хувьцааг тойрсон эргэлзээтэй зүйлүүд хаврын салхи шиг тархах боллоо. Тодруулбал, 1072 хувьцааг Хятад хүмүүс нэг сая төгрөгөөр худалдаж авч байна хэмээн мэдээлэл цахим сүлжээнд түгсэн юм.

Монгол хүн бүрт төрөөс үнэ төлбөргүй олгосон 1072 ширхэг хувьцаагаа Хятад хүнд зарах гэсэн иргэд урт цагааны урд байрладаг брокер дилерийн компанийн гадаа дугаарлаж зогсож. Тэнд цугласан иргэдийн ихэнхи нь амнаас ам дамжсан яриаг сонсож ирсэн бөгөөд хэн ч худалдаж авч, мөнгө хувьцаагаа солилцож байгааг хараагүй гэдгээ учирлаж байгаа нь хамгийн хачирхалтай. Гэнэн итгэмтгий зангаасаа болж ийнхүү хууртаж байна.

Үүнийг нь ч дагаж 1072 хувьцааг дагасан эргэлзээ нийгэмд цацагдаж байгааг учраас Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргасан юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолуудын хүрээнд тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртггэж, баталгаажуулсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа. Гэтэл сүүлийн үед үнэт цаас эзэмших дансыг яаралтай нээлгэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнийг өмчлөх эрх нь баталгаажих, ингэснээр мөнгө болох мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тараах боллоо.

Үнэт цаасны арилжаанд оролцох, хувьцаа худалдах болон худалдаж авах зорилгоор Хорооноос тусгай зөвшөөрөл авсан үнэт цаасны компаниар дамжуулан үнэт цаасны дансыг нээлгэх эрх нь иргэдэд нээлттэй хэдий боловч зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшихтэй холбоотойгоор нэн даруй данс нээлгэх шаардлагагүй болохыг мэдэгдэж байна.

Иргэн таны эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын 2.3-т Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан болохыг анхаарна уу.

Иргэдийг төөрөгдүүлж байгаа энэ асуудлаас үүдсэн гомдол цагдаагийн байгууллагад ирсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Одоогоор бидэнд 1072 ширхэг хувьцаатай холбоотой гомдол ирээгүй байна. Ер нь 5000 төгрөгийн хохирол үзлээ гэж хандах хүн бараг байхгүй дээ. Сүүлийн өдрүүдэд Урт цагаанд иргэд олноороо цуглаж байгаа тул нийтийн хэв журам алдагдан, зөрчил үүсэж болзошгүй гэж үзэн хяналт тавьж байгаа” гэсэн хариултыг өглөө.

Хувьцааг бусдад шилжүүлэх боломжгүй бөгөөд энэ нь хууль бус үйлдэл гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.