Өнөөдөр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвд “Баялагийн хувь” ХХК, “Түмэн Хишигтэн” ХХК-д санхүүгийн шалгалт хийхэд тусгай ажиллагааны газар оролцсон талаар болон шинэ төмөр зам Сайншанд аж үйлдвэрийн хэргийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийхэд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Б.Баатархүү, Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Оргил, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана нар байлцсан юм.

Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Оргил: Гашуунсухайт-Ухаахудаг чиглэлийн 267 км төмөр зам барих хэрэгт Улсын ерөнхий прокурорын тушаалаар АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Гашуунсухайт-Ухаахудаг чиглэлийн 267 км замыг "Монголын Төмөр Зам" ТӨХК-д концессийн гэрээгээр барих эрхийг олгосон байдаг. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд Зам тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК-ийн албан тушаалтнууд Монгол улсын холбогдох хуулийг зөрчин Ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай "SCTECM" компанид энэ эрхийг хууль бусаар олгосон байсан. "SCTECM" компани уг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахдаа туслан гүйцэтгэгчээр Монгол улсын нэр бүхий ААН-үүд болон Монгол улсад гэрээгээр халхавчилж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан мэхэлж 20 гаруй сая ам.долларын хохирол учруулсан энэ хэрэг шалгагдаад явж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа шалгагдаад явж байна.

Үүнээс гадна Монгол улсын Засгийн газраас 2013 оны 3-р сард 76-р тогтоолоор Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 14.1 тэрбум төгрөгийг шийлдэж өгсөн байдаг. Дээрхи мөнгийг тухайн үеийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар зарцуулсан, онц их хэмжээний хохирол учруулсан, хуурамч гүйцэтгэл гарган залилан мэхэлсэн асуудал манай хэлтэст шалгагдаж байгаа.

Дээр дурьдсан хэргүүдийн санхүүжилтыг шалгах явцад зарим нэг ААН, төрийн өндөр албан тушаалтнуудын туслахаар ажилалж байсан иргэдийг зайлшгүй шалгах шаардлга гарсан. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явагдсан. Эдгээр ААН-үүдийн захирал, нягтлан бодогч болон бусад иргэдий нэрээр эх үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байдаг. Дээр дурьдсан төслүүдэд УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан иргэд хууль бус шийдвэр гаргахад нөлөөлөхөөр албан тушаалд ажиллаж байсан. Баянгол зочид буудалд албан өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” ААН-үүдэд прокурорын зөвшөөрөлийн нэгжлэг хийсэн байгаа. Ямар энэг байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. “Баялагийн хувь”, “Түмэн хишигтэн” ХХК-д УИХ-ын гишүүн хувьцаа эзэмшдэг нь тогтоогдоогүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч байгаа. Тиймээс мөрдөн байцаалтын ажилд саад учируулахгүй байхыг та бүхнээс хүсч байна.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, Дэд хурандаа Б.Баатархүү : “ЦЕГ-аас сүүлийн үед олон талаасаа яригдаад байгаа тодорхой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өгнө. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа эрүүгийн хэргийн талаар буруу ташаа мэдээлэл тараасан. Мөн “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компанид санхүүгийн нэгжлэг хийх үеэр тусгай ажиллагааг оролцуулсан зэрэг асуудлуудаар албаны бид нар тоймтой тодорхой мэдээлэлийг өгөх гэж байна. Хэргийн талаар дэлгэрүүлж ярих боломжгүй, прокурорын зөвшөөрлийн хэмжээнд нийтэд мэдээлж байгаа гэдгийг ойлгоорой. Дөрөвдүгээр сарын 11-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” зочид буудлын байранд түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компаниудын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийх ажиллагаа зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулж, олон нийтийн дунд ташаа мэдээлэл ихээр гарсан. Мөрдөн байцаагч нар тухайн компанийн удирдлагуудад прокурорын зөвшөөрлийг танилцуулж, мөрдөн байцаалтын явцад саад учруулахгүй байх талаар тухайн компанийн албан тушаалтнуудад мэдэгдсэн. Гэвч харамсалтай нь нэгжлэг хийх нөхцлөөр хангаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан. Энэ нь бичлэг болоод бусад зүйлүүдээр нотлогдож байгаа. Тухайн үед мөрдөн байцаалтын ажиллагааг хэвийн саадгүй явуулах үүднээс нэгжлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах ,тухайн орчинд мөрдөн байцаалт явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тусгай ажиллагааны газрын 7 алба хаагч, хэв журам хамгаалах албаны 3 алба хаагчийг хамгаалалтад ажиллуулсан. Эхлээд цагдаагийн ажилтнууд тухайн байранд нэвтрэн орж, нэгжлэгийг саадгүй явуулах зорилгоор дээрх алба хаагчдыг оролцуулсан байгаа юм. Гэтэл энэ тусгай ажиллагааны талаар ташаа мэдээлэл цацсан. Үйл ажиллагааны дүрэм, журам гэж байгаа. Тусгай ажиллагааны алба хаагчид дүрэм зөрчөөгүй, эрхзүйн орчных нь хүрээнд нэгжлэгийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцлийг хангах үүднээс ороцлуулсан юм шүү. Гэтэл тухайн хүмүүс бусдыг зохион байгууллалтайгаар дуудах, гадаа нь “УИХ-ын гишүүнийг баривчлах гэж байна. 500 цагдаа дуудсан” гэх мэт худал ташаа мэдээлэл түгээж, бусдыг үймээн самуунд уруу татах, мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс санаатай саад хийх ажиллагаануудыг зохион байгуулсан. Нэр бүхий, хуурамч мэдээ мэдээлэл тараасан хүмүүсийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шалгах ажлыг эхлүүлж байгаа. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад хөндлөнгөөс хэн ч саад хийх эрх мэдэл байхгүй. Хяналт тавих эрх нь зөвхөн прокурорт байгаа. Тийм учраас ойлгох хэрэгтэй. Бас тухайн үед хоёр хүнийг баривчилсан гэх ташаа мэдээллийг цацсан. Тэр хүмүүсээ гэрчийн мэдүүлэг байцаалт авсан. Санхүүгийн нэгжлэг зайлшгүй хийх шаардлагатай байсан тул прокуророос зөвшөөрөл аваад тус газарт очсон. Нэгжлэг хийх тусгай зөвшөөрлийг танилцуулахад саад учруулсан. Тийм учраас Тусгай ажиллагааны алба хаагчдыг оролцуулснаараа нэгжлэгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж холбогдох бичиг баримтыг хураан авсан. Тусгай ажиллагааны газар ямар үйл ажиллагаа явуулдаг, энэ үйл ажиллагаанд яагаад оролцсон талаар Б.Алтанбагана дарга ярина” гэв.

Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана: “Энэ үйл ажиллагаатай холбогдуулан Тусгай ажиллагааны газрын чиг үүргийн хувьд дотоод дүрмийнхээ дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлын үйл ажиллагаанд бусад албадад дэмжлэг үзүүлэх зорилгоор хуулийн дагуу оролцсон. Цагдаагийн байгууллага болон бусад албадад дэмжлэг үзүүлэх гэдэг үүднээсээ үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед авагдсан мэдээллээр манай газраас дэмжлэг хүсэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Ямар учраас тэнд үүрэг гүйцэтгэсэн бэ гэхээр тэнд ажиллаж байгаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарынхаа аюулгүй байдлыг хангах, мөн тэнд ямарваа нэгэн зөрчилд орох энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэйгээр оролцсон. Дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа амжилттай болсон. Зарим хүмүүсийн хэлснээр өдөөн хатгах, турхирах, албаны нэр хүндэд халдах, ямар нэгэн мэргэн буудагч ажиллуулсан, бөөнөөрөө очиж хүч түрэмгийлсэн зэрэг үйл ажиллагаа болоогүй. Харин ч тусгайнынхны болон цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагах гэсэн оролдлогог явагдсан. Өдөөн хатгалагын шинжтэй зүйлд оролцоогүй. Зөвхөн тусгай ажиллагааны газрын дүрэмд заагдсан 4-ийн 3.1.1-т заагдсан Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах гүйцэтгэх ажлын чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэх дүрмийнхээ хүрээнд ажилласан. Манай байгууллага 1999 онд үүсгэн байгууллагдснаас хойш иймэрхүү ажиллагаанд их олон оролцсон. Бид хуулиар үүрэг гүйцэтгэдэг. Жирийн цагдаагийн алба хаагчид ороод таслан зогсоох боломжгүй хэрэгт ЦЕГ-ын даргын тушаалын дагуу очиж албан ёсны үүргийг гүйцэтгэдэг. Манайх очсон газар болгондоо зэвсэг хэрэглэдэг, хүчний үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болохгүй. Дүрэмд заасан үндсэн чиг үүргийнхээ дагуу л урьдчилан сэргийлж ажилладаг.” Гэснээр өнөөдрийн хэвлэлийн хурал өндөрлөв.

Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч Ж.Цэсэн ирсэн байв. Тэрээр цагдаагаас худал мэдээлэл өгч байна гэдгийг хэлж байсан. Тодруулбал “Баянгол оффист нэгжлэг хийхэд би байсан. Баянгол оффист ажилладаг хүмүүсийн хувьд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Оффисийн хаалга үргэлж дэлгээтэй байсан. Гэнэт гадаа цагдаагийн аягүй том машин зогсоол, баахан хар хувцастай, багтай, буутай хүмүүс ар араасаа жагсаалаар гүйгээд орж ирсэн. Прокурорын зөвшөөрөл танилцуулаад эсэргүүцсэн учраас Тусгайг дуудсан гэж сая мэдээллээ. Гэтэл эд нар өөрсдөө зөвшөөрлөө танилцуулахдаа л Тусгайгынхныг дагуулаад ирсэн.Тухайн үед Х.Баттулга гишүүн байгаагүй. Хэн ч эсэргүүцээгүй. Шалгуулах хэрэгтэй гэж иргэний үүргийнхээ дагуу “Баялагийн хувь”, “Түмэн Хишигтэн” ХХК-ын захирал эмэгтэйчүүд хэрэгтэй гэсэн бичиг баримтыг гаргаж өгсөн. Өнөөдөр ЦЕГ-аас бодитой бус мэдээлэл хийлээ” гэв.

А.Баярмаа