Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших “Мөнгөн-Өндөр”-ийн орд газрыг Адамс майнинг ХХК хууль бус аргаар өөрсдийн өмч хөрөнгө болгон хувиргаж байгаа тухай үлгэр мэт яриа, мэдээллүүд нутгийн ард олны дунд их бий.

Гринпис Монгол ТББ “Мөнгөн-Өндөр”-ийн орд газрыг нөөцгүй мэтээр хуурамч баримт сэлт үйлдэж луйврын аргаар эрхэндээ оруулсан хэдхэн хүний мэдэлд орхилгүй, ард түмний өмч, төрийн мэдэлд авах тэмцлийн ажлаа эхлүүлээд байна. 
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Талын булаг багийн иргэдийн хурлаас Голденхейлс ХХК-ийг олборлолт хийхийг хориглох шийдвэр гарсан, мөн “урт нэртэй” хуулийн хамгаалалтын бүсэд орсон талбайд өрөмдлөг хийж байгаа тухай мэдээллийг нутгийн иргэдээс бидэнд ирүүлсэн юм. Мэдээллийн дагуу зарим төрийн бус байгууллагуудын төлөөлөл, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчтай хамтран газар дээр нь үзлэг хийлээ. 
Голденхейлс ХХК-ийн захиалгаар MV 012085 лицензийн талбайд Очиргео ХХК хайгуулын зориулалтаар 3 дах өрөмдөг хийж байхад нь таарсан бөгөөд эдгээр өрөмдлөг хийж буй талбай нь ойн сан дотор буюу “урт нэртэй хууль”-ийн бүсэд орсон талбай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч газар дээр нь үйл ажиллагааг зогсоов. Гринпис Монгол ТББ бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Мөнгөн-Өндөр буюу хоёр дах “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд шилжүүлж ард түмнийг луйвардах үйл ажиллагааг таслан зогсоох ажлаа үргэлжлүүлэх болно.
Та “Мөнгөн-Өндөр”-ийн талаар мэдээлэлтэй юу? Монголын хоёр дах “Эрдэнэт”-ийн лицензийг хэн эзэмшиж байна вэ? 
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт “Мөнгөн-Өндөр”-ийн орд гэж том орд газарт 1980-аад оноос эхлэн арваад жилийн турш манай геологчид Орос, Чех, Болгар, Унгарчуудтай хамтран хайгуул хийж байжээ. Уг ордны зөвхөн мөнгөний нөөц нь л гэхэд 500 гаруй мянган тонн, мөнгөнөөс гадна молибден, хөнгөн цагаан, вольфрам их хэмжээтэй бий. Иймээс энэхүү ордыг Оросууд холимог металлын орд хэмээн нэрлэж, Монголын Засгийн газартай хамтран ашиглахаар анх ярилцаж, хоёр улсын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл лицензийг нь эзэмшиж байжээ. Одоо ч нэг лиценз нь тус нэгдлийн мэдэлд байдаг. 
"Соц" нийгмийн үед нөөцийг нь тогтоож техник эдийн засгийн үндэслэлийг бат¬луулж байсан "Монгол¬росцветмет" нэгдлийн удирд¬лага, тухайлбал М.Ариунбаяр “Мөнгөн-Өндөр”-ийн ордыг "нөөцгүй, хоосон" гэж хуурамч дүгнэлт үйлдэн, бэр эгч Т.Мөнгөнцэцэгтээ уг ордыг авч өгснөөр ард түмний өмч эзнийхээ мэдлээс холдсон юм.
“Адамс майнинг” ХХК нь Монголросцветмет нэгдлийн эзэмшилд байсан тус орд газрын хамгийн их нөөцтэй хэсгийг өөрийн охин компани болох Голденхейлс ХХК-д 30 жилийн хугацаатай 231.01 га талбайн MV012085, мөн охин компани болох “Эй Ар Ай Эй” ХХК-д MV010278 дугаартай лицензийг 2035 онд хүртэл эзэмшүүлэхээр тус тус олгуулсан байна. Харин дээрх хоёр лицензээс үлдсэн нь “Монголросцветмет”-ийн мэдэлд байгаа. Ингээд Мөнгөн-Өндөрийн лиценз хууль бусаар гурав хуваагдсан байдаг 
Өвөг дээдсээс маань үлдээсэн баялаг ард түмний өмч байх ёстой. Монгол Улсын иргэн Та, таны хэдэн үе удмын амьдралд хүрэлцэх энэхүү баялгийг гадныхантай сүлбэлдсэн хэдхэн нөхдүүдийн “хоол” болгохгүй байх талаар өөрийн мэдлэг, чадлаа харамгүй хайрлаж бидэнтэй нэгдэнэ гэдэгт итгэж байна.