Хэдхэн хоногийн дараа наймдугаар сар гарч, намрын ажил эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд тариа ногооны болц, ургац хураалтын ажил ч ундарна. Гэхдээ зургаа, долдугаар сар хур багатай хэт халуун байснаас газар тариалан эрхлэгсэд ихээхэн бэрхшээл, хүндрэлтэй нүүр тулаад байгаа.

Зарим тариалангийн талбай 100 хувь ургац алдаж байгаа бол ихэнх компани, хувиараа тариалан эрхлэгсэд 10, 20, 30 хувь ургац алдах төлөвтэй байна. Улсын хэмжээнд дунджаар 40 орчим хувийн алдагдал хүлээх нь тодорхой болжээ. Уг нь өнгөрсөн хаврын тариалалтаар улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаанбуудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авахаар ажлаа эхлүүлсэн. Уг зорилт 50-60 хувьтай биелж газар тариалан түүнээс хамааралтай бүтээгдэхүүний хомсдол үүсэн, үнэ өсөх магадлал нэмэгдсээр байна. Нөхцөл байдал яг ямар түвшинд байгааг холбогдох албаны хүмүүс, газар тариалан эрхлэгсдээс тодруулж, сурвалжиллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, урьдчилсан тайлан мэдээгээ хараахан гаргаагүй байгаа аж. Гэхдээ өнгөрсөн даваа гаригт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дэргэдэх зөвлөл шуурхай хуралдаж зарим шийдвэрийг гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. п.Сэргэлэн сайдын үүрэг болгосноор Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, холбогдох хүрээлэнгийн ажилтнууд орон нутагт, газар дээр нь ажиллахаар болжээ. Ингэхдээ ургацын болон бэлчээрийн төлөв байдлыг бодитоор дүгнэж хохирол учрахаар бол урьдчилсан мэдээллийг боловсруулж авах арга хэмжээ, бодлогыг боловсруулан гаргах аж. Мөн өнөөдөр аймгуудын Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай видео хурал хийж зуншлага, өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдэл, тариа ногооны болц, хураалтын талаар мэдээллийг сонсох, яамныхаа баримталж буй бодлогыг танилцуулж, үүрэг чиглэл өгөхөө мэдээллээ.

Салбарын яамны хувьд нөхцөл байдалд ийнхүү хандаж байгаа бол тариалангийн бүс нутагт асуудал ямар түвшинд хүрснийг тариаланчидтай утсаар холбогдон тодрууллаа. Томоохон компаниудын эзэд нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхөд эрт байгаа гэдгийг хэлж байна. Яагаад гэвэл наймдугаар сарын цаг агаар ямар байхаас бүх зүйл хамаардаг аж. Хаврын тариалалтын дараа соёололт урьд хожид байгаагүй сайн байсан ч бороо орохгүй байсаар болц гүйцэхгүй байх вий гэдгээс л ихээхэн эмээцгээж байгаа гэнэ. Ямар ч л гэсэн ургасныг нь хамна, Монгол орон гурилаар гачигдахгүй байхын тулд, өөрсдөө алдагдал хүлээхгүйн төлөө бүх арга хэмжээг аван ажиллаж байгаа гэцгээж байна

Ер нь бороо хэрэгтэй үедээ оролгүй хэт халж асуудлыг хүндрүүлсэн шигээ бороо одоо ч асуудал үүсгэсэн хэвээр байна гэх хүмүүс байна. Учир нь бороо орохын өмнө байнга салхилж, орохоороо хүчтэй аадар бууж, үерлэн, мөндөр цохиж байгаа нь тариаланчдын сэтгэлийг хамгийн ихээр түгшээж байгаа гэнэ. Хоёр хоногийн өмнөх жишээг өгүүлэхэд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд дөрвөн хуруу мөндөр орж иргэн Даваагийн 300 га талбайн тариаг цохижээ. Тэднийх нэг ширхэг тариан түрий ч өнөө жил хураахгүй болсныг өгүүлж байна. Тарианых нь тал мөндөрт цохиулсан хэд хэдэн ч аж ахуйн нэгж байгаа бөгөөд Төв аймгийн баруун хойд сумдын тариаланчид ч үүнд нэрвэгдэж 1000 орчим га талбай мөндөрт цохиулжээ. Нэг га талбайгаас дунджаар 18 центнер тариа хураана гэж үзвэл 1800 орчим тонн улаанбуудай мөндөрт цохиулж үгүй болсон гэсэн үг. Нийт ургацынхаа 40 хувийг алдахаар болчихоод байгаа энэ үед мянга гаруй га талбайн тариа мөндөрт цохиулж 1800 орчим тонн улаанбуудай сүйднэ гэдэг том тоо. Мөндөрт бус салхинд цохиулсан талбай хэдэн арваараа байгаа тухай ч хүмүүс өгүүлцгээж байна. Салхинд цохиулж налсан тариа мөндөрт цохиулсан шигээ биш ч хурааж болдоггүйг хүмүүс мэднэ.

Ингээд Булган аймгийн тариаланч Н.Цэрэн-Очиртой ярилцсанаа хүргэе.


-Зун болсоор бороо орохгүй бас их халуун байлаа. Тариа ногооны ажил юу болж байгаа вэ?

-Нийт нутгийн 77 хувь нь гандуу байгаа гэсэн. Тариалангийн бүс нутгууд ч ялгаагүй хэт халалтад нэрвэгдлээ. Ургац, тариалалтын ажил ерөнхийдөө хүндрэлтэй байна. Зургадугаар сарын нэгэн гэхэд сүүлчийн тариалалт хийгдэж дууссан гэж үзвэл түүнээс хойш долдугаар сар гартал огт бороо ороогүй. Үнэндээ өнгөрсөн өвөл цас их унаснаар хөрсний чийг хангалттай хуримтлагдсан байсан. Тиймдээ ч соёололт маш сайн байлаа. Харамсалтай нь бүтэн сарын турш бороо ороогүйн дээр долдугаар сар гарсаар 10 гаруй хоног хэт халж хүндрэлийг бий болгосон. Булган аймгийн хойд сумд л гэхэд нийт тариалалтынхаа 30 орчим хувийг алдах байх.

-Тариа ургалт яг ямар байна?

-Болц нь гүйцэхгүй байх өндөр магадлалтай байгаа. Ургаж гүйцээгүй ногоон будаа наранд халахаар хагдрахгүй болчихдог. Тариаланчид механик болц гэж нэрлэдэг юм. Шууд хэлбэл нэг тариан түрүү дээрх будааны ширхэг цөөрөхөөс эхлээд асуудал ихтэй. Юу гэсэн үг вэ гэвэл нэг га талбайгаас авах ургац, центнерийн хэмжээ эрс багасна гэсэн үг. Бордоо сайжирсан зэрэг олон шалтгаантай холбоотойгоор нэг га талбайгаас 15-20 центнер ургац авдаг болчихсон байсан. Харин энэ жил нэг га талбайгаас 10 центнерийг хураавал их юм болох байх. Уг нь мэргэжлийн, албаны хүмүүс талбайгаар яваад авах ургацын хэмжээг тогтоогоод өгчихдөг. Өнөө жил энэ ажил хийгдээгүй л байна. Бас чийг дутагдсанаас болж ургац давжаардаг. Ер нь тариан түрий 20 сантиметрээс богино байх л юм бол хураах тухай бодоод ч хэрэггүй. Гэхдээ тариа хураалт эхлэх хүртэл байгалийн гэнэтийн аюул нүүрлэхгүй л бол 30-40 сантиметр болох байх гэж найдаж байгаа. Үүнээс гадна өнөө жилийн бороо алаг цоог орж байна. Зарим газарт 25 сантиметр ухаж үзэхэд ямар ч чийггүй байгаа. Гэхдээ голын болоод нуурын эрэг орчмоор тариалсан хүмүүс 90 орчим хувийн ургац авах байх. Яагаад гэвэл нуур, голын ойролцоох талбайд шөнөдөө шүүдэр бууж хонодог зэрэг давуу талууд бий. Бусад газар нь ерөнхийдөө ижил байгаа. Трактор, комбайн хайж Сэлэнгэ, Төв аймгаар хэд хоног явсан. Бүгд л бидэнтэй ижил асуудалтай байна билээ.

-Ер нь тариалалтын аль хэсэгт бороо орж, аль үед нь нар ээвэл сайн бэ?

-Зургадугаар сарын эхэн, долдугаар сарын дундуур болоод наймдугаар сарын эхээр бороо орвол сайн. Харин наймдугаар сарын дунд үеэс хойш бороо орвол буруу. Ургаагүй нь нэмж ургаад, тариа нялхраад эхэлдэг. Мөн л хүндрэл дагуулдаг гэж болно.

-Салхи, мөндөр ч ихээхэн хохирол учруулж байна гэсэн мэдээлэл байгаа?

-Үүл гарахаараа л салхилдаг болчихож. Ер нь олон удаагийн хүчтэй салхи тариа, ургацыг сүйтгэхээс гадна хадланд ч хохиролтой. Хэдхэн хоногийн өмнө Хутаг-Өндөр суманд дөрвөн хуруу зузаан мөндөр орлоо.

-Энэ намрын цаг агаарын мэдээллийг авсан уу. Ямар болох төлөвтэй байна. Ургац, тариалалтын ажилд яаж нөлөөлөхөөр байгаа вэ?

-Өнөө жил эрт хүйтэрнэ гэж сэрэмжлүүлж байна. Эрт хүйтэрнэ гэдэг мэдээ хэт халуун, ордоггүй борооноос ч илүү ихээр биднийг түгшээж байгаа. Энэ зуны цаг агаараас хамаараад намар орой болтол, ургацынхаа болцыг гүйцтэл хүлээх шаардлага тулгарна. Гэхдээ эрт хүйтэрвэл юу болох вэ гэдэг нь тодорхой хэмээн ярьж байна. Ийнхүү ганд нэрвэгдэж ургалгүй давжааран нэг түрий нь тав, гуравхан будаатай байгаагийн дээр салхинд, мөндөрт цохиулж тариан талбай хоосорсоор байгаа юм байна. Урт, налгар намар боллоо ч хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хүндхэн жил хүлээж байгаа болов уу.

Л.МӨНХӨӨ