Манай сонины 149 (2846) дугаарт “М.Сарнай, Ц.Сувд-Эрдэнэ, С.Дэлгэр нар иргэдийн итгэл дээр дөрөөлж мөнгө босгосон уу” нэртэй сурвалжлага, нийтлэл гарсан билээ. Уг нийтлэлдээ “Сарнай” хүүхдийн төвд байрлаж байсан хүүхдүүдийн эцэг, эх болон М.Сарнайгийн байр суурийг хүргэж байсан. Тэгвэл энэ удаа “Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэтэй уулзаж болсон явдлын талаар ярилцлаа. 
 

-М.Сарнай, С.Дэлгэр нартай холбоотой асуудлаар та цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хариу ирсэн үү?
-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 3-ны өдөр өргөдөл өгсөн. Хэргийг ажлын 14 хоногт шийдвэрлэнэ гэсэн.  

-Тэдэнтэй дахиж уулзсан уу?
-Уулзаагүй. Нэг удаа над руу утсаар яриад сэтгүүлчидтэй хамт байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь “Хүүхдийн нэр барьж, ард түмний тархи угаахаа боль” гэж хэлсэн. Та нар харсан биз дээ. Ард түмний тархийг 180 градус эргүүлчихлээ.
-Таныг анх м.Сарнайтай хэн холбосон юм бэ?
-Бямбасүрэн гээд хүүхэн фэйсбүүкээр холбогдож, “Энэ хүнийг олон нийтэд таниулаад өгөөч” гэж 15 хоног гуйсан. Энэ шугамаар очиж уулзсан. Түүнээс биш хүмүүсийн ярьсан шиг, өөрөө гүйж очоогүй. Бүх мэдээллээ цахим хуудастаа нээлттэй тавьдаг юм чинь хүмүүсийг худлаа ярихгүй байх гэж бодтол эсрэгээрээ юм байна.  Одоо бодохоор хүнээ судлалгүй тусламжийн аян эхлүүлсэн нь миний буруу. Сарнай эгчийн тухай мэдээллийг фэйсбүүк хуудастаа анх байршуулахад 6000 орчим хүн үзсэн байдаг. 
-Сарнай гэх хүнтэй анх хэзээ уулзсан бэ?
-Нэгдүгээр сарын 29-ний өдөр анх уулзсан. Хүүхдүүдийг асарч хамгаалаад  10-аад жил болсон гэж бодож байтал дөнгөж 2016 оны арванхоёрдугаар сараас хүүхэд цуглуулсан юм билээ. Намайг мэдээлэл цацсаны дараа  маш олон хүн түүнд тусалсан. Эхэндээ жижигхэн хэмжээний байшин барьж өгье гэж байгаад сүүлдээ 100 хүүхдийн багтаамжтай төв баръя гэж шийдсэн. Санхүүжилтээ хаанаас олох вэ, ээжүүдийг хаана байрлуулах вэ, ямар аж ахуй эрхлэх вэ гээд бүх зүйлийг төлөвлөсөн. Хүүхдийг гэр бүлээс нь хүчээр салгах  хуульд хориотой учир хүүхэд хамгаалах төвөөс гадна жижиг хэмжээний аж ахуй ажиллуулж, тэнд гэр бүлийнхнийг нь ажиллуулахаар  төлөвлөсөн юм. Дараахан нь Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга Уранчимэг, мэргэжилтэн Анхбаяр, хуульч Алтанзаяа нар  намайг дуудаж “Хууль зөрчсөн ажил хийж болохгүй” гэж сануулахаар нь “Хүүхдийг аав, ээжээс нь салгахгүй. Хамтдаа амьдарна. Ажлын байраар хангана” гэж хэлсэн. Надад хандаж байгаа болон монголчуудын дунд хэдий орон гэргүй ч ажил хийх боломжтой маш олон эцэг, эх байдаг. Хэрвээ ажлын байраар хангавал үр хүүхдээ өсгөх боломжтой гэсэн үг. Тиймээс заавал архины хамааралтай гэхээс илүүтэй ийм эцэг, эхийг дэмжих хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингэж явах хугацаанд Дэлгэр эгч холион бантан хийсэн. Уг нь түүнд итгээд л дансаар орж ирсэн бүх мөнгөө долдугаар сарын 24-нийг хүртэл шилжүүлсэн юм шүү дээ. 
-Хүүхэд гэр бүл хөгжлийн хүмүүс М.Сарнайтай уулзсан юм болов уу?
-Хэд хэдэн удаа уулзаад шаардлага тавьсан гэсэн. Бааска буюу Баасандорж гээд христийн сүмд пастер хийдэг хүн сүмийнхээ шугамаар арван жил хүүхэд хооллосон юм билээ. Ингэхдээ Сарнай эгчийн хашаанд хоолоо тараадаг байсныг нь “Би хүүхэд хооллодог” гэж Сарнай эгч ярьж явсан юм байна. Нэг удаа хоол хийх мөнгийг өөрийнхөө халааснаас гаргасан бол яая гэх вэ. Гэтэл гэрчүүдийн хэлснээр ч, Баасандорж гуайн хэлснээр ч хүүхэд хооллож байсан түүх байхгүй юм билээ. Угтаа сайн нэрийг Баасандорж гуай хүртэх ёстой байтал Сарнай эгч энэ нэрийг зүүсэнд их харамсч байна.  Сарнай, Дэлгэр эгчтэй уулзсаны дараахан энэ хүн надад “Сарнай бол бүтэхгүй хүн, худлаа хүнээр өрөвдүүлдэг” гэсэн ойлголтыг өгсөн юм. Тухайн үед энэ үгийг нь нэг их ойшоогоогүй. Дараа нь надтай уулзах гэхээр нь “Үгүй ээ, би тантай уулзахгүй. Сарнай эгчийгээ хаяхгүй. Цаашид дэмжинэ” гэж хариулдаг байсан. Сүүлд сонсоод байтал арванхоёрдугаар сараас эхлээд амьдралын боломжгүй айлын хүүхдүүдийг гуйж аваад “Гэртэй болгоно, хоол, хувцас өгнө” гэж амладаг байсан юм билээ. Яг ингэж байх үедээ надтай таарч, олны танил болчихсон. Ингээд л хандивын аян эхэлсэн. Дараахан нь  ээжүүд хүүхдүүдээ зоддог, тусламжаар ирсэн барааг зөөдөг гэсэн яриа гарсан ч надад нотлох баримт байгаагүй. Сарнай эгчийг архи ууж байгааг хараагүй юм чинь яаж итгэх вэ дээ. Гэтэл хүүхдүүд надад хэлэхээр нь юу болоод байна аа гэж бодсон. Хүүхэд худлаа хэлдэггүй биз дээ. Худлаа хэлсэн ч хэдэн асуултын дараа баригддаг. Сарнай төвд байсан Хулан охины хэлснээр маш их зоддог, аашилдаг гэсэн. Ээж рүүгээ явлаа гэхэд нь зодсон гэсэн. Бас нэг хүүхэд рүү чулуу шидэж тархийг нь хагалсан байгаа юм. Миний эгдүүцсэн зүйл нь хүүхдийн нэрийг барьж мөнгө босгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгээд бүр хүчирхийлэх нь байж болох зүйл мөн үү. 
-Таны “Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагын данс руу “Нэг хүн-нэг тоосго” аяны хүрээнд М.Сарнайд гэж хаягласан мөнгө орж байсныг та өгөөгүй гэсэн. Авах гээд залгатал “Үрчихсэн” гэж хариулсан гэсэн. Та ингэж хэлсэн юм уу?
-Сарнайд ч, Дэлгэрт ч тэгж хэлсэн удаагүй. Эд нар юу ярьдаг гээч. Дансаа шалгаж үзэхгүй хэрнээ намайг гүтгэдэг. 330 евро, 900 мянган төгрөг гэж ярьсан. Тэр бүгдээрээ өөрсдийнх нь дансанд байгаа. Хандивын мөнгө надад бэлнээр ирсэн. Тэрийг нь өөрсдийнх нь данс руу шилжүүлсэн. Баримт нь надад бий. Телевизорээр хүртэл нотлох баримтаа дэлгэрэнгүй үзүүлэхгүй байгаа биз дээ. АНУ-ын Сиэтл хотоос нэг эгч сүнсний баярын хувцас бүхий 68 хайрцаг бараа явуулсан юм. Гэтэл 100 хайрцаг гэж ярьж байна лээ. “Үүнийг зараад Сарнай хүүхдийн төвд хандивлаарай” гэхээр нь 18 ширхэг хайрцаг бүхий хөнжил, гудасны даавууг Батсүмбэрийн ядарсан айлуудад тараасан. Нотлох бичлэг нь бий. Үлдсэн 50 хайрцагт сүнсний баярын шинэ хувцас байхаар нь зараад гурван сая төгрөг болсон. Яг энэ үед Сарнай, Дэлгэр эгч бид гурвын дунд маргаан үүссэн юм. “Ийм асуудал үүслээ. Буцаагаад шилжүүлье” гээд нөгөө эгчид хэлтэл “Өргөө кино театрын урд хүүхдээ тэврээд хандив гуйдаг Уянгаад хүргэж өг” гэхээр нь “Хүүхдийн нэрээр мөнгө олдог хүмүүст би хэзээ ч туслаж чадахгүй. Туул эгчээ, та өөр хүнээр хүргүүл. Эсвэл буцаагаад ав” гэж хэлээд эргүүлж шилжүүлсэн. Надаас хуучин хувцас худалдаж авсан хүн байвал гараад ир. Хүнийг хоосон гүтгэхийн оронд нотлох баримтаа дэлгэх хэрэгтэй. Чиний нэр төр уналаа гэж хүмүүс ярьсан. Тэр хамаагүй ээ. Хамгийн гол нь хүүхдийн эрхийг зөрчиж болохгүй. Тэдний нэрээр мөнгө хийж болохгүй. Тиймээс энэ ажлыг зогсоохын төлөө би тууштай явна. 
-Таны дансаар нийт хэчнээн төгрөг орж, гарсан юм бэ?
-Сарнай эгчийн нэрээр 11 сая төгрөг орж, гарсан. Нэгдүгээр сард хандивын аянаа эхлүүлсний дараа Сарнай эгчид 2.5 сая төгрөгөөр зургаан ханатай гэр, 1.6 сая төгрөгөөр таван ханатай гэр худалдаж авч өгсөн гэхээр хамгийн багадаа таван сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болгож өгсөн. Хандивын хайрцаг хийлгэх, танилцуулах материал хэвлүүлэх гээд бүх зардлыг хандивын мөнгөнөөс гаргасан. 11 сая төгрөгөөс гэсэн үг. Ингээд “Оюу толгой” компаниас ирсэн 1.1 сая төгрөгийг Дэлгэр эгчийн данс руу шилжүүлсэн. Төрийн банкны дансаар орж ирсэн 440 мянган төгрөгийг бас л шилжүүлсэн гээд бүх баримт нь бий. 
-Үлдэгдэл мөнгө нь?
-Урсгал зардалд зарцуулсан. 
-11 сая төгрөг гэхээр цаана нь үлдсэн бүх мөнгийг урсгал зардалд зарцуулсан юм уу? 
-Сарнай, Дэлгэр эгчийн данс руу шилжүүлсэн өөр олон шилжүүлэг бий. Дээр нь хоёр сар байр түрээслэсэн. Сарын түрээс нь 500 мянган төгрөг. Өөрөө яагаад санхүүгийн тайланг лавлаж асуугаад байгаа юм бэ.
-Иргэдэд зөв ойлголт өгөх үүднээс дэлгэрэнгүй мэдээллэвэл зүгээр юм болов уу.
-Санхүүгийн бүх тайланг фэйсбүүк хуудаст ил тавьсан. Ер нь яг ямар зорилгоор надтай ярилцлага хийж байгаа юм бэ. Намайг шүүх гээ юү.
-Үнэн, худлыг шүүх тогтоох байх. Бидний хувьд нөхцөл байдлыг тодруулах гэсэн юм. 
-Хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж хэлээд байхад хүн болгон надаас мөнгө асуух юм. Мөнгө чухал юм уу. Би өөрийнхөө хүсэлтээр аудитын шалгалт хийлгэнэ. Телевизийн сэтгүүлчид над руу дайрч, давшилсан. Ингэж болохгүй байх аа. 
-Хандивын 46 хайрцгаас хэдэн хайрцгийн мөнгийг Дэлгэр рүү шилжүүлсэн юм бол?
-20 хайрцгийн мөнгийг нь би шилжүүлсэн. Гэтэл бас шилжүүлээгүй гэж ярьж байна лээ.
-Байрны түрээс гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Хандивын аян өрнүүлсэн хоёр сарын хугацаанд Дэлгэр эгчийн найзынх нь байрыг түрээсэлсэн. Тэнд таниулах материал, хандивын хайрцаг зэргээ байрлуулахаас гадна өөрсдөө аяныхаа ажлыг төлөвлөдөг байсан юм.  
-Баасандоржийн хэлснээр Ц.Сарнайд итгэж болохгүй нь гэж бодож судалсан юм уу. Эсвэл өөр зүйл нөлөөлсөн юм уу?
-Баасандоржийн үг нөлөөлсөн. Тавдугаар сарын 25-ны өдөр Сарнай эгчийнд Дэлгэр эгч бид хоёр очсон юм. Гэтэл хашааны гадаа нэг эмэгтэй хэрүүл хийхээр нь гараад очтол Баярмаа гэдэг эмэгтэй “Та нар хүүхдийн нэрээр мөнгө хийж болохгүй. Худлаа ярихаа больцгоо” гэж уурлахаар нь гайхаад асуутал “Архи уудаг, хүүхдүүдийг зоддог. Хүүхэд хооллодог гэдэг нь худлаа” гэж хэлэхээр нь хар авсан юм. Тэгээд л хүүхдүүдийн ар гэр, Баасандорж, Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийнхөнтэй уулзсан. Баасандорж гуайтай уулзахад “М.Сарнай маш залхуу. Ажилдаа бараг ирдэггүй. Орондоо хүн явуулж ажиллуулдаг байсан учир аргагүйн эрхэнд ажлаас нь халсан” гэж хэлсэн. Эндээс л жүжиг тоглож байна гэдэг  ойлголт төрж, цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн. Би фэйсбүүк хуудастаа яагаад мэдэгдэл гаргасан бэ гэхээр, нэгдүгээрт, Дэлгэр эгчид “Ийм, ийм асуудал байна. Зогсоовол яасан юм бэ. Хүмүүсийн мөнгийг буцааж өгье” гэхэд “Үгүй ээ, заавал үргэлжлүүлнэ” гэсэн. Дараа нь төвийн шав тавихаас хоёр хоногийн өмнө Дэлгэр эгчтэй ахиж уулзахад бас л зөвшөөрөөгүй. Хоёрдугаарт, Зам, тээврийн яамнаас Сарнай эгчид Биокомбинатад олгосон газрыг тэгшилж өгнө гэхээр нь “Битгий хохироосой” гэдэг үүднээс пост оруулж, маргааш нь цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гарсан. 
-Тэр болтол “Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагын дансаар Сарнайд гэж хаягласан бүх мөнгийг шилжүүлсэн гэсэн үг үү?
-Бүгдийг шилжүүлсэн. 
-Баримт нь бий юү?
-Эх хувийг нь цагдаад өгсөн. Хуулбарыг нь одоо харуулж болно. “Санхүүгийн шалгалт хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг Дэлгэр эгч гаргасан гэсэн. Шалгах юм уу, үгүй юм уу, бүү мэд. Хэрвээ холбогдох байгууллагаас шалгахгүй бол би өөрөө хүсэлт гаргаж шалгуулна. Эд нар зөвхөн мөнгө л яриад байх юм. Уг нь мөнгөнөөс илүү хүүхдийн аюулгүй байдал чухал баймаар юм. 
-“Хүүхдийн хүчирхийлэл үнэхээр байна уу, үгүй юү”, нөгөө талаасаа М.Сарнай, Ц.Сувд-Эрдэнэ, С.Дэлгэр нар мөнгө “идсэн” үү, үгүй юү гэдэг асуудал иргэдэд чухал байгаа. Өөрийн чинь хувьд нэг ч төгрөг үлдээлгүй бүгдийг нь шилжүүлсэн гэсэн үг үү. Цаана нь үлдэгдэл бий юү?
-Одоо тэдэн рүү шилжүүлэх ёстой ямар ч мөнгө байхгүй. Хандиваар ирсэн 30 сая төгрөгийг бүгдийг нь шилжүүлсэн. Би танд нэг бичлэг үзүүлье... 
-Энэ бичлэг ямар учиртай юм бэ. Юун эмэгтэй орон сууцны маргаан яриад байна вэ?
-Дэлгэр эгчийн ахынх нь эхнэр. Ахыгаа эхнэрээс нь салгахдаа байрыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад банкны барьцаанд тавьчихсан. Маш их өртэй. “Наран” зоогийн газрынхаа түрээсийг өгөлгүй баривчлагдсан түүхтэй юм билээ. Ганц энэ ч биш. Цаана нь хамаатныхаа хэд хэдэн хүний орон сууцыг хуурч авсан гэсэн. 
-Та ар гэрийнхэнтэй нь холбогдсон юм уу?
-Өөрсдөө надтай холбогдсон. Утсаар ярьсан бичлэг нь энэ байна. Дэлгэр эгчтэй холбоотой асуудлаар би яриад хэрэггүй болов уу. Ах, дүүс нь удахгүй хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн. Тэр үеэр мэдээлэл аваарай.  Хамгийн гол нь хүний тархи угаахдаа гаргуун хүн. Эхлээд 500, дараа нь 200 мянган төгрөг Дэлгэр эгчээс авсан юм. Ямартай учиртай гэхээр хандивын аянд ажилласан хоёр хүнд өдрийн 10 мянган төгрөгөөр цалин гэж өгсөн. Тэр хоёр хүн мөнгө хүлээж авсан баримт нь бий. Хандивын хайрцагтай мөнгөнөөс 80 мянган төгрөг дутахад хамт ажиллаж байсан охиныг авсан  гэж гүжирдсэн. Өөрөө авсан ч юм билүү, бид яаж мэдэх вэ дээ. Ямар нэг асуудал үүсэхээр л “Үгүй, үгүй хөөрхөн өө. Би тэгээгүй шүү дээ, хөөрхөн өө” гэдэг. “Худалч хүний хөөрхий олон” гэдэг байх аа.   
-Хандивын мөнгөөр машин худалдаж аваад эргүүлж зарахдаа мөнгийг нь буцааж данс руу хийгээгүй юм биш үү?
-Өнгөрсөн гуравдугаар сард аяны хүрээнд гишүүнчлэлээ бүртгэж, ажилдаа орсон юм. Хандивын хайрцгаа бариад албан байгууллагаар явдаг байлаа. Хандивын аянд оролцсон гишүүдийн мөнгөнөөс хоёр сая гаран төгрөгөөр нь тааруухан машин худалдаж авсан юм. Гэтэл өнөөх нь явдаггүй ээ. Засварт нэлээд хэдэн төгрөг орсон. Аргагүйн эрхэнд авсан үнээсээ бүр доогуур арай чүү зарсан. 
-Мөнгийг нь Ц.Сарнайд буцааж өгсөн юм уу. Машинаа хэний нэр дээр авсан юм бэ?
-“Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагынхаа нэр дээр авсан. Зарсан мөнгөө үйл ажиллагаандаа зарцуулсан. Тухайн үед ийм машин авлаа гээд зарлах гэтэл эвдэрчихсэн. Тэгтэл машины мөнгө идэж, уусан гэж ярьсан. Би сангийн мөнгөнөөс 100 төгрөг ч идээгүй. 
-Дэлгэр, Сарнай хоёртой санхүүгийн асуудлаа цэгцэлчихээд олон нийтэд мэдээллэхгүйгээр чимээгүйхэн холдоё гэж бодож байв уу?
-Тэгж бодсон үе бий. Гэхдээ хэтэрхий амиа бодсон зүйл болно. Хүүхдийн эрх зөрчигдөж байгааг хүмүүс мэдэх ёстой. 
-Өөрт чинь санхүүгийн тогтвортой эх үүсвэр алга. Дээр нь орон байр алга. Ийм байхад өөрийнхөө амьдралыг дээшлүүлж, хүүхдүүдтэй хамт амьдрахаа бодсон нь дээр юм биш үү. Заавал ийм зүйлтэй хутгалдах ямар шаардлага байгаа юм бэ?
-Бодолгүй яах вэ. Хэрвээ “Сарнай” төвийн бүтээн байгуулалт төлөвлөсний дагуу үргэлжилсэн бол магадгүй би тэндээ ажиллаад цалинжих байсан байх. Төлөвлөгөөний дагуу хүүхэд харах төвийн хажууд ээжүүд байрлах гэртэй. Мөн вакум цонхны үйлдвэр, оёдлын үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй байсан. Одоо энэ бүхэн хэрэгжих боломжгүй болсонд харамсч байна. 
-Цаашид энэ төрлийн ажил хийх үү?
-Хүмүүнлэгийн аян дахин хийнэ. Энэ зэргийн юманд шантрахгүй. 
-Хүмүүс чамд ахиад итгэх болов уу гэж бодож үзсэн үү?
-Хүнийг харддаг хүн өөрөө асуудалтай байдаг. Надад итгэдэг, дэмждэг хүн олон бий. 
-Яах гэж ийм хандивын аян эхлүүлэв дээ гэж харамсч байна уу?
-Харамсах ч юу байх вэ. Алддаггүй хүн гэж байхгүй. Сарнай эгчийг сайн судлаагүй нь миний буруу байх. 
-Сувд-Эрдэнэ гэдэг бүсгүй ажил хийхгүй хэрнээ байр түрээслэдэг. Хүүхдүүдээ өөрөө өсгөдөггүй хэрнээ бусдад туслая гэдэг. Өөрийн хүүхдээ өсгөж чадахгүй байж яаж бусдын хүүхдийг хайрлах юм бэ. Хандив тусламжийг амьдрах хэрэглүүрээ болгочихсон гэдэг. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Би ажил хийхгүй биш хийдэг. Төрсөн эгчтэйгээ хамт амьдардаг. Байрны түрээст сард 400 мянган төгрөг өгдөг. Мэдээж эгчтэйгээ хувааж хийдэг. Намайг боломжгүй үед эгч маань ганцаараа төлбөрөө хийдэг. Миний хувьд интернэтээр эрүүл мэндийн бүтээгдэхүүний захиалга авч борлуулдаг. Эмчилгээний оо, саван гээд олон төрөл бий. 
-Ямар нэртэй сүлжээ юм бэ?
-Нэрийг нь хэлээд хэрэггүй байх.
-Хүүхдүүд чинь хадам аав, ээж дээр чинь байдаг гэсэн. Өөрөө өсгөх бодол бий юү?
-Эх хүн болгон л үр хүүхэдтэйгээ хамт амьдрахыг хүсдэг. Би ч ялгаагүй. Хоёр том хүүхэд маань зуны амралтаараа над дээр ирдэг. Бусад үед хадмуудтай амьдардаг. Харин бага хүүхэд маань ой гарантай. Фэйсбүүк найзууд маань сайн танина. Нөхрөөсөө яагаад салсан бэ гэж битгий асуугаарай. Хүний л амьдрал болсон хойно янз бүрийн асуудал гарна. Би итгэж найдаж хүлээсэн. Даанч миний итгэлийг даагаагүй. Хадмуудтайгаа яг л төрсөн ээж, аав шигээ харилцаатай байдаг. 

Үндэсний шуудан сонин