Шинэ эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд хоёр сар 28 хоног болж байна. Гэвч энэ хууль зарим нэгэнд нь хэт эрх мэдэл олгож, зарим нэгнийх нь эрх үүргийг хязгаарласан байна. Үүнийг зөвхөн цагдаа, прокурорын байгууллагаар жишээ татан хүргэе.

Өмнөх эрүүгийн хуулиар цагдаагаас сэрэмжлүүлэх зорилгоор гэмт хэргийн тухай мэдээллийг хуулийн хүрээнд хүргэдэг байв. Цагдаагийн байгууллага мэдээлэл авахыг хүссэн сэтгүүлчдэд түргэн шуурхай үйлчилдэг байлаа. Харин шинэ эрүүгийн хуулиар гэмт хэргийн мэдээллийг прокурорын “үзэмжээр” олон нийтэд мэдээлэх эсэхийг шийдэхээр болсон. Цагдаа мэдээлж болохгүй. Мэдээлэхгүй байх үүргийг  прокурорын газраас нэг албан бичиг гаргаад зохицуулсан.

Ингэснээр гэмт хэргийн мэдээллийг нэг бол прокурорын хэвлэл, эсвэл хяналтын прокуророос авна. Тухайн прокурор мэдээлэл өгөхгүй гэвэл олон нийтийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн  байгууллагууд сэрэмжлүүлэх, мэдээлэх үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч байна.  

Прокурорын хэвлэлээс нь зөвшөөрөл авч хяналтын прокуророос мэдээлэл авах гэхээр өнөөх нь халгаадаггүй, утсаа авдаггүй, төвөгшөөдөг, мэдээлэл өгөхгүй хэмээн  бусдад уурласан уураа сэтгүүлчдэд гаргаж байх жишээтэй.  Мэдээлэл авахын тулд сэтгүүлчид албан бичгээр прокурорын байгууллагад хандах юм бол  нэг юм хариу ирэх л байх. Гэхдээ албан бичгийн хариу ирэх гэсээр байтал мэдээллийн ач холбогдол нэгэнт алдагдсан байх болно.  

Прокурорын эрх мэдэл нь хэтийдсэн нэг зүйл бол хүний гэм буруутай эсэхийг прокурор шийдэж байгаа явдал. Уг нь хүний гэм буруутайг шүүх тогтоодог. Гэтэл хүнийг гүтгэсэн эсэхийг Зөрчлийн хуулиар шалгахдаа прокурорын үзэмжээр шийдэхээр болсон. Үүнд цагдаагийн санал огт хамаагүй.  Өөрөөр хэлбэл иргэн таныг гүтгэсэн эсэхийг шалгах эсэхийг прокурор шийднэ. Шалгахаар болвол хэн нэгнийг гүтгэсэн эсэх гэм бурууг прокурор үзэмжээрээ шийднэ.  

Прокурорт хэт их эрх мэдэл төвлөрсөн тул  ачааллаа дийлэхгүй байх магадлалтай. Харин цагдаа нь туслахын туслахын үүрэг гүйцэтгэгч болж хувираад байгаа. Хуулийн байгууллагуудын аль нэгэнд нь ингэж хэт их эрх мэдэл олгох нь буруу тогтолцоо гэдгийг УИХ-ын хуульч, эрх зүйч гишүүд анхаарч Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад анхаарна уу.