Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, үйлдвэрийн Залуучуудын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь  байгууллагын хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтын гэрээнд тэднийг төлөөлөн санал оруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,  цех хэсгийн үйл ажиллагааг дэмжих, уламжлалт өв соёлыг дэлгэрүүлэхэд оршиж байна. Талууд залуучуудын тулгамдсан асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, сурч боловсрох, шинийг эрэлхийлэх, санаачлах, бүтээлч үйлсийг дэлгэрүүлэх, тэднийг урамшуулах, сурталчлах талаар хамтын дэмжлэг үзүүлэх, урлаг спортын  арга хэмжээг нэгдсэн зохион байгуулалттай хамтын шийдвэрээр явуулахаар санамж бичигт тусгажээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан  “Уурхайчин залуу” нөхөрсөг уулзалт, хэлэлцүүлэг, “HARD GAME-2018” хөгжөөнт тэмцээн, “Оюунлаг залуу” уралдааныг үйлдвэрийн Залуучуудын холбоо санаачлан зохион байгуулсан байна. “Уурхайчин соёлын ордон, Монголын оюун ухааны академитай хамтран зохион байгуулсан  Оюун ухааны анхдугаар уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин залуус маш идэвхтэй оролцлоо. Тэдний дунд ой тогтоолтын спортыг дэлгэрүүлэх, оюуны алжаалыг тайлах, үйлдвэрийн түүхэн үйл явдлын талаар мэдлэг, мэдээлэл түгээх, олон улсын оюуны спортын тэмцээнд баг бүрдүүлэн оролцох зорилготой явагдсан нь энэ уралдааны онцлог байлаа.” гэж албаны хүн ярилаа.