---Сонгуулийн дараа хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэх нь ээ---

Манайд төр засгийн удирдлагуудад сонгууль эсвэл өөрсдөд нь хамаатай ямар нэг тэмдэглэлт ой болохоор хууль дүрэм үйлчилдэггүй жишиг тогтоод удчихлаа. Энэ нь сүүлдээ ужгирсаар түүнд нь ч ард иргэд ундуйцах нь бүү хэл дасах маягтай болж байх шиг.

Дэлхийн дахиныг түгшээсэн коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдэж, 270-аад хүний халуун амь үрэгдэж, 50 гаруй мянган хүн цар тахлаар өвчилсөн. Иймд халдварын эрсдэлийг хумихын тулд дөрвөн удаа хөл хорио тогтоож, үүнээс үүдэж, эдийн засаг, иргэдийн бизнес, амьжиргаа гээд бүхэлдээ доройтсон. Хэдий хүн амынхаа эрүүл мэндийг бодож шийдсэн гэж буй ч эдийн засгаа давхар авч явах ёстойгоо сая нэг ойлгоцгоосон.

Ингээд эрүүл мэнд, эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж буй ч өнөө хөөтэй сонгууль нь таарч, дахиад л халдвар хамгааллын дэглэмээ зөрчиж, дураараа дургиад эхэлчихлээ. Сонгуулийн сурталчилгааг халдвар хамгааллын дэглэм баримталж, явуулахаар холбогдох хууль, тогтоомж, журамд заасан ч үүнийг хайхарч байгаа улстөрч алга. Энд тэндгүй иргэдийг олноор нь цуглуулж, сүржин ая, хөгжим тавьж, баяр наадам болж байгаа аятай л бужигнацгааж байна. Сонгууль хүртэл хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийх энэ хүмүүсээс болж, өнгөрсөн дөрвөн удаа олон хоногоор хөл хорьсоны хэрэг гарахгүй нь. Коронавирусийн халдвар манайд буурахгүй байна. Халдварын тоо өдөрт 500-600 гаруй байгаа нь буурсан мэт харагдаж буй боловч шинжилгээг цөөхөн хүнээс авч байна.

Энэ нь ковидоор өвчилсөн хүмүүсийн тоог бага харагдуулаад буй юм. Жишээ нь, өдөрт 5600 хүнээс шинжилгээ авахад 539 тохиолдол илэрч, нас баралт байна гэдэг бол өндөр тоо. Өмнө нь 10 мянган хүнээс шинжилгээ авахад, халдварын тоо 1000 гаруй байсан. Одоо сонгуулийн сурталчилгаа хэмээн энд тэнд олон хүн цуглуулж байгаа нь коронавирусийн халдвар эргээд нэмэгдэх эрсдэлийг бий болгочихлоо. 

Улстөржсөн, талцсан, намчирхсан энэ байдлаас болж, сонгуулийн дараа дахин хөл хорио тогтоож мэдэхээр болсныг тархвар судлаачид хэдийнэ мэдэгдээд эхэлчихсэн. Ийм байсан ч манай улстөрчдөд өөрийнх нь эрх ашиг нэгдүгээрт аж. Тэд эрх ашгийн эрэмбээ ийн зөв дугаарлаагүй явж ирсэн учраас өнөөдөр төрийн хямрал үүсчихээд байна.Дэлхий дахинд хэдэн сая хүний амийг авч одсон коронавирусийн халдвараас үүдэж иргэдийн амьдрал болоод нийгэмд өчнөөн өөрчлөлт гарсан. Үүний зах зухаас нь жишээлье. “Ковид-19” цар тахлаас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар Монгол Улс зохих амжилт гаргаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хүний амь нас хохирсон тохиолдол цөөнгүй гарлаа. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хязгаарлаж, өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдал зарласан үед ажил үүргээ гүйцэтгэж буй эцэг эхийн ажил, цагийн хуваарийг оновчтой зохион байгуулаагүйгээс бага насны хүүхдүүд харж хандах хүнгүй гэртээ үлдэн ахуйн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, хатуу хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас иргэд нас барсан тохиолдлууд гарсан.

Түүнчлэн бэлэн байдлын үеэр үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад үүргээ гүйцэтгэх явцад нь тулгарсан гарцаагүй нөхцөл байдлын талаар шийдвэр гаргахдаа хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалахыг нэн тэргүүнд тавих, хүнлэг харьцах чиглэл өгөөгүй, багаар ажиллаж буй хэд хэдэн байгууллагын албан хаагчид хэрхэн шийдвэр гаргах зарчим, чиг үүргийн хуваарилалт, хамтын ажиллагааны уялдаа холбоо, мэдээлэл солилцох суваг тодорхой бус байснаас иргэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авч чадахгүй хугацаа алдсан, нас барсан зэргээр хүний эрхийн ноцтой зөрчил гарсан. 

Жишээ нь, эрүүл мэндийн хувьд зайлшгүй шалтгааны улмаас Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирсэн иргэнийг шинжилгээнд хамрагдаагүй гэсэн шалтгаанаар олон цаг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр саатуулсны улмаас иргэн эрүүл мэндийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан.Үүнээс гадна тусгай үүргийн нислэгээр ирж Корпорейт зочид буудалд тусгаарлагдаж байсан 39 настай иргэн “Т”, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хэсэгчилсэн хатуу хөл хорионд байсан иргэн “С” өндрөөс унаж, мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болж, Монголика зочид буудалд тусгаарлагдаж байсан 70 настай иргэн өрөөндөө тус тус нас барсан тохиолдол гарав. Эдгээр золгүй явдлыг гаднын нөлөөтэй эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж буй. Нөгөө талаас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий алба хаагчдын хайхрамжгүй байдал, хяналтаа бүрэн тавьж чадаагүй зэрэг зохих ёсоор нөлөөлсөн байж болзошгүй юм. Иймд төрийн байгууллагуудын оновчгүй зохион байгуулалт, уялдаагүй хамтын ажиллагаа, албан хаагчдын хүнлэг бус харьцаа, хандлага төрийн албаны бүх түвшинд илрэн гарч байгаа нь иргэн-төвтэй, хүний эрхийг дээдэлдэг төрийн алба, үйлчилгээг төлөвшүүлэх, ажлын арга барил, сэтгэлгээ хандлагын өөрчлөлт хийх, уян хатан, шуурхай зохион байгуулалт хийх шаардлага үүссэнийг энд дурдах ёстой.

Түүнчлэн “Ковид-19” цар тахлын үеэр коронавируст халдвар авсан хүнийг гутаан доромжлох, ялгаварлах, хүнлэг бус хандах тохиолдол гарсаар байна. Энэ нь нийгмийн хэвшмэл хандлага, коронавируст халдварын талаар шинжлэх ухаанд суурилсан үнэн зөв мэдээлэл хүртээмжгүй, халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байхад чиглэсэн сурталчилгаа, нөлөөллийн ажил хангалтгүйгээс халдвараас айж цэрвэх нийгмийн хандлага зонхилж буй юм.Мөн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын зохион байгуулалт тодорхойгүй, хүний эрхийн талаарх ойлголт дутмаг байгаатай холбоотой. Шинжилгээгээр коронавируст халдвар илрээгүй бөгөөд 14 хоногийн тусгаарлалтаас гарч гэртээ ирсэн дөрөв болон 17 настай хүүхдүүдийг гэрт нь оруулалгүй, хорооны байрны хонгилын ахмадын өрөөнд олон цаг тусгаарласан тохиолдол гарсан нь нийгмийн сэтгэлзүйд хүнлэг хандлага биш, айдас түгшүүр, үзэн ядалт зонхилж байгаагийн жишээ юм.

Мөн ... Нийслэлийн Өргөө амаржих газарт 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан мөн өдрийн 12 цагаас тус амаржих газарт хөл хорио тогтоож, хэвтэн эмчлүүлж байсан бусад эх, нярайг тусгаарлах, шинжилгээ авах, эмнэлгийн байрыг халдваргүйжүүлэх арга хэмжээ зохион байгуулсан. Мөн өдрийн 19 цагийн орчимд халдвар илэрсэн иргэн М-ийг нярайн хамт амаржих газраас Халдварт өвчин судлалын үндэсний төд шилжүүлэхдээ гадуур хувцас өмсгөлгүй, гэрийн халад, углааштай гадаа гаргаж, эмнэлгийн машинд суулгаж байгаа бичлэгийг “Ийгл ньюс” телевиз нэвтрүүлсэн. 

Түүнчлэн Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, консулын газрын үйл ажиллагаанд ч коронавируст халдвар авсан хүнийг ялгаварлан гадуурхсан зөрчил гаргасан байна.Энэ бол цар тахалтай холбоотой хоёр гуравхан жишээ. Хөл хорио тогтоож, дээр, дооргүй бүгд хүний эрхийн мэдлэг муутайгаасаа эрх зөрчсөн энэ мэт тохиолдол олон гарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр халдвар хамгааллын дэглэм зөрчин ийн дур зоргоор аашилж байгаа нь дахин ийм нөхцөл байдал руу авчрах вий гэх болгоомжлол байна. Уг нь нийтээрээ ковидгүй зуны төлөө хичээж байгаа юм сан.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН