Монгол Улсын гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


-Бодит амьдралын талаар ямар ч ойлголтгүй хүмүүс УИХ-д сууж байгаа нь тэдний хэлсэн үг, үйлдлээс ил цагаан харагдах юм. Хот хариуцсан сайд нь эм хайсан гэр хорооллынхон түгжрэл үүсгэж байна гэх утгатай үг хэлсэн. Ийм улстөрчид улс орныг удирдахын гор юу вэ?

-Ж.Сүхбаатарын тухайд хоёр дахь удаагаа УИХ-д сууж байгаа хүн. Өмнө нь Дархан-Уул аймгаас сонгогдож байсан байх. Энэ хүн замын түгжрэлийн асуудал шийдэхээр тэнд суусан гэж би ойлгосон. Түгжрэлийн асуудлуудыг шийдэхээр хэлсэн нь тэр болов уу. Үүний нэг шалтгаан нь гэр хорооллынхны олонх нь эм авдаг юм байх. Гэр хороололд эмийн сан хүрэлцээ муу байдгаас хотын төв рүү орж ирээд түгжрэл үүсгээд байна гэх зүйл хэлж байна лээ. Ж.Сүхбаатар ингэж ойлгосон. Үүнд өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа энгийн хүн үнэмшихгүй. Ийм зүйлийг юу бодож ярьсныг нь би мэдэхгүй юм. Өөрийгөө боловсролтой л гэж үздэг байх. Төгссөн сургуулиудыг нь баталгаатайгаар гаргаж тавих хэрэгтэй байх. УИХ-ын гишүүд дотоодын дөрөв, таван дээд сургуулиудыг угсруулаад төгссөн гээд бичдэг нь үнэмшил муутай. Магадгүй тэд диплом цуглуулдаг хоббитой байж мэднэ. Тийм улсын нэг нь Ж.Сүхбаатар юм уу л гэж дотроо санасан. Аптекаас эм авахаар явж байгаа улс түгжрэл үүсгэх ямар ч үндэслэл байхгүй. Ямар ч мэдлэг боловсролгүй хүнд түгжрэл үүсэх өөр шалтгаанууд байгаа. Тэр бүрийг би тайлбарлаж яриад яах вэ. Шийдвэрлэх эрхмүүд энгийн бидний ойлгож байгааг мэдэж байгаа биз. Ж.Сүхбаатар хэлье гэж хэлэв үү, хэл нь халтираад хэлэв үү.

-Төрийн жолоо барьж яваа улс амьдралаас тасархай байх шиг. Нийгэмд өрнөж байгаа асуудлыг хөндөхөд сонсохгүй байна л даа.

-Тэд сонсохгүй байна гэж юу байх вэ. Анхаарал хандуулахгүй байж мэднэ. Магад тэдэнд өөр эрх ашиг байж мэднэ. Засгийн газарт суугаа бүх хүн өргөн мэдлэг боловсролтой гэж үзэх ямар ч боломжгүй. Янз бүрийн аргаар албан тушаалд очсон улс ч тэнд бий.

-Хууль тогтоох дээд байгууллагад суусан улс эрдэмтэн, докторуудынхаа үгийг тоохгүй байна л даа. Наад захын жишээ дурдахад, импортоор орж ирж буй приусны шүүлтүүртэй янданг авсантай холбоотойгоор нийслэлийн иргэд хортой утаагаар амьсгалж байгаа асуудалд ач холбогдол өгч байгаа хүн төр засагт алга байх юм. Энэ талаар ойлголттой хүн ч ховор байна.

-Энэ асуудлыг би сониноос олж уншсан. Ноцтой асуудлыг хэвлэл мэдээлэл ухаж хөндөж гаргаж байгаа нь маш сайн. Приусны шүүлтүүртэй янданг аваад муу яндан хийчихдэг. Үүнийгээ тусад нь 800.000- 1.000.000 төгрөгөөр худалдаалж өчүүхэн ашиг хонжоо хайдаг улс байдаг гэх мэдээлэл надад бий. Манайд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 60-70 хувь нь приус маркийн тээврийн хэрэгсэл. Нарийн шүүлтүүргүй яндантай бол асар хортой утаа ялгарна. Энэ нь өөрөө хүн амын эрүүл мэндэд маш хортой. Үүнийг хариуцах тусгайлсан систем өнөөдөр манайд алга. Хүн ардынхаа төлөө санаагаа чилээдэг хүмүүс, сэтгүүлчид олуулаа бичээд явахад Засгийн газрын сонорт хүрэх байх. Хаа газрын засаг тийм сайн сонсголтой байдаггүй. Тэр тусмаа манайх том дэлбээтэй чихтэй байж болно. Гэхдээ сонсох чадвар нь бусад орнуудтай харьцуулахад дээгүүр байр эзэлнэ гэж би санахгүй байна. Таны хөндсөн энэхүү асуудлыг богино хугацаанд шийдэх нь чухал. Хуучин приусын импортыг хориглох ч юм уу гэх мэтээр шат дараатай арга хэмжээг авбал сайн.

 

-Өөр нэг асуудал нь эдийн засгийн гол эх үүсвэр уул уурхайн салбар дизель түлшний хомсдолын улмаас бараг зогсчихлоо. Ийм цаг үед бид Оросын гар хараад л сууж байх юм. Гуравдагч хөршөөс түлш авах асуудалд Засгийн газар хойрго хандаж байна, улстөрчид юу ч хийхгүй байна шүү дээ?

-Манайх дизель түлш, шатахуун үйлдвэрлэдэггүй. Гаднаас импортоор авдаг. Манайд нефть байгаа, байхгүй нь жич асуудал. Газрын дор нефть байлаа ч манайд боловсруулах үйлдвэр нь алга. Тийм учраас хэнээс яаж авах талаар төрийн түшээд нухацтай бодож байх ёстой. Дизель түлш хаанаас импортлох вэ гэдэг асуудалд бид найрсаг харилцаатай Японоос авна гэж саналтгүй. Япон бол өөрөө нефтийн түүхий эдгүй орон. Импортоор авчихаад бидэнд экспортолно гэдэг худлаа.

-Тэгвэл бид хаанаас импортолж болох вэ?

-Байгалийн түүхий эдээр баялаг, үүнийгээ боловсруулж экспортолдог орон гэвэл урд, хойд хоёр хөрш байна. Хятадын тухайд их хэмжээгээр экспортлох сонирхолгүй. Гэхдээ манайх шиг бага хэрэглээтэй улсад бол боломжтой. Харин ОХУ бол нефтийн бүтээгдэхүүнээ экспортолдог гол орнуудын нэг. Газар нутгийн тухайд ойр болохоор л манайх авдаг байх.

Гуравдагч орноос авч болдоггүй юм уу гэвэл Казахстанаас авч болох байх. Манай хөрш. Азербайжанаас гэвэл хэтэрхий хол. Ингээд тооцоход манайд сонголт ховор байгаа биз. Орос биш бол Казахстан л байж болох хувилбар. Казахстантай энэ талаар яриад гэрээ хэлцэл хийхэд тэд бэлэн байна уу, үүнийг хэлж мэдэхгүй. Энэ бол санаагаа хэлээд л шийдэх асуудал биш. Худалдаа арилжаа эрхэлдэг байгууллагууд нарийн тооцоолж Засгийн газарт тодорхой танилцуулж, шаардлагатай бол УИХ-аас зөвшөөрөл авах байдлаар л шийдэх асуудал. Дээшээ тэнгэр харж багаад тэгэх хэрэгтэй гэж байгаа бол гудамжны яриа. Энэ асуудал дээр Засгийн газар боломжуудыг хайж байгаа гэж найдаж байна. Гагцхүү хэр идэвхтэй ажиллаж байгаа юм бол доо. Засгийн газарт бурхад биш хүн л ажилладаг. Тэнд хувь хүний өөрийн эрх ашиг, улсын эрх ашиг, хамтрагчдынх нь эрх ашиг бас бий. Сүлжилдсэн эрх ашиг л байгаа. Энэ асуудлыг хариуцсан хүмүүсээс нь асууж ам өчгийг нь авах нь зөв болов уу.

-Хойд хөрш крантаа хаахад л манайх муухай царайлж байна л даа.

-Тэр үнэн. Манайх эдийн засгийн нарийн олон зүйлсээр хараат шүү дээ. Өөр гарц гаргалгааг хайж байгаа болов уу. Тэдний ажлыг мэдэхгүй болохоор нарийн хэлж мэдэхгүй юм. Үүнийг зохицуулахаар толгойгоо гашилгаж гэрээ хэлцэл хийж байгаа болов уу.