С.Эрдэнэ: Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон хурал дүрмийн бус. АН-ын даргын сонгуулийг албан ёсоор зарлалаа
2023/01/26
АН-ын даргын сунгааг зарлаж, XVI их хурлыг хуралдуулах болсон талаар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Манай нам энэ оны намрын чуулганаас эхлээд хэмнэлтийн буюу сүүдрийн парламентыг бий болгох ажлыг эхлүүлсэн. Энэ чиглэлээр 11 бодлогын хороо байгуулж, үйл ажиллагаа эхлүүлсэн. Үндэсний бодлогын хорооны хурал 14 хоног тутамд тогтмол хуралдаж ирлээ.
Парламентын үйл ажиллагааг хянах ажил багагүй амжилтад хүрлээ гэж харж байна. Хаврын чуулганд зориулж бид хуралдана" гэдгийг хэлэв.
АН-д үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор "АН-ын нэрийг барьсан үйл ажиллагаа олон явагдаж байна. УИХ-д намын нэрээр сонгогдсон зарим гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, эрхэм гишүүнийхээ алдар хүндийг унагасан үйлдэл гаргасанд харамсаж байна. Бүлэг гэдэг бол намын хууль ёсны бүтэц биш юм. Хууль дүрмээ уншдаггүй, улс төрийн зорилгоо ойлгоогүй гишүүд өөрсдийн эрх ашгаа дэндүү ихээр бодож байна. АН-аас сонгогдсон гишүүд болчимгүй үйлдэл хийж буйд харамсаж байгаа. Тэдний зохион байгуулсан гэх Үндэсний бодлогын хорооны хуралдаан, их хурал нь бүгд дүрмийн бус. Дүрэмд байхгүй заалтуудыг үндэслэж хуралдаан зохион байгуулсан туйлын харамсаж байна.
2022 оны УИХ-ын сонгуульд ямар луйвар орсныг ард түмэн мэдэж байгаа. Энэ нөхцөл байдалд бид сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байна. Хоёр жилийн хугацаанд бидэнд сөрөг хүчний үүргээ биелүүлэх боломж байгаагүй. Цар тахлаар далимдуулсан хууль гаргаж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн намуудын үйл ажиллагааг боомилох замаар эрх баригчид ажилласан. Сөрөг хүчний үүргээ биелүүлэхийн төлөө цаашид илүү идэвхтэй ажиллана.
АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ-ын зарим гишүүний явуургүй үйлдэл намын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй" гэсэн юм.
Намын даргын сонгуулийн асуудлаар "Хууль ёсны дотоод сонгуулийн дүрэмд үндэслэн АН-ын даргын сунгааг зохион байгуулах тушаалыг гаргасан. Энэ чиглэлээр дотоод сонгуулийн хороонд чиглэл өглөө. Өчигдрөөс эхлээд намын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлж байна. Өмнө нь зарлагдаж байсан намын даргын сонгууль дүрмийн бус, дотоод сонгуулийн журам зөрчсөн зүйл гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
АН-ын бүлгээс хурлаас зохион байгуулсан эв нэгдлийн хурал бас дүрмийн бус. Ийм хурал явуулах дүрэм байхгүй.
Миний хувьд 2020 оны долдугаар сард дүрмийн дагуу тухайн үед дэд дарга байсан Ц.Туваанд намын тамга, үүргийг чиг үүрэг болгож өгсөн. Ямар нэг эрх шилжүүлж, албан тушаалд томилоогүй. Харамсалтай нь миний өгсөн чиг үүргийг өөрчилж, тэр үеийн ерөнхийлөгчтэй хамтарч, дүрмийн луйвар хулгай хийх замаар асуудлыг шийдэх гэж оролдсон. Миний хувьд тамганы хууль ёсны эзэмшигчийн хувьд Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож, шинээр гаргуулж авсан. Намайг яагаад намын даргаар бүртгэснийг бүртгэлийн газраас асуу. Эрх бүхий байгууллагууд хариулъя.
Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон гэдэг хурлыг хэн зарласан юм бэ? Хэн дуртай нь намын даргын сонгуулийг зарладаг юм уу? Энэ нам чинь дүрэмтэй, өөрийн гэсэн дотоод зохион байгуулалттай. Намын бүрэн эрхэд хэн дуртай нь халдаггүй юм. Хүсээд байгаа бол хүрч ирээд энэ сунгаанд оролцож болно. Ганцхан нэр дэвших шаардлагаа хангасан, дүрмийн зөрчилгүй байх ёстой" гэв.