Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэл хийлээ.

 

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх А.Бямбажаргал "УИХ-аас олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль үүнийг дагалдуулан нэр бүхий дөрвөн хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулиудыг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсныг та бүхэн мэдэж байгаа.

УИХ-ын дарга эдгээр хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ёсчилж ЕТГ-т нэгдүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр хуулийг ирүүлсний дараа Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Энэ хүрээнд нэр бүхий хуулиудад дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байгаа.

  1. Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьж хэлэлцэж эхэлснээс хоёр хоногийн дотор уг хуулиудыг баталсан. Энэ баталсан байдал нь иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг аваагүй. Үндсэн хуулийн 26.2 дахь хэсэгт заасан иргэд, байгууллага бусад хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжилна, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн. Энэ зөрчил нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэг дэх ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа.
  2. Үндсэн хуулийн 19.1-т төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Мөн Үндсэн хуулийн 19.3-т хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан байдаг.  Энэ хүрээнд цаашид УИХ хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжийг батлахдаа хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн оролцоог сайтар хангаж, хууль дээдлэх суурь зарчмуудад нийцүүлэн батлах ёстой гэж үзэж байна.

Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх нь хуульд хориг тавих. Хуульд хориг тавих хугацаа хэрхэн зохицуулагддаг талаар мэдээлэл өгье.  УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45.5 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Уг хуульд хориг тавих сүүлийн өдөр хоёрдугаар сарын 1-ний өдөр дуусах юм. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 26-нд Ерөнхийлөгч хүлээн авсан.

Хуулийг дагаж мөрдөх хугацааг хууль тогтоогч батлахдаа 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн хориг тавьж болох Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдах байдлаар зохицуулсан байгааг хэлье" гэв.

ШУУД ҮЗЭХ: