Т.Бадамжунай "Чингис хаан" ОУНисэх буудалд газардсаны дараа АТГ-аас баривчлах тогтоолыг уншиж танилцуулсны дараа саатууллаа.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "БНСУ-д хуралдсан Энэтхэг, Номхон далайн бүсийн ардчиллын уулзалтад оролцсон. Авлигатай тэмцэх чиглэлээр бие биедээ туслалцаа үзүүлэх чиглэлээр хуралдсан. Гадаад хэргийн болон хууль зүйн сайд нарын түвшинд харилцан дэмжлэг үзүүлэх тухайд уулзалт болсон.

Дараа нь Филиппин улсад очиж, харилцан туслалцах гэрээгээр хамтран ажиллах хүсэлт өгсөн. Визний нь хугацааг дуусгах, дансыг нь царцаах хүсэлт өгсөн. 10 гаруй цаг үргэлжилж, албадан саатуулсан. Өөрөө Монгол руу ирэхээс татгалзах зүйлгүй гэсэн.

Дөнгөж сая АТГ-аас түүнд баривчлах шүүхийн тогтоолыг танилцуулсан" гэлээ.

Түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар Авлигатай Тэмцэх Газрын дарга З.Дашдаваа "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт хамруулан шалгаж байгаа. Энэ нь авлигын гэмт хэрэг юм.

Яллагдагчаар татаад, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Тухайн хүний хувьд шалгагдаагүй гараад явсан. Өнөөдрөөс эхлээд түүнийг шүүхээс сэжигтнээр баривчилсан байна. Процессын ажиллагаа хуулийн дагуу явагдана. 

Гаднын оронд гарсан буцааж авчрах талаар олон ажиллагаа хийгдсэн. Манай улсын хувьд эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй байдаг. Гэрээтэй орнуудаас иргэдээ шууд шилжүүлэн авах боломжтой. Конвенцын хүрээнд харилцан мэдээлэл солилцоод, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг шилжүүлэн авчирч байна. Түүнийг 2018 онд шалгаж эхлээгүй байсан" хэмээв. 

Түүнчлэн "Дараагийн удаа гадаадаас авчрах 20 орчим хүний нэрийг гаргаад байна. Тодорхой үр дүнд хүрэх байх. Хэрэгт сэрдэж хүнийг шалгана. Тухайн иргэдийн гэм бурууг зөвхөн шүүх шийднэ" гэдгийг хэллээ.