АН-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

АН-ын 33 жилийн ой боллоо. Энэхүү хугацаанд АН маш олон сорилтуудтай нүүр тулсан. Өнөөдөр ч туулаад явж байна. АН-ын өнгөрсөн 33 жилийг та юу гэж дүгнэх вэ? 

АН-ын өнгөрсөн 33 жилийн үйл ажиллагааны үр дүн юу байв гэдгийг бодитой дүгнэж ярих ёстой. Миний хувьд бол АН нийгмийг, хүмүүсийн оюун санааг өөрчилж чадсан маш үр дүнтэй он жилүүд байсан гэж харж байна. Гэтэл өнөөдрийн 50 настнууд бол эдүгээгийн энэ том өөрчлөлт, ардчилал, эрх, эрх чөлөө, шударга ёс, дэлгүүрийн лангуу дүүрэн байгаа, гадаад руу дуртай үедээ аялж байгааг, гар утас хэрэглээд дэлхийн мэдээллийг авч байгаа энэ орчин нөхцлийг угаасаа л байсан мэтээр бодож байна л даа. Үгүй шүү дээ. 33 жилийн өмнө огт байгаагүй зүйл. Үндэсний болон гадаадын ОРТ гээд ганцхан хоёрхон телевизийн сувагтай, гурав, дөрөвхөн сонинтой, шугамын нэг радиотой, нэг л загварын мэдээлэл дунд амьдардаг байсан. Энхрий хайрт намаа шүтдэг. Шүүмжилбэл хэлмэгддэг, ажил, амьдралгүй болдог байсан. Эдгээрийг өөрчилсөн нь энэ 33 жилийн түүх.

 

Монгол улсын геоулстөрийн нөхцөл байдал өнөөдөр ямар нөхцөлд байна вэ? 

 

Маш эмзэг байна гэж санаа зовдог. Ер нь бол хүн бүрийн хариуцлагатай л холбож харж байна. Яагаад гэвэл асар их цэрэгжсэн хоёр том хөрштэй. Дайн, байлдаан, түрэмгийллийн ямар ч хэлбэрт шилжихэд бэлэн авторитар дэглэмтэй хоёр улс байна. Энэ дунд байх 3 сая хүн амтай манай улсад тусгаар тогтнол гэдэг зүйл туйлын чухал. Тусгаар тогтнолоо яаж хамгаалах вэ?

Сүүлийн 300 жил Монголчууд ерөнхийдөө гадны колони байсан шүү дээ. Үүлэн чөлөөний нар мэт богинохон боломжийг ашиглаж, 1990 оны цагаан морин жил Монголчууд жинхэнэ утгаараа эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авч чадсан. 

Бид хэнээс ч асуухгүйгээр гадаад бодлогоо өөрсдөө тодорхойлдог болсон. Алдаа, оноотой ч өөрийнхөөрөө амьдарч байна. 

 

Тэгэхээр ирээдүйд энэ тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хадгалж, хамгаалья гэвэл ардчиллаа бэхжүүлэх ёстой. Гуравдагч хөршүүдтэй тогтоосон харилцаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй. Ингэж байж тусгаар тогтнолынхоо аюулгүй байдлыг хангаж чадна. Украин яг энэ замаар, олон улсын хүчин чармайлт, дэмжлэгээр тусгаар тогтнолоо хамгаалж байна. Украины асуудал дэлхийн хэмжээний асуудал болж байна. Энэ олон улсын хамтын зүтгэл нь Оросыг өнөөдөр хазаарлаж чадаж байна. 

 

Бид ч гэсэн ялгаагүй ардчилалтай, олон улсад өөрийн гэсэн орон зайтай байж чадах юм бол гуравдагч хөршүүд биднийг хамгаалах боломж гарч ирнэ. 

Хоёр хөрш маань түүхийн маш том сургамжууд авч байна шүү дээ. Жижиг буурай орныг түрэмгийлэх юм бол дэлхий нийтийн зүгээс ямар том эсэргүүцэлтэй тулах юм бэ гэдгээ харж байна. 

Ингээд бид геополитикийн хувьд зөв бодлого явуулж чадах юм бол үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалж чадна. Тусгаар тогтносон улс байж байж бид хөгжинө. Монголд дутагдах юм алга. Бид хүн амаа өсгөх бодлого барих хэрэгтэй. Туйлын чухал зүйл бол хүн бүр эрх чөлөөтэй, хариуцлагатай байх ёстой. 

Финланд сая НАТО-д элслээ. Манайхтай адил хүн ам цөөтэй. Ингэснээрээ аюулгүй байдлаа хангаж, түрэмгийлэгч хөрш орноосоо айхааргүй боллоо. Манайх ч мөн адил улстөрийн, геополитикийн ухаантай, урлагтай бодлого явуулж чадах юм бол үндэснийхээ аюулгүй байдлыг хангаж чадна. Ингэсний дараа хөгжлийн асуудлыг яаж л бол яаж ярьж болно. Монголын ирээдүй гэрэлтэй байна. Гэхдээ маш эмзэг байна.

 

Монголын дотоод улстөрийн таагүй нөхцөл байдал нь гадаадаасаа дутахааргүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд байна уу? Том гүрнүүд жижиг орнуудыг “дарамталдаг” шиг манай эрх баригч намын зүгээс бусад намуудынхаа дотоод асуудалд орох, хутгалдах үзэгдэл газар аваад уу?  

 

Ер нь геополитикийн нөлөө манай дотоод улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогод маш хүчтэй нөлөөллөө үзүүлж байгаа. Ийм ил тод зүйлийг бол нуугаад байх шаардлага байхгүй. Манай эрх баригч нам бол хойд хөршийн шууд хараат байдалд л байгаа шүү дээ. Яагаад энэ дайныг эсэргүүцэж чадахгүй байгаа юм бэ? Яагаад НҮБ дээр түдгэлзсэн санал өгөөд байдаг юм бэ? Өнөөдөр яагаад Оросын төлөөний байгууллагууд ийм эрх дархтай байгаад байгаа юм бэ?

 

Тэр бүү хэл манай зарим нэг ардчиллын нэр барьсан улс төрчид хүртэл, би шууд хэлье л дээ, Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас өгсүүлээд Оросын төлөөний тагнуул, туршуулын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, Монголын эрх ашгийг сүүлийн 10 гаран жил Оросын талд ашигтайгаар эргүүллээ. Монголын бүх боломжийг 10 гаран жил алдууллаа шүү дээ.

 

Магадгүй бид уул уурхайн бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэсэн бол хичнээн тэрбум долларын ашиг олж болох байв. Хичнээн олон мянган хүний амь нас, эрүүл мэнд үрэгдэхгүй байхаар байв. Монголын эдийн засаг, Монголчуудын орлого, цалин, мөнгө яаж өсөх байв? Гэтэл манай төрийн эрх мэдэлтнүүд хэдэн их наядаар нь луйвар хийлээ шүү дээ. Энэ бүх луйврын боломж, хичээлийг хойд хөрш манайд зааж өгч байна гэж би харж байна. Хойд хөрш угаасаа энэ талдаа гарамгай, гаргуун улс. 

Манайх энэ буруу зүйлийг дуурайдгаа болих хэрэгтэй. Яагаад гуравдагч, дэлхийн хөгжилтэй орнуудын улстөрчидтэй адилхан бодож, сэтгэж, улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэл тавьж болдоггүй юм. 

Үнэхээр Монголын улс төрд гадны, тэр дотроо Оросын нөлөө маш хүчтэй байгаа. Мэдээж Хятадын нөлөө ч бий. Энэ хоёр улсын нөлөө байгаа шүү дээ. Гэхдээ Оросын нөлөө бараг 70, 80 хувь нь байгаа гэж харж байна. 

 

 

Таны хувьд Орос, Монгол, Хятадыг холбосон хийн хоолойн асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

Би бол 100 хувь эсрэг байр суурьтай. Угаасаа манайх хийн ордтой шүү дээ. Түүнийгээ нээ л дээ. Өндөр хөгжилтэй орнууд тэр хийг хамтран ашиглах гээд ороод ирэхээр манай энэ нацист бүлэглэлүүд, Оросын гар хөл болсон нөхдүүд  янз бүрээр дарамталж, айлгадаг, эд хөрөнгийг нь эвддэг. Ийм байвал яаж гадны хөрөнгө оруулалт орж ирэх юм бэ. Яаж энэ улс орон чинь хөгжих юм бэ?

Хийн хоолой Монголд байж болохгүй. Яагаад гэвэл төмөр зам тавиад манай эко орчин маш их эвдэрсэн шүү дээ. Нэгдүгээрт, хийн хоолой Монголын газар нутгийг яг голоор нь хуваана. Тэгээд хийн хоолойн аюулгүй байдлыг хамгаалж байна гээд цэрэг дагаад ороод ирнэ. Цэргийн хамгаалалттай бүс бий болно. Тэгээд зүүн аймгаас баруун аймаг руу явахын тулд Оросоос виз авах юм уу? Хамгаалалтын газраас нь зөвшөөрөл авах юмуу гэх мэт  тооцоогүй маш олон сөрөг үр дагавар гарна. Хоёрдугаарт; Хятад Бутанд хийн хоолойгоо хамгаална гээд цэргээ оруулж байсан шүү дээ. Олон улс юу ч хэлээгүй. Бутан өөрөө ч яаж ч чадаагүй. Монголд тийм зүйл болохыг үгүйсгэхгүй.

Манайд хэдэн зуун жилийн нөөцтэй метан хийн ордууд байна шүү дээ. Төр засгаас үүнийг дэмжихгүй байна. Яагаад гэвэл Оросоос заавал юм оруулах гээд байна. Би бол тэгж хардаж байгаа.

 

Л.Гантөмөр АН-ын дарга болсон ч та хүлээн зөвшөөрөхгүй АН хоёр хуваагдсан хэвээр байна...

 

АН хоёр хуваагдсан зүйл байхгүй шүү дээ. Сая эрх баригчид, хууль, шүүхийн оролцоотой, хуулийн хүчирхийллээр ч гэх юмуу нэг хэсэг нөхдөд намын удирдлагыг өгсөн болохоос би бол үүнийг хууль ёсны, намын дүрмийн дагуу хийгдсэн зүйл гэж харахгүй байгаа. Бид Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Шаардлагатай гэвэл ҮХЦ-д хандана. 

Ер нь тэгээд улстөрийн намын даргаар хэн нэгэн хүн болсон л биз. Түүнийг огцруулж болно. Мөнхийн албан тушаал биш шүү дээ. Өгч, авч л байдаг албан тушаал.

Хувь хүний эрх чөлөө, хувийн өмч, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан зарчмаа хүн бүр хамгаалахын төлөө эрвийх дэрвийхээрээ хөдлөх цаг болж байна шүү, тэмцлийн гал асаах цорын ганц улстөрийн хүчин бол Ардчилсан Нам. Тиймээс бид энэ тэмцэл рүү орох ёстой. Энэ 4-р сарыг улстөрийн эрх чөлөөний, тэмцлийн сар болгож байгаа. Нээлттэй микрофон нээж, аялуулж байна.

Өнөөдөр нийгэмд болж байгаа юм юу байна. Байхгүй байна шүү дээ. Амьдрал ямар байна. Баян, ядуугийн ялгаа тэнгэр, газар шиг байна.

 

Тодорхой баячуудад үйлчилдэг дэлгүүр, ядуучуудад үйлчилдэг ТҮЦ бий болсон. Баячуудын дэлгүүрт захын хүн ороод 3, 4 тортой юм аваад гарахад 2, 3 сая төгрөг бичүүлээл гарч байна. 

2016 онтой харьцуулахад Монголчууд маань өнөөдөр яаж болгоод, яаж амьдраад байгаа юм? 

Тэгээд нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдрал хэцүүдээд ирэхээр хаа байсан гадаадаас 70 гарсан, ач холбогдолгүй болсон, хэрэг хийсэн нь үнэн байх л даа, тэр үедээ л алдартай байсан хүн, цуу ярианууд нь явдаг, гэм бурууг нь хэн тогтоосон юм, шүүхээр шийдвэрлэгдээгүй, хилээр гарахдаа гэмт хэрэгтэн болоогүй байсан Т.Бадамжунай гэж өвгөнийг сүр дуулиан болгоод авчирч байна. Тэр хүн ирлээ гээд одоогийн Засгийн Газрын бодлогод ямар өөрчлөлт гарах юм. Манай эдийн засагт ямар үр дүн гарах юм. Иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарах юм. Цалин, тэтгэвэр нэмэгдэх юм уу? Ингэж тархи угааж, сенсаацлахаа боль л доо.Тэгээд Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүүг хорьчихно. Дайн эсэргүүцсэн “No war” хөдөлгөөний гэмгүй залууст гав зүүчихнэ. Айлгана. 

Ийм байдлаар ард түмний нэг талыг нь дарангуйлаад, нөгөө талыг нь тархийг нь угаагаад л... Яг бодит байдал дээр Засгийн Газар юу хийж байгаа юм бэ? Нийгэм, эдийн засгийн ямар дорвитой ажил хийв. Ард түмний төлөө ямар өөрчлөлт хийж чадав?

Худлаа л 2050 он яриад л суугаад байгаа биз дээ?

 

Та Ерөнхий сайдын дэвшүүлсэн “5 Ш” ажиллагааг юу гэж харж байна вэ?

 

Шоу л гэж харж байна. Дандаа л юм дэвшүүлээд байдаг биз дээ. 10 их наядын хөтөлбөр гээд л байна. Гэтэл үр дүн нь хаана байна вэ? Үр дүн, үр дүн, үр дүн. Шоуг хэн ч хийж чадна. Тэглээ гээд хүмүүсийн амьдралд ямар нэмэртэй юм. Орлого нь өсөх юмуу. Үгүй. Энэ бүх шоуны үр дүнг дандаа эрх баригчид эдэлж байна шүү дээ. Тэд өөрсдөө л баяжиж байна. 

 

АН-ын нэг баярын хурал дээрх илтгэл дээр “Жаргах цагтаа мартаад зовох цагтаа санадаг нам бол Ардчилсан нам” гэж хэлж байна лээ. Үүнтэй та санал нийлэх үү? Ард түмэн зовох цагтаа Ардчилсан намыг үгүйлдэг үү?

 

Ардчилсан нам гараад ирэхээр ард түмэн эрхээ мэдэрч эхэлдэг. Аливаа зүйлд хандахдаа айдас, хүйдэсгүй болчихдог юм шүү дээ. Ардчилсан Нам засаг бариад эхлэхээр ард түмний тавьж буй шаардлага их зоригтой болчихдог. Би гүйцэтгэх засаглалд байсан хүн. Өрөөнд орж ирээд загнаж байгаа энэ тэр нь өөр болчихдог юм. Арай л эрхээ мэдэрсэн байдаг. МАН гараад ирэхээр нам болчихдог. Би ингэж л ялгаж хардаг. 

 

Ярилцсан Ч.Явуухүү

sonin.mn