Б.Мөнх-Од: Шүүх, хууль хяналтын байгууллагууд нь Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд тэгш бус, ялгамжтай хандах боломжгүй
2023/04/17
Лайвчин" Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай холбоотойгоор “хуулийн байгууллагууд түүнд тэгш бус, ялгавартай хандсан” гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр гарч байна.
Тиймээс түүнийг ямар гэмт хэрэгт буруутгасан талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга Б.Мөнх-Одоос тодрууллаа.
-"Лайвчин" Д.Мөнх-Эрдэнийг ямар гэмт хэрэгт буруутгасан талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн түүнд холбогдох хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн.
Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ нь
- Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төсөвт 112 сая 243 мянга 865 төгрөгийн хохирол учруулсан,
- Иргэн С.Оюунбилэгийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараасан,
- Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,
- УИХ-ын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт бусадтай бүлэглэн хахууль өгсөн гэсэн гэмт хэрэгт буруутгагдсан.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Д.Мөнх-Эрдэнийг дээр дурдсан гурван хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт гурван жил 10 сарын хорих, гурван сая 700 мянган төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасах ял тус тус оногдуулж, гэмт хэргийн улмаас олсон орлого болох 10 сая төгрөгийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 82 сая төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
-Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг бусад авлига, албан тушаалын хэрэгт шийтгүүлсэн хүмүүстэй харьцуулж, шүүмжилсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч байна. Энэ талаар?
-Тийм мэдээлэл гарсан байсныг харсан. Эдгээр гэмт хэргүүд нь хоорондоо адилгүй, өөр өөр үндэслэл, журмаар шалгаж шийдвэрлэгдсэн хэргүүд учраас шүүхээс оногдуулсан ял ч харилцан адилгүй.
Энэ нь эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой. Жишээ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг ердийн болон хялбаршуулсан гэсэн хоёр журмаар явуулах зохицуулалт бий. Ямар журмаар хэргийг шалгаснаас хамаарч оногдуулах ялын хэмжээ өөр өөр байж болно.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон зарим хүмүүс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус хөрөнгөө улсын орлого болгуулахаар илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг харгалзан шүүхээс торгох ял оногдуулсан тохиолдлууд байгаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, бусадтай бүлэглэж 210 сая төгрөг, 315 мянган ам.долларын хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэргүүдэд нь нийт 40 сая төгрөгөөр торгох, мөнгө угаах гэмт хэрэгт нь зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасах ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 210 сая төгрөг, 315,000 ам.долларыг түүнээс гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэсэн.
Энэ хэргийн тухайд, Д.Хаянхярваа нь прокуророос сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хэрэг нь тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтад хамрагдах талаар өөрийн сайн дурын хүсэлтийг гаргасан тул шүүхээс түүнд торгох ял оногдуулсан.
Харин Д.Мөнх-Эрдэнийн хувьд хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх боломжтой байсан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй учраас хуульд заасны дагуу хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн.
Ердийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа авлига, албан тушаалын хэргүүдэд Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан эрүүгийн хариуцлага шиг ял оногдуулдаг. Ийм жишээ олныг дурдаж болно.
Жишээлбэл, Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан С.Д-д холбогдох хэрэг байна. Шүүхээс түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэргийн улмаас бий болсон 92 сая төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Шүүх, хууль хяналтын байгууллагууд нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүст тэгш бус, ялгамжтай хандах боломжгүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Энэ зарчмын хүрээнд л эдгээр хэргүүд шийдвэрлэгдсэн.
-Хялбаршуулсан журмаар хэргийг шалгах нь ер нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” нь олон талын ач холбогдолтой.
Тухайлбал, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа богино хугацаанд явагддаг учраас гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн эрх ашиг шуурхай хамгаалагдана, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал багасна, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөнө.
Гэхдээ гэмт хэрэгт холбогдсон этгээд прокуророос сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргаснаар энэ журмын дагуу хэргээ шийдвэрлүүлэх эрх нь нээгддэг.
Өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой байдаг байсан бол 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр эдгээр хүмүүсийн үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулж шийдэх боломжгүй болсон.
-Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч болон түүнийг дэмжигчид, ар гэрийнхэн нь “хууль хяналтын байгууллагыг бусдын захиалгаар ажиллаж, олон жилийн өмнө болсон асуудлыг сөхөж жижигхэн юмаар яллаж байна” гэсэн байсан. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээс ийм мэдээлэл гаргах хандлага ч нэлээд байна. Ер нь прокурорын байгууллага хэн нэгний захиалгаар хэрэг шалгадаг асуудал байдаг юм уу?
-Монгол Улсад хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй, иргэн бүр хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй. Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх нь гарцаагүй. Үүнд том, жижиг гэж ялгах нь өөрөө шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Жишээлбэл, төрийн албан хаагч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас 100 мянган төгрөг авсан байсан ч үүнийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.
Энэ болгон дээр хууль хяналтын байгууллага хөөрхий энэ зуухан мянган төгрөг авсан байна гээд өршөөж өнгөрөөх боломж байхгүй. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдвол хуулийн дагуу л шийдвэрлэнэ.
Хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа шүүгч, прокурор гээд бүгд тангараг өргөсөн, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй хүмүүс. Энэ үүргээ зөрчвөл өөрсдөө бас хариуцлагаа хүлээнэ.
Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн хувьд 2019 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдсан хэрэг. Өөрөөр хэлбэл, саяхан сөхөж гаргаад шалгаад байгаа асуудал биш. Прокуророос хэн нэгэн албан тушаалтны эрх ашгийг хамгаалж, бусдын үүрэг даалгавар, чиглэлийн дагуу ажиллагаагүй, тэгэх ч боломжгүй.
Прокурорын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Прокурор шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргана. Прокурор шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг.
Дээд шатны прокуророос эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хүсэлт, гомдлын дагуу хэргийг хянадаг. Бусад тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа хэргийг хяналтын прокурортой нь зэрэгцээд хянаад явах боломжгүй гэдгийг хэлмээр байна.
Хэрвээ прокурорыг нөлөөнд автаж хууль бусаар шийдвэр гаргасан гэсэн үндэслэл бүхий баримт байгаа бол эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, шалгуулах бүрэн боломжтой.
Эцэст нь нэмж хэлэхэд зарим хүмүүс өөрт нь таалагдахгүй шийдвэр гаргасан мөрдөгч, прокурор, шүүгчийг доромжлох, элдвээр хэлж, нэр төрд нь үндэслэлгүйгээр халдах асуудал их гарч байна. Тэдгээр иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч хуулиа хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй.
Хууль дээдэлдэг, шударга нийгмийн төлөө дуугарч байгаа бол Та ч бас хуулиа биелүүлдэг, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг иргэн байх хэрэгтэй.
Зочин · 2023/04/17
Нөгөө гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн ерөнхий прокурор агсан энхамгалан нарын хэрэг яагаад шийдэгдэхгүй байгаа вэ?