“Ажнай” Д.Бат-Эрдэнэ газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмчийг хамтрагч Р.Сэддоржтойгоо эзэмшсэн хэрэгтээ хэзээ ял сонсох вэ?!
2024/02/20
Өнгөрсөн онд нийгэм даяараа л нүүрсний сонсголыг сонсож чихээ сортолзуулсан. Гэтэл бодит байдад дээр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хэрэг л шүүхээр шийдэгдлээ.
Тэгвэл нүүрсний хулгайн хэрэг анх сөхөгдөхөд, 17 хүний нэрийг АТГ-аас зарлаж байлаа. Эдгээр хүмүүсийн 7 нь УИХ-ын гишүүн байсан. Тухайлбал, "Ажнай" гэгддэг Д.Бат-Эрдэнийн нэр тодоос тод бичигдэн олон нийтэд зарлагдсан юм.
Гэвч өнөөг хүртэл “Ажнай” гэгддэг Д.Бат-Эрдэнийн холбогдсон хэрэг шийдэгдэхгүй хэвээр байна. Шалгалтын явц үнэхээр удааширч байна уу эсвэл “хэрэг зувчуулж” сонгуулийн дүн гартал шүүхийн хаалга татахгүй байх арга хайж байгаа юу? гэх хардалтыг төрүүлсээр хариултаа хүлээсээр байгааг энд сөхье!
"Нэгдмэл сонирхолтой этгээдүүд" хэмээн нүүрсний сонсголоор сонсгол даргалагч Б.Энхбаяр зарласан. Тэрбээр "Нэгдмэл сонирхолтой этгээдүүд"-д ямар компаниуд багтаж, Д.Бат-Эрдэнэтэй хэрхэн хамаатаж байгаа талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулж байсныг нэхэн сануулъя.
"Ингүүмэл энх ХХК": Гавъяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар хувь эзэмшдэг. Мөн "Ханбогд проперти" ХХК-г эзэмшиж байгаа. Энэ компанид Д.Бат-Эрдэнэ хувь эзэмшдэг.
"Эрдэнэт цэций хайрхан" ХХК: Хувь эзэмшигч нь Наранцэцэгийн Амгалан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Н.Амгалантай Д.Бат-Эрдэнэ "Цэцийн хөгжил Хадгаламж зээлийн хоршоо"-г хамтран эзэмшдэг. Мөн "Цэцийн нутаг", "Шандын хүлэг" ХХК-ийг эзэмшдэг.
"Ёлын домог" ХХК: 2016 онд 576,2 сая төгрөгийн ажил хийсэн. Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж, Н.Амгалан, Ц.Доржсүрэн, ТУЗ-ийн гишүүн Ц.Мөнхдэлгэр нар хувь эзэмшдэг. Өмнө нь эл компанийг Намжилын Батсайхан эзэмшиж байсан. "Цэцийн хөгжил Хадгаламж зээлийн хоршоо"-г бүгд хамтран эзэмшиж байсан.
Дээрх хэлхээнээс харахад, Д.Бат-Эрдэнэ Р.Сэддорж хоёрын нэр байнга хамт дурдагдаж байгааг анзаарсан биз ээ. Тэгвэл учгийг тайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн “Ажнай” корпорацид нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдсан Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж ажиллаж байжээ. Хамгийн гол нь, 2013 оноос Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д ажиллаж ирсэн нэгэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Д.Бат-Эрдэнийн ойрын хүн гэдэг нь тод харагдаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, “Тавантолгой” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнэ нь албан тушаалын давуу байдлаа илт урвуулан ашигласан нь тодорхой, баримтаар нотлогдсон. Харин энэ удаад “хөөн хэлэлцэх хугацаа” гэх зүйлээр хэргээс сугарч чадахгүй л болов уу. Өмнө нь түүний хэргийг дараах байдлаар хааж байсан удаатай.
- “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхад буюу 2010-2011 онд 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гаргасан гэх хэргээр түүнийг анх шалгаж эхэлсэн ч 2013 оны 10 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тухайн үед АН төрийн эрх барьж, мань хүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд байсан нь нөлөөлсөн байж болох. Хэргийг өнөөдөр сэргээн шалгах боломжгүй. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа нь аль эрт дууссан.
-
2018 онд АТГ-аас УИХ-ын гишүүн Л.Энхболдын өргөдлийн дагуу Тавантолгой ХК-аас 340 мянган тонн нүүрс алга болсон гэх хэрэгт холбогдуулан шалгасан ч 2021 оны 11 дүгээр сарын 15-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хэргээр хаасан байдаг. Учир нь, тэр 2020 онд УИХ-ын гишүүн болчихсон байв.
-
Өөр нэг олон нийтэд ил болсон хэрэг бол Д.Бат-Эрдэнийн эзэмшдэг “Ажнай инвест” брокерын байгууллага Тавантолгой ХК-ийн зарим хувьцаа эзэмшигчийн хувьцааг “луйвардсан” гэх. Хачирхалтай нь, бас л хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байдаг аж.
Одоо харин Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн өндөр албан тушаалтнууд халдашгүй бүрэн эрхээр халхавчлан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн хэргээ хаалгадаг байдлыг зогсоосон. Тиймээс 2024 оны сонгуульд АН олонх гэж бодон суугаа тэрбээр эл хэргээс мултарч чадахгүй биз ээ. Өмнөговь аймагт төдийгүй улс төрд олон жил “ноёрхлоо” тогтоосон энэ эрхмийн шүүхийн өмнө зогсох цаг ойртож буй юм.
Зочин · 2024/02/20
S AWI80955877