Наадамчин олны сэтгэлийн “мэндчилгээ”
2014/07/10
Монголын Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нар, хур тэгширсэн сайхан өдөр Монгол наадам эхэллээ.
Нар хур тэгширч, найраг эгшиг хосолсон өнөө жилийн наадамчин олныхоо сэтгэгдлийг хуваалцлаа.
Д.Энхбаяр “Энэ жилийн наадам сайхан болж байна. Их монгол улс байгуулагдсаны 808 жил Ардын хувьсгалын 93 жилийн ой тохиож байгаа. Жилээс жил наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж ирлээ. Энэ бол монгол түмний мах цусанд нь шингэсэн уламжлалт баяр билээ. Морь нь хурдан, хүч нь бяртай, сум цэцэн сайхан наадаж байна. Наадмын нээлт жилээс жилд үндэснийхээ уламжлалыг хадгалсан сайхан найруулдаг болсон. Залуучууд маань их чадварлаг болжээ. Ард түмэн минь сайхан наадаарай.
Дорноговь аймгийн харьяат, Чингэлтэй дүүргийн иргэн, Гавьяат багш н.Санж, н.Ойдов: “Баяр наадмын нээлт их сайхан болж өндөрлөлөө. Бороо хур тэгширсэн, хүмүүс нь сайхан амар тайван, үндэснийхээ хувцсаа өмсчээ. Их гоё харагдаж байна. Би баярлахаар гэр бүлийнхээ хүнтэй явж байна.
Наадамчин олон маань өнгөтэй сайхан наадаж байна. Монголчууд маань жирийн монгол дээлээ өмсдөг байсан бол одоо илүү загварлаг, шинэлэг өнгө төрхтэй дээлээрээ гоёдог болжээ. Энэ нь их сайхан байна. Бид хоёр ч бас дээлээрээ гоёсон. Залуучуудаа үндэснийхээ хувцсаар гоёж байгаарай гэж хэлье. Сайхан наадаарай.
Дэлхийд ганцхан монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай
Х.Даваа