Хүнсний чанар аюулгүй байдал, малын гоц халдварт өвчний тархалтын талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийлээ. Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс зөвлөмж, санамж зэргийг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний үйлдвэрлэгчид болон холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Өнгөрсөн жил батлагдсан "Хүнсний тухай хууль"-ийн хүрээнд хүнсний чанар аюулгүй байдлыг үйлдвэрлэгч голлон анхаарахаар тусгасан учраас хүнсний үйлдвэрлэгчдийн үүрэг хариуцлага өндөрссөн хэмээн холбогдох хүмүүс хэлэв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ХХАА-н хяналтын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан "Он гарсаар мал амьтны гаралтай халдварт өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрөгч хавар зүүн гурван аймагт шүлхий, Баян-Өлгийд боом, Улаанбаатар хотын ойролцоо хоёр ч удаа гахайн хапдварт өвчин гарлаа. Хамгийн сүүлд гэхэд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд зургадугаар сарын сүүлээр гахайн мялзан хэмээх амьсгалын замын гоц халдварт өвчин гарсан. ОБЕГ, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтран газар дээр нь шуурхай ажиллаж энэ сарын 3-нд болон 7, 8-нд хоёр ч үе шаттайгаар 970 гаруй гахайг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийлээ. Гоц халдварт гахайн мялзан өвчнийг эмчлэх заавар байдаггүй, шууд устгах заавартай гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тиймээс эрчимжсэн мал ахуй эрхлэгчид Малын удмын сангийн тухай болон Гамшгаас хамгаалах зэрэг хөдөө аж ахуйн чиглэлээр гарч байгаа хууль дүрмийг мөрдөхгүй байгаа нь эндээс харагдаж байна" гэсэн юм.

Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэчимэг "Баярын энэ өдрүүдэд хамгийн ихээр борлуулагддаг айраг цагаан идээний сав боодол, тээвэрлэлт, хадгалалт дээр гойд анхаарах ёстой. Учир нь манайхан айраг, сүү цагаан идээг хүнсний зориулалтын бус химийн бодисын хуванцар саванд хадгалдаг. Хуванцар савны ёроол дахь гурвалжин тэмдэг дотор нэг болон тав гэсэн тэмдэглэгээтэй бол хүнсний бүтээгдэхүүнийг хадгалж болно.

Харин хоёр, дөрөв гэсэн кодтой бол нэг удаагийн байдлаар буюу түр хэрэглэх ёстой. Гурав, зургаа, долоо гэсэн кодтой хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүн хадгалж болохгүй байхаар олон улсын стандартад тусгасан. Одоогоор манайх дотооддоо хуванцар савны стандарт тогтоогоогүй учраас олон улсын энэхүү стандартыг дагаж байна. Хүнсний зориулалтын хуванцар сав баглаа боодлын үйлдвэргүй, тэдгээр нь импортоор орж ирдэггүй учраас хүнсний зориулалтын бус сав хэрэглэхийг шууд хориглочихож болохгүй. Гэхдээ хэрэглэж буй хүснний бүтээгдэхүүн тэр дундаа айраг цагаан идээгээ хадгалах сав суулганд иргэд өөрсдөө хянамгай хандах ёстойг мэргэжлийн байгууллагын зүгээс анхаарууллаа.

 

Х.Даваа