Монгол цус, Монгол гарал үүсэл хэмээн хөөрөлдөх хүмүүсийн уг үндэс, гарал үүсэл нь хаанаас хэний үеэс юм бол хэмээн гайхахад хүрч байна.

Өнөөдөр бараг л дэлхийн тал хувь нь монгол цустай хэмээн өөрийгөө зарлах нь холгүй байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад л байх юм. Энэ үг хаанаас, ямар үндэслэлээр бий болж дуулиан шуугиан болоод байгааг, ер нь хэн тэрнийг монгол цустай хэмээн бураад олон нийтэд зарлаад байгааг асуумаар...Ийнхүү хүн ардынхаа сэтгэлзүй дээр тоглолт хийх санааг хэн олж сэдээд байна аа.

Сүүлдээ БНХАУ-ын дарга хүртэл Монгол угсаа гаралтай хэмээн сүжирхэж байх юм. Энэ их сүжирхэх, долгинолтоороо юу олж долоох гэж энэ засгийнхан санаархаа юм бол. Эсвэл манай үндэсний уг гарвалтай хэмээн ирээд буцах түүнд хамаг үнэтэй нандин зүйлээ бариад явуулах гээд байна уу? Хэн мэдлээ ямартаа ч ингэж их сүр дуулиан болгож олны сэтгэлзүйгээр тоглож тэдний сэтгэл хөдлөлийн хөөрөл дээр Монголын маань бас нэгээхэн түүхэн дурсгалаа өгчих гээд байгаа юм болов уу?

Ингэж хардахын учир хаврын чуулган хэмээн эцэс төгсгөлгүй зөөлөн сандалын хэрүүл тасрахгүй байсаар дорвитой ажил ч хийж амжилгүй завсарласан. Харин энэхүү завсарлагын хугацаанд эрх баригчдын хувьд буюу засгийн газрын "Эзэн 100" хөтөлбөрийн хоног хугацаа дуусах дөхөөд л хэнийгээ барьж өгөх вэ гэдэг дээрээ тулж байгаа хэмээн зарим сурвалжууд мэдээлж байгаа үед БНХАУ-ын дарга айлчилж байгаа нь ч бас учиртай байх. Эдийн засгийн доройтол түүнийг дагасан эрх баригч намын эрхмүүдийн байр сууриа алдахгүй гэсэн хөөрхийлөлтэй оролдлогууд дээр дөрөөлөн ямар нэгэн зүйлийг өөрийн болгохоор гэтэж буй ч юм бил үү.

Манай эрхмүүд өөрийн байр сууриа хадгалж үлдэхийн тулд хөлийг нь долоох шахан долгинон жаахан хэдэн хөрөнгө авч өнөөгийн нийгмийн эдийн засгийн хямралаас гарах оролдлого хэмээн ард түмний толгойг угааж сурснаараа угаах байх. Энэ л дүр зураг сүүлийн хэдэн жил манай эрхмүүдийн ард иргэдийн өмнө тавьсан жүжиг. Энэдээ ч гаршсан гэж болно.

Харин энэ байдлыг БНХАУ-ын дарга Си Зиньпин судалж мэдсэн төдийгүй Монголчуудын туйлшрамтгай занг ашиглан хөөрцөглүүлж, өөрийгөө Монгол цусных тэр тусмаа XIII зууны Алтан ураг хавьцааны хэмээн мэдээллийн хэрэгслүүдээр шуугиулаад байгаа нь хүртэл учиртай мэт санагдаад...

Ямартаа ч дэлхийн талыг эзэлж байсан өвөг дээдсийн минь удам угсаа хэмээн өөрсдийгөө зарлан тунхаглаж байгаа нь сайхан мэт боловч цаад санаа ямар байгаа бол гэж бодох цаг нэгэнтээ болсон мэт. Монгол ард түмэн цайлган цагаахан сэтгэлээр харийханд ханддаг боловч тэд эргэх төдий л нүүрээ буруулдаг гэдгийг олон ч түүх сургамж болбол болохоор болсон.

ЧОЙ