Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна
2 цагийн өмнө

Өмнөд Солонгос улс газрын ховор элементийн хангамжийн сүлжээгээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаагын хувьд ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол улстай түншлэх боломж эрэлхийлж байна. Саяхан тус улс Монгол Улсын олборлолтын чадавхийг сайжруулахын тулд албан ёсны хөгжлийн тусламж үзүүлэх алхмуудыг хийсэн. Гэхдээ энэхүү түншлэлийг бэхжүүлэх эсэх нь Өмнөд Солонгос улс АНУ-тай тогтоосон холбоотны харилцаанаас нийлүүлэлтийн сүлжээний стратегиа хэрхэн тусгаарлаж, чухал ашигт малтмалын импортын хувьд ихээхэн хамааралтай БНХАУ-тай тогтоосон харилцаагаа хэрхэн зохицуулж чадахаас хамаарна.
Өмнөд Солонгосоос 2000 километрийн зайд орших ашигт малтмалаар баялаг Монгол Улс нь Сөүлийн ашигт малтмалын хангамжийн сүлжээгээ, ялангуяа газрын ховор металлын хангамжийг төрөлжүүлэх одоогийн хүчин чармайлтад ойрын түнш болох боломжтой юм.
Технологийн хувьд өндөр хөгжилтэй Өмнөд Солонгос саяхан Монголын олборлолтын чадавхийг сайжруулахын тулд албан ёсны хөгжлийн тусламж үзүүлэх алхмуудыг хийсэнээс үзэхэд ингэж дүгнэхээс аргагүй. АНУ-ын тэргүүлсэн Ашигт малтмалын аюулгүй байдлын түншлэлд гишүүнээр элссэн Сөүл Монголд ашигт малтмалын нөөцийн олборлолтод оролцох нь ардчилсан орнуудын чухал ашигт малтмалын хангамжийн сүлжээг төрөлжүүлэх хүчин чармайлтад хувь нэмэр оруулж болзошгүйг харуулж бсайна. Гэвч Сөүл гадаад бодлогын гол зарчим болох олон улсын либерал дэг журмыг илт дэмжиж байгаа ч Монголтой харилцаагаа хөгжүүлэх чадвар нь АНУ-тай улам бүр ойртуулж буй холбоотны харилцаанаас нийлүүлэлтийн сүлжээний стратегиа хэр зэрэг тусгаарлаж чадахаас хамаарна. Өмнөд Солонгосын газрын ховор элементийн импорт Хятадаас ихээхэн хамааралтай, иймээс чухал ашигт малтмалын салбар дахь энэхүү эмзэг байдлыг үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй аюул заналхийлэл гэж үзэх болсон. Өмнөд Солонгосын бодлогын хэлэлцүүлэгт Хятад улс газрын ховор элементийн экспортоо геополитикийн зэвсэг болгон ашиглах хүсэл эрмэлзэлтэй байгааг дурдах болсон юм. Бээжин 2011 онд Японтой дипломат маргаантай байх үедээ газрын ховор элементээ хөшүүрэг болгон ашигласан. Энэ алхам нь Токиог Монгол улстай түншлэлээ гүнзгийрүүлэхэд хүргэсэн юм. 2023 оны долоодугаар сард Өмнөд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд И До Хун Монголын засгийн газартай хэлэлцээ хийхээр Улаанбаатарт айлчилсан.

Хоёр тал эдийн засгийн өргөн хүрээтэй боломжуудын талаар хэлэлцсэний зэрэгцээ хоёр улсын засгийн газар чухал ашигт малтмалын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхийн чухлыг онцолсон юм. 2023 оны есдүгээр сард Өмнөд Солонгос улс Монголын олборлох чадавхийг хөгжүүлэх зорилгоор тус улсад Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх тухай хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан. Үүнээс хоёр сарын дараа хоёр улс Солонгос-Монголын газрын ховор элементийн хамтын ажиллагааны Хороо байгуулсан юм. Сөүл Монголд Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлснээр Монголоос олборлосон түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүнийг Өмнөд Солонгос руу илүү их экспортлох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа бололтой. 2023 онд хэлэлцээр байгуулахаас өмнөх жилүүдэд Монголын Өмнөд Солонгос руу экспортолсон бараа бүтээгдэхүүний үнэ цэнэ (үүнд нүүрс зэрэг уул уурхайн салбарын бараа бүтээгдэхүүн голчлон багтдаг) Сөүл-Улаанбаатарын дипломат харилцааны эхэн үеийн худалдааны үзүүлэлттэй харьцуулахад мэдэгдэхүйц өссөн байна. Нэг талаас Өмнөд Солонгосын өндөр технологийн салбарын газрын ховор элементээс хамааралтай байдал, нөгөө талаас Монголын хөгжлийн тусламжийн хэрэгцээ шаардлага нь гаднаас харахад ашигтай хослол мэт харагдаж байна.
Монголын гол хандивлагч түншүүдийн нэг болох Өмнөд Солонгосын Хөгжлийн албан ёсны тусламж нь Монголоос импортлож буй уул уурхайн бүтээгдэхүүний өнөөгийн түвшинг хадгалахад дэмжлэг болохын зэрэгцээ Монгол руу орж буй гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, Монголын экспортын зах зээлд эзлэх Хятадын ноёрхлыг бууруулах ач холбогдолтой юм. Гэхдээ далайд гарцгүй Монгол Улс уул уурхайн түүхий эд экспортлохдоо хоёр хөршийнхөө хараанд байсаар байна.
Өмнөд Солонгосоос байгалийн нөөцийн салбарт ашиглах зорилгоор Монгол Улсад олгож буй Хөгжлийн албан ёсны тусламж нь Улаанбаатарт олгосон нийт хөгжлийн тусламжийн харьцангуй бага хэсгийг эзэлж байгаа. 2018-2024 оны хооронд жилд дунджаар 53 сая ам.долларын тусламж үзүүлжээ. Иймээс Сөүл Монголын чухал ашигт малтмалын салбарт чиглэсэн харьцангуй бага дүнтэй Хөгжлийн албан ёсны тусламж нь геополитикийн зорилгоор бус, харин Монгол руу чиглэсэн хөгжлийн стратегийн нэг хэсэг гэдгийг онцолж болох юм. Монголын олборлох үйлдвэрлэлд оруулж буй хөгжлийн албан ёсны тусламж нь Монголд эдийн засаг, нийгмийн бусад салбарыг хөгжүүлэхэд туслах өргөн хүрээтэй хүчин чармайлтын нэгээхэн хэсэг гэсэн байр суурийг Өмнөд Солонгосын талаас илэрхийлж болно.
Монгол Улс болон Өмнөд Солонгосын хооронд хөгжлийн стратеги болон үндэсний ашиг сонирхлын үүднээс харилцан нөхөх хэд хэдэн чиглэл бий. Монгол Улс нь Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар болон цахим үйлчилгээний салбарт өөрийн нөлөөг өргөжүүлэх боломжтой. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хүчирхэг гүрэн болох Өмнөд Солонгос нь энэ чиглэлээр Монголын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх өргөн бололцоотой. Улаанбаатар хотын хэт их хүн амын төвлөрөлийг сааруулахад Өмнөд Солонгос ухаалаг хот төлөвлөлтийн арвин туршлагаа хуваалцах хамтын ажиллагааны шинэ чиглэлийг нээж ч болох юм.
Өмнөд Солонгос нь уул уурхайн салбарын хөгжилд үзүүлэх хөгжлийн тусламжаа Монголын нийтлэг хөгжлийн стратегитэй холбосноор Өмнөд Солонгос улс Монголд чиглэсэн хөгнжлийн бодлогоо Монголын зах зээлд илүү их нэвтрэх зорилготойгоор тохируулж болно. Монголын байгалийн нөөцийн салбарт илүү өргөн хүрээнд хамтрах нь Өмнөд Солонгост мэдээж ашигтай байх боловч Сөүл стратегийн зорилгоо илт геополитикийн шинжтэй биш гэж маргах шаардлага гарч ч магадгүй юм. Мэдээж, Хятадын албаныхан Өмнөд Солонгосын Монголтой хамтарч, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх зорилготой байгааг мэдэхгүй байна гэж байхгүй. Гэхдээ Сөүл Монголтой ашигт малтмалын олборлолтын хамтын ажиллагаагаа хөгжлийн тусламжийн ерөнхий стратегитайгаа холбосноор Бээжинтэй найрсаг харилцаагаа бэхжүүлж чадна. Ингэсэн нөхцөлд Хятад улс Монголын байгалийн баялгийг Өмнөд Солонгос руу экспортлоход саад учруулахын тулд геополитикийн хөшүүргээ ашиглах сонирхол буурах болов уу. Ингэснээр Сөүл Ашигт малтмалын аюулгүй байдлын түншлэл гэх мэт хэлэлцээрт орохгүйгээр, Монголтой бие даасан байдлаар хамтын ажиллагаа явуулах боломжийг олгож магадгүй юм. Гэхдээ Монголын “Гуравдагч хөрш” байх аливаа оролдлого нь Монголтой газар нутгийн хувьд шууд хөрш улс орнууд зөвшөөрөх эсэхээс шалтгаална.
Эх сурвалж: https://eastasiaforum.org/2024/05/08/south-korea-hopes-for-a-rock-solid-critical-minerals-partnership-with-mongolia/
В.АРИУНЧИМЭГ
Англи эхээс хөрвүүлсэн Тоймч
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 128 (7870)






