Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төмөрлөгийн үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг эсэргүүцсэн иргэд мэдээлэл хийж, шаардлагатай бол бүх хэлбэрийн тэмцэл өрнүүлэхээ мэдэгдлээ. Тэдний гол тайлбар нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ, усны нөөцөд дарамт учруулна, мөн барилгын ажилд олон хятад ажилчин орж ирнэ гэсэн болгоомжлол юм.

Иргэдийн санаа зовнилыг сонсох нь мэдээж зөв. Байгаль орчны үнэлгээ, усны асуудал, технологийн аюулгүй байдал, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө зэрэг нь зайлшгүй олон нийтэд нээлттэй байх ёстой. Томоохон үйлдвэр барина гэдэг зөвхөн эдийн засгийн асуудал биш, орон нутгийн иргэдийн амьдралтай холбоотой асуудал учраас тэд асуулт тавих эрхтэй.

Гэхдээ нэг зүйлийг бид өөрсдөөсөө асуух цаг болсон мэт.

 

Монголчууд үйлдвэр байгуулахыг эсэргүүцдэг болтлоо тэнэгэрчихсэн гэж үү?

 

Сүүлийн жилүүдэд Монголд хэрэгжих гэж буй бараг бүх томоохон төсөл эсэргүүцэлтэй тулгардаг болсон. Уул уурхай эсэргүүцнэ. Газрын тосны үйлдвэр эсэргүүцнэ. Эрчим хүчний станц эсэргүүцнэ. Төмөр зам эсэргүүцнэ. Одоо бүр үйлдвэр ч эсэргүүцдэг болжээ.

 

Ингээд бид яг юуг хүсээд байгаа юм бэ?

 

Үйлдвэргүй улс аж үйлдвэржихгүй. Аж үйлдвэргүй улс нэмүү өртөг бүтээхгүй. Нэмүү өртөггүй эдийн засаг түүхий эдээ зөөж зарахаас өөр замгүй. Ингээд валютын ханш савлаж, ажлын байр хүрэлцэхгүй, залуус нь гадагшаа явсаар байх болно. Энэ бол олон жил ярьсан хэр нь өөрчилж чадаагүй бодит үнэн. 2026 оны тавдугаар сард Засгийн газар Эрдэнэцагаан суманд хөнгөн цагааны үйлдвэрлэл болон аж үйлдвэрийн цогцолбор байгуулах шийдвэр гаргасан. Хэрэв дэлхийн түвшний технологи, байгаль орчны шаардлага хангасан үйлдвэр баригдаж, Монголд шинэ үйлдвэрлэлийн суурь тавигдах боломж бүрдэж байгаа бол үүнийг юуны өмнө судалж, шаардлага тавьж, сайжруулах тухай ярих ёстой болохоос шууд зогсоох тухай шаардах нь утгагүй.

 

Харин зарим хүмүүсийн ярьж буй "Хятад хүн хэзээ ч манай нутагт хөл тавьж болохгүй", "өвгөдийн газар нутагт гаднынхан ирж болохгүй" гэх мэт туйлширсан яриа нь асуудлыг шийдэхгүй.Хэрэв үйлдвэрийг гаднын компани барихгүй бол хэн барих вэ?

 

Монголд өнөөдөр хөнгөн цагааны иж бүрэн үйлдвэрийг дангаараа барих хөрөнгө, технологи, туршлага бий юу?

 

Үнэнийг хэлэхэд үгүй. Дэлхийн бүх улс томоохон үйлдвэрүүдээ гадаадын хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаагаар байгуулсан байдаг. БНХАУ, Вьетнам, Малайз, Индонез, Казахстан, Саудын Араб гээд хөгжиж буй орнуудын туршлага бүгд ийм. Тэд гаднын хөрөнгө оруулалтыг ашиглаж үйлдвэр байгуулсан болохоос "гадаадынхан орж ирнэ" гэж бүх төслөө хаагаагүй. Харин Монголд эсрэгээрээ том төсөл болгон улс төржиж, жагсаал болж, эцэст нь хөрөнгө оруулагчид буцдаг жишиг тогтох шинжтэй боллоо.

 

Мэдээж үйлдвэр ямар ч хяналтгүйгээр ажиллах ёсгүй. Байгаль орчны стандартыг чанд мөрдөх ёстой. Усны хэрэглээг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцох ёстой. Хорт бодисын ялгарлыг олон улсын түвшинд хянах ёстой. Орон нутгийн иргэдэд мэдээллээ бүрэн өгөх ёстой. Гэхдээ энэ бүхэн нь үйлдвэрийг шууд хориглох үндэслэл биш, харин зөв барих шаардлага байх ёстой.

 

Монгол Улс өнөөдөр дэлхийн хамгийн их ашигт малтмалтай орнуудын нэг атлаа боловсруулах үйлдвэр маш цөөнтэй хэвээр байна. Бид түүхий эдээ гаргаж, бусад улс түүнийг боловсруулж, өндөр үнээр буцаан бидэнд зардаг тогтолцоог олон арван жил хүлээн зөвшөөрч ирсэн. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр Монгол хэзээ ч жинхэнэ аж үйлдвэржсэн улс болохгүй. Тиймээс асуудлыг "эсэргүүцэх эсэх"-ээр бус "яаж зөв хэрэгжүүлэх вэ" гэдэг өнцгөөс ярилцах нь илүү зөв болов уу. Учир нь үйлдвэргүйгээр хөгжил ирэхгүй. Хэрэв бид үйлдвэр бүрийг хааж, хөрөнгө оруулалт бүрийг үргээж, бүтээн байгуулалт бүрийг зогсоож байвал ирээдүйд үр хүүхдүүддээ "яагаад Монгол хөгжөөгүй юм бэ" гэсэн асуултад хариулахад улам хэцүү болох биз. Үйлдвэрийг шүүмжилж болно. Илүү өндөр шаардлага тавьж болно. Байгаль орчноо хамгаалахыг шаардаж болно. Гэхдээ үйлдвэр байгуулахыг эсэргүүцдэг үндэстэн болж хувирвал хөгжлийнхөө үүд хаалгыг өөрсдөө түгжиж байгаа хэрэг биш гэж үү?

Б.Намуун

sonin.mn