БНХАУ-ын Ляонин мужийн Фу Сунь хотод 2013 оны 8 дугаар сард үер усны гамшиг нүүрлэж, тус бүс нутгийн ард иргэдэд их хэмжээний гарз хохирол учирсан юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны аравдугаар сард тус улсад айлчлал хийх үеэрээ тус мужид очиж, хүүхэд залуучуудтай уулзаж, гамшигт нэрвэгдсэн бүсийн хүүхэд, багачуудыг Монгол Улсад зочилж, амрахыг урьсан билээ.

Энэхүү урилгын дагуу Ляонин мужийн 100 хүүхэд олон улсын “Найрамдал” зусланд амарч буй бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр хүүхдүүдтэй уулзаж, бэлэг гардууллаа.

Н.Алтанхуяг "Хүнд хэцүү энэ үеийг та бүхэн даван туулж гарлаа. Ийм хэцүү хүнд цаг үе тохиолдох нэг өдөр байхад инээд хөөртэй өдрүүд ирдэг. Та бүхэн Монгол эх оронд минь тавтай зочилж, олон монгол найз нөхөд болж сайхан амраарай. Зөв хүн болж төлөвших, ихийг мэдэж сурах, аав ээждээ ачлалтай, улс орондоо хэрэгтэй хүн болохыг хүүхэд бүр хүсдэг. Хүүхдүүд та нарын энэ хүсэл биелэх болтугай" гэв.

Х.Даваа