Анхны явуулын хөдөлмөрийн бирж ажиллаж эхэллээ
2014/08/05
Монгол Улсын Засгийн газар “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2016 он хүртэл нийт 150.000 ажлын байрыг шинээр бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэж эдийн засгийн чадавхийг бий болгох, ур чадварыг хөгжүүлэх олон талт бодлого барьж ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж , Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаагаа явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхлээд байгаа.
Явуулын хөдөлмөрийн бирж нь нийслэлийн гэр хороолол, олон нийтийн газрууд болон алслагдсан дүүрэг, хороодод ажиллаж Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ирсэн бүх нээлттэй ажлын байрыг иргэдэд санал болгож иргэдийг байнгын, цагийн болон түр ажлын байранд зуучлахаас гадна Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл өгч, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулах юм байна.
Мөн Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг гар бие оролцуулах тал дээр Явуулын хөдөлмөрийн биржээр дамжуулан хүний нөөц бүрдүүлэлт хийн ажиллаж байгаа юм.
Явуулын хөдөлмөрийн биржид Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн зуучлалын мэргэжилтэн тогтмол ажиллахаас гадна Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн болон ажиллах хуваариас хамаарч харъяа дүүргийнх нь хөдөлмөрийн хэлтэсийн мэргэжилтэн ажиллаж мэдээлэл өгөх юм байна.