“Сумын залуус” төслийнхөн сумынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж явна
2014/08/06
Сум орон нутагтаа ажиллахаар хүлгийн жолоо залсан “Сумын залуус” төслийн багийнхан өөрсдийн мэдсэн сурсанаа орон нутагтаа хэрэгжүүлэх, үе тэнгийн залуусдаа үлгэр дууриалал болж энэ зуныг зугаатай, орлоготой өнгөрүүлж байгаа юм. Энэхүү төслийг Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” төслийн дэд төсөл болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд зуны туршид 10 мянган оюутан залуучуудыг байнгын болон цагийн ажилд зуучилж ажилтай орлоготой болгосон юм. Тэгвэл “Сумын залуус” төслийн “4 бэрх” багийнхан ажил хийж орлогоо нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн дадал эзэмшиж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна сумын залуусаа идэвхижүүлж олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Баянхонгор аймгийн Жаргалант, Галуут суманд ажиллаж байгаа “4 бэрх” багийнхан МЗХ-оос 2012 оноос хэрэгжүүлж байгаа “Спирт үү, Спорт уу” аяныг дэмжиж, сурталчилж спортын өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд гар бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, буухиа гүйлт гэсэн төрлүүдээр 3 өдрийн турш өрсөлдсөн байна.
Мөн хүмүүнлэгийн ажил зохион байгуулж сумын төвөөс алс хөдөө нутагладаг эмээгийнд очиж аргал түлээ, усыг нь ойртуулж, үнээ малыг нь сааж бүтэн 1 өдрийг өнгөрүүлсэн юм. “Гэр бүлийн нэг өдөр” өдөрлөгийг зохион байгуулж сумын залуу гэр бүлүүдэд сургалт, лекцийг зохион байгуулахын зэрэгцээ Хайрын дууны тэмцээн, Хайрын түүхээ ярилцъя, хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулжээ.