442 мянга гаруй иргэн ТҮЦ машинаар дамжуулан улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээ авчээ
2014/08/17
Монгол Улсын засгийн газраас мэдээллийн технилоги хурдацтай хөгжиж буй өнөө үетэйгээ хөл нийлүүлж, иргэддээ хурдан шуурхай төрийн үйлчилгээг хүргэх зорилготойгоор "ТҮЦ машин"-ыг нэвтрүүлж эхэлсэн. Тэгвэл энэхүү ТҮЦ машинаар дамжуулан иргэд 10 гаруй төрлийн төрийн үйлчилгээг авч байгаагаас төрсний бүртгэлийн, иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа зэрэг 20 төрлийн үйлчилгээг авч байна.
Цахим машины тусламжтайгаар иргэд өмнө нь 18 төрлийн үйлчилгээ авч байсан бол одоо орон даяар суурилагдаад байгаа нийт 108 ТҮЦ машинаас 20 төрлийн үйлчилгээ авч байгаа юм.
Хамгийн сүүлд л гэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд ТҮЦ машинаар дамжуулан дахин авах буюу хаясан, гээсэн, гэмтээсэн цахим үнэмлэхийг захиалахаас гадна аж ахуй нэгжтэй эсэх талаарх лавлагаа авах үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.
Тухайлбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй эсэх лавлагааг авахын тулд иргэн 5000 төгрөг төлж ажлын 7 хоног зарцуулдаг байсан бол одоо бусад лавлагааны адил хурууны хээгээ уншуулан үйлчилгээний хураамж 1000 төгрөгийг төлөөд шууд авч байна. Түүнчлэн хаяж, үрэгдүүлсэн цахим үнэмлэхээ хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргахын зэрэгцээ төлбөр хураамжаа банкинд тушааж байсан бол одоо ТҮЦ машинаар дамжуулан захиалаад зогсохгүй аль ч банкны картаар төлбөр тооцоогоо хийж байна. Энэ нь иргэдийн цаг зав болоод эдийн засгийг хэмнэж байгаагаараа ихээхэн давуу талтай .
Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаар дамжуулан өнөөдрийн байдлаар 442308 иргэн улсын бүртгэлийн лавлагаа авсанаас иргэний үнэмлэхийн лавлагааг хамгийн их буюу 221332 иргэн авчээ.Тодруулбал, төрсний гэрчилгээний лавлагаа 13069, оршин суугаа хаягийн лавлагаа 135601, гэрлэлтийн лавлагаа 17696, гэрлэлт цуцласан тухай лавлагаа 1669, гэрлэлт бүртгэлтэй эсэх лавлагаа 26053, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа 24164, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй эсэх лавлагаа 509, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй эсэх лавлагаа 338 авсан бол 1877 иргэн иргэний үнэмлэх дахин авах хүсэлтээ илгээн үйлчүүлжээ.
Зочин · 2014/08/20
Зочин · 2014/08/18