Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чанарын шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил бага боловсролын хөтөлбөрийг шинэчилж, үндэсний 40 сургуульд туршсан. Туршилтын үр дүн амжилттай гарсан тул “Бага боловсролын цөм хөтөлбөр”-ийг баталж, энэ жил орон даяар хэрэгжүүлэхээр бэлэн болоод байгаа юм. Багшийн заах арга, хичээлийн явц, хүүхдийг дүгнэх үнэлгээ, багшийн үнэлгээ, сурах бичиг гээд цогцоороо шинэчлэгдсэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн жил улсын хэмжээнд 30,000 гаруй багшид заах арга зүйн сургалт явуулсан билээ. Харин өнөөдөр бүх л ЕБС-ийн захирлууд, бага ангийн сургалтын менежерүүдийг цуглуулж, шинэ хөтөлбөрөө танилцуулан, сургалт зохион байгуулсан юм. Энэ үеэр бид Ирээдүй цогцолбор, Гуравдугаар сургуулийн сургалтын менежер Д.Алтанцэцэгтэй уулзаж, шинэчилсэн хөтөлбөрийн талаар цөөн асуултанд хариу авлаа.

-Энэ шинэчилсэн хөтөлбөрөөр сургалтаа явуулахад хүүхдэд ямар өөрчлөлт, ахиц гарах вэ?

-Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр нь багш нь сурагчтайгаа хамтран мэдлэг бүтээх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үндсэн зорилготой. Өмнө нь багш мэдээлэл дамжуулж, хүчээр хүүхдэд ойлгуулж байсан бол одоо хүүхдүүд өөрсдөө мэдээллээ цуглуулж багцлан, өөрсдийн олсон мэдээлэл дээрээ ажиллаж өөрсдийгөө хөгжүүлдэг, багш түүнд нь тусалдаг болж байгаагаараа илүү онцлог юм. Шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж улам бүр нэмэгдэж байна.

-Илүү нарийвчилбал хүүхдүүдэд яг ямар зарчмаар хичээл явуулж, хүүхэд ямар чадвартай болж хөгжих вэ?

-Жишээлбэл, математикийн хичээл дээр аль нэг диаграммыг харуулаад “Үүнийг диаграмм гэдэг ээ” гэж заадаг байсан. Гэтэл одоо хүүхэд нэг бүр эхлээд мэдээллүүдээ цуглуулна. Жишээ нь унаагаар явдаг сурагчид л гэхэд “Би автобусаар явдаг. Харин тэр машинаар ирдэг. Бас тэр ойрхон учир явган ирдэг” гэх мэтчилэн нэгнийхээ тухай мэдээлэл цуглуулж ангилаад, тэр хүүхдүүдийнхээ тоогоор “Манай ангиас гурван хүүхэд автобусаар, таван хүүхэд автобусаар, дөрвөн хүүхэд алхаж ирдэг” гэж хүснэгтлээд, түүнийгээ диаграмм, график байгуулна. Тэгээд өөрсдөө “Аан, үүнийг зурган диаграмм гэдэг юм байна” гэж ойлгоно. Гэх мэтчилэн сургалтын агуулга маш их өөрчлөгдөж, өргөссөн. Энэ бүхэн нэгдүгээр ангиас нь эхэлнэ. Хүүхэд сурч явсаар тавдугаар ангидаа ороход бага боловсролын бүхий л талын мэдлэгтэй болсон байх болно.

-Шинэ хөтөлбөрийн сургалтын материалиуд хэр хангалттай байгаа вэ?

-Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу бага ангийн бүх сурах хичээлийн бичгүүд шинэчлэгдлээ. Сурах бичгээ дагаад багшид “Багшийн ном” буюу зөвлөмжүүд ирсэн. Тэр нь багш энэ сурах бичигтэй яаж ажиллах вэ, хүүхдэд энэ хичээлийг хэрхэн ойлгуулах вэ, хүүхэд төвтэй сургалтыг яаж зохион байгуулах вэ гэсэн бүх зөвлөмжүүд багтсан ном юм. Энэ нь бас л өмнө нь хийгдэж байгаагүй, багшийн ажлыг хөнгөлсөн, тусалсан шинэлэг ажил.

-БШУЯ-аас “Бага боловсролын цөм хөтөлбөр”-ийг боловсруулж батлан та бүхний гар дээр өгсөн гэсэн. Хөтөлбөртэйгөө бүрэн танилцсан уу? Хэрэгжүүлж болохоор байна уу?

-Бага боловсролын цөм хөтөлбөр батлагдсан байна. Бид танилцсан. Хичээлийн судлагдахуун тус бүрийн агуулга, арга зүй багшид өгөх зөвлөмжүүд гэх зэргийг багтаасан бусад хөтөлбөрүүдээсээ эрс ялгаатай, маш сайн боловсруулсан, шууд аваад ашиглахад бэлэн болсоноороо өмнөх хөтөлбөрүүдээс давуу талтай байна. Бас ЕБС-ийн захирал, багш бүрийн гарт цөм хөтөлбөрөө хэвлэж өгч байгаа нь маш зөв алхам боллоо. Өмнө нь ямар нэг шинэ зүйл эхлүүлэхдээ сургуулиас ганц хоёр төлөөлөл очоод тэднийхээ ойлгосноор л бид ажлаа явуулдаг байлаа шүү дээ. Харин шинээр батлагдсан бага боловсролын цөм хөтөлбөрийг одоо багш бүр ягштал судалж сургалтаа явуулах боломжтой болж байна. Тэр дотроо эрх зүйн актуудыг бас багтааж өгсөн нь маш их таалагдсан.

Л.Цог