Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус,  төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчихоор болсон юм. Хотын захирагч Э.Бат-Үүлийн шийдвэрээр журам 10 хоногийн туршилтын хугацаатай үргэлжилнэ.

Тэгвэл өнөө өглөөнөөс эхлэн хэрэгжиж буй дээрх шийдвэр иргэдийн бухимдалтай тулгарч байна.

Тодруулбал, 3,4-р хорооллын автобусны буудал дээр олон автобус хоорондоо ойр ойрхон зайтай үйлчилгээнд гарч байгаа ч чиглэл нь тодорхойгүй улмаас иргэд ихээхэн бухимдлаа. Тухайлбал, 1-р хороолол 3,4-р хороолол гэсэн хаягаас өөр чиглэл байхгүй байсан юм. Жишээлбэл, 3,4-р хорооллын эцсээс "Ленин" клубын буудал буюу талбайн автобусны буудал дээр буух иргэн дээрх чиглэлийн хаягтай автобусанд нь суулаа гэхэд төв замаар явах үгүй нь тодорхойгүй мөн хаана буугаад яаж дамжин суух маршрутаа ч мэдэхгүй байгаа нь бухимдлын гол шалтгаан болж байв. Өөрөөр хэлбэл, төв замаар явах уу, хойгуураа явах уу гэдэг нь тодорхой бус гэсэн үг. Хуучин автобусны чиглэлүүд бол цонх нь дээрээ зогсох буудал болгоноо тайлбарлан бичигдсэн байдаг.

Энэхүү үйлчилгээний талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Иргэн Ш.Дулам "Эгч нь хорооллын эцсээс мэргэжилтний 20 орох гээд энэ олон автобус нь хаагуур яваад хаана бууж дамжихаа сайн мэдэхгүй хэцүүхэн л байна. Ядаж автобус нь кондукторгүй юм байна. Хүмүүсээс асуухаар мэдэх хүн алга аа" гэлээ.

Өндөр настан н.Жанцан: Түгжрэл бага л байна. Дээр нь машинуудыг тэгш, сондгойгоор нь явуул байгаа болохоор зам чөлөөтэй сайхан юм. Нэг өдөрт 500 төгрөгийн тасалбараараа бүтэн өдөр явна гэдэг нь боломжын санагдаж байна. Гэхдээ зарим автобус нь хаагуур явах нь ойлгомжгүй байна. Настай хүмүүс чинь автобусны чиглэлийг сайн мэдэхгүй хүмүүсээс, кондуктораасаа асууж суудаг. Тэгж байгаад учраа олоод явах байх.

Иргэн О.Долгор: Эхэндээ чиглэлээ мэдэхгүй их будиллаа. Хуучин автобусаа хүлээгээд байсан чинь бүх чиглэл нь өөрчлөгдсөн юм гэнэ. Сая энэ автобусанд суугаад ирээд бууж байна. Кондуктор нь аашилж загнаад амьтан хүнтэй хэрүүл хийхгүй аятайхан ч юм. Харин ч сайхан үйлчилгээ нэвтрүүлж байгаад баяртай байна" хэмээн иргэд өөр өөрсдийн сэтгэгдлээ илэрхийллээ.

Автобусны буудлууд дээр билет зарж байгаа тэндээс зорчигч та "500" төгрөгийн тасалбараа авч тухайн зорчих автобусаараа үйлчлүүлэхгүй бол автобусанд орсон хойноо тасалбар авах бол "торгууль"-ийн тасалбар өгнө гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэхүү торгуулийн тасалбар нь бүтэн өдрийн турш автобусаар зорчих эрхгүй гэсэн үг юм. Харин автобусны буудлаасаа авсан билетээр бол зорчигч нэг өдрийн турш сэлгэн явах эрхтэй. өнөөдрийн тасалбар "цагаан" өнгөтэй тасалбар зарагдаж байна.

Х.Даваа