“Дуулиант 7”
2014/08/22
Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг энд онцолж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдлаас түүвэрлэн буулгалаа.
1. - 11 жилийн дараа Монгол улсад БНХАУ-ын дарга айлчлалаа-
Энэ сарын 21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань нарын манай улсад хийх төрийн айчлал эхэлсэн. Түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний гэргий Х.Сэлэнгэ, Гадаад харилцааны сайд Л.Болд нар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтав.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал хоёр өдөр үргэлжилсэн юм. Тэрбээр өчигдөр гэргий Пөн Ли-Юань болон дагалдан ирсэн төлөөлөгч нарынхаа хамт нутаг буцлаа.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өргөтгөсөн хэлэлцээ хийж, мөн ганцаарчилсан уулзалт хийв. Талууд Монгол, Хятадын харилцааг Иж бүрэн түншлэлийн стратегийн харилцаанд хүрсэн хэмээн дүгнэж, уг харилцааг хөгжүүлэх тунхаглалд гарын үсэг зурсан юм.
Мөн үүнтэй эн зэрэгцэн хоёр улсын Засгийн газар хоорондын 20 гаруй хэлэлцээр, санамж бичигт сайд, холбогдох газрын дарга нар гарын үсэг зурлаа. Үүний зэрэгцээ хувийн хэвшлүүд хамтран ажиллахаар болж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан юм. Үндсэндээ айлчлалын цар хүрээ өргөн байж, Монгол Улсын хувьд олон жилийн турш шийдвэрлэж чадалгүй бэрхшээлтэй тулж ирсэн транзит тээвэр, түүний үнэ тарифыг хөнгөлүүлэх, далайн боомтоор дамжуулж бүтээгдэхүүнээ экспортлох таатай суурь тавигдлаа. Нүүрсийг гүн боловсруулж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түүнийгээ экспортлох зэрэг хөгжил хурдасгах, илүү эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлсэн төсөл хөтөлбөрүүд мөн хэрэгжихээр болж байна. Хүмүүнлэгийн салбарт ч буцалтгүй тусламж хэрэгжинэ. Энэ хүрээнд таван жилийн хугацаанд 1000 оюутныг Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар сургана. Гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд баригдах төслийг хэрэгжүүлэх Төрийн орон сууцны корпораци, Хятадын Экспорт-импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр баталгаажлаа. Түүнчлэн 162 сая ам долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр, Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт ХХК, БНХАУ-ын Шэнхуа групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр тус, тус зурагдлаа.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их хурал БНХАУ-ын даргад хүндэтгэл үзүүлж УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдууллаа. Хүндэтгэлийн чуулганд Си дарга үг хэлсэн. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар БНХАУ-ын даргад бараалхсан гээд үйл явдал арвин болж, айлчлал ч амжилттай өндөрлөлөө. Энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиосон түүхт жилүүдтэй давхацсанаараа онцлог байв.
2.- "Түүхэн айлчлал" сэдэвт шинэ маркыг хэвлэн гаргав-
БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн түүхэн айлчлалыг билэгдэн, "Монгол шуудан" ТӨХК-иас "Түүхэн айлчлал" сэдэвт шинэ маркыг хэвлэн гаргажээ. Нийт 10 мянган ширхэг марк хэвлэсэн аж.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан.
3. -Хоосон автобус, автобусны чиглэлээ мэдэхгүй бухимдсан иргэд-
Өчигдрөөс /08.22/-ноос эхлэн 10 хоногийн турш 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус, төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчихоор болсон юм. Хотын захирагч Э.Бат-Үүлийн шийдвэрээр журам 10 хоногийн туршилтын хугацаатай үргэлжилнэ гэдгээ мэдэгдсэн юм. Ийн автобусны чиглэлд өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан нь хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбон замын ачааллыг бууруулах зорилготой аж. Мөн машинуудын дугаарыг тэгш, сондгойгоор нь хязгаарлаж энэ сарын 31-ныг хүртэл замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ.
Тэгвэл өчигдрөөс эхэлсэн энэхүү шинэ өөрчлөлтөнд иргэд ихэд бухимдлаа. Учир нь, автобусны чиглэл буюу голын зогсоолууд нь тодорхойгүй улмаас хаана, хаана зогсолт хийхийг нь мэдэхгүй иргэд бие биенээсээ асууж сураглаад ч учраа олохгүй баахан ажилдаа хоцорсон хүмүүст энэхүү өөрчлөлт таалагдаагүй юм.
Энэхүү автобусны чиглэлийн өөрчлөлтийг хийхдээ иргэдэд чиглэлийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх хэрэгтэй байсан. Гэвч кондукторгүй мөн "Баруун 4 зам-Сансар" гэх хаягнаас өөр зүйлгүй автобус нь төв замаар явж байгаад сансар хүрэх юм уу, төв замаараа явах уу, дундаа ямар ямар зогсоол дээр зогсох нь тодорхойгүйн улмаас иргэд учраа олохгүй байна.
4. -Ам.долларын ханш буулаа-
Элгээрээ мөлхөөд явж байсан эдийн засагт ам.долларын өсөлт ихээхэн нөлөөлсөн. Өнгөрсөн долоо хоногт нэг ам.доллар 1905 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Тэгвэл өчигдрийн байдлаар 1857 төгрөгтэй тэнцэж байсан доллар өнөөдөр монголбанкны зарласан ханшаар 1847.70 болж буурчээ.
Нэг өдрийн дотор 100 төгрөөр огцом өссөн гадаад валютын ханш ийн өссөн шигээ огцом буурч буй нь сайн хэрэг. Үндэсний статистикийн газрын мэдээллээр дэлхийн хамгийн сул мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш он гарсаар 25 хувиар сулраад байлаа. Тэгвэл энэ долоо хоногт өдөр өдрөөр буурсаар Монголбанкны албан ханшаар өчигдөр 1859.45 төгрөгтэй хаалтаа хийсэн бол өнөө өглөө дахин 11.75 төгрөгөөр буурлаа.
Энэхүү өсч явсан валютын ханш буурсан шалтгааныг эдийн засагчид гадаад худалдааны алдагдал буурсантай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, улсын гадаад худалдааны алдагдал жил бүхэн 1.2 орчим ам.доллар байсан бол өнөө жил 200 сая ам.доллар болж огцом буурсан нь голлон нөлөөлсөн гэж үзжээ.
5. -Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ умартан Ч.Мөнгөндалай 3500 км замыг тууллаа-
Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хэдий ч сэтгэл өөдрөг, эрч хүчтэй амьдрахыг эрмэлздэг Ч.Мөнгөндалай гэх залуу Монгол орныхоо гайхамшгийг өөрийн биеэр очиж, нүдээр харах хүсэлдээ хөтлөгдөн 5500 км замыг туулах дугуйн аяллаа зургаадугаар сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн юм.
Түүнийг өдгөө зөвхөн дугуй сонирхогчид төдийгүй хүмүүс андахгүй мэдэх болжээ.Тэрбээр өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Монгол орны үзэсгэлэнт байгальтай баруун хязгаараар аялан энэ долоо хоногт 3500 км замыг туулав. Баруун аймгийн ард иргэд хэр найрсаг, зочиломтгой, хүн хүнээ хайрлах сэтгэлтэй, өгөөмөр гэдэг нь Ч.Мөнгөндалайгийн аяллаас тод харагдаж байгаа билээ. Түүнийг очсон газар бүрт нь найрсагаар хүлээн авч хооллож, ундаллаж, биеийг нь үзүүлж, чин сэтгэлээрээ хандаж хүлээн авч байгаа гэдгийг манай редакцид дуулгалаа. МЗХ-ны салбар холбоодууд очсон газар бүрт нь хүлээн авч нутгийн иргэдэд танилцуулж цаашид туулах урт замд нь үдэж өгч байгаа юм. Одоогоор Ч.Мөнгөндалай Увс аймгийн Улаангом хотод буудалласан бөгөөд нийт 3500 км замыг туулаад 3 сарын хугацаанд замынхаа талаас илүү хувийг туулж дуусгасан амжилттай аялалаа цааш үргэлжлүүлж яваа хичээнгүй залуудаа амжилт хүсье. Түүнд чин сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл Төрийн банкны 104400224360 гэсэн дансанд хандаарай.
6. -Монгол улс авилгаараа дэлхийн улсуудаас 2-т жагсав-
"Wall Street" сонин авлигаараа тэргүүлдэг орнуудыг жагсаахад манай улс хоёрдугаарт оржээ. Иргэдийн санал асуулгаар үнэлсэн энэ жагсаалтыг Африкийн Либер улс тэргүүлсэн байна. Дэлхийн авлигын барометр гэсэн уг судалгааг Олон улсын ил тод байдал байгууллагаас хийдэг юм байна. Энэ удаагийн судалгааг 107 оронд явуулжээ. Монголоос судалгаанд оролцогчдын 77 хувь нь төрийн албан хаагчид авлигын хэрэг холбогддог, мөн 66 хувь нь цагдаа нар авлига авдаг гэв. Энэ жагсаалтын эхний есөн улсад Либер, Монгол, Венесуэл, Зимбабве, Мексик, Парагвай, ОХУ, Нигер, Замби орсон аж.
7. -Цахим ертөнцөд үг хэлснийхээ төлөө хоригдлоо-
Ц.Бат инженерийг шүүхээс Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлоор түүний нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн гэсэн үндэслэлээр гурван сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гарган цагдан хорилоо.
Түүнийг найман сарын хугацаанд шалгасан гэх бөгөөд түүнийг гурван сарын хугацаанд 3000 гаруй удаа А.Гансүхийн нэр төрд халдаж жиргэсэн гэж үзсэн байх юм. Энэ талаар сийрүүлвэл, Бат инженер өөрийн твиттер хуудаснаа "Билэгсайханыг МИАТ-с хөөж явуултал би Гансvx, Женко, АН-ыг баалсаар л байх болно", "МИАТ-г энэ тэнэгээр доромжлуулсаар байхыг зөвшөөрхгүй”, “АТГ өөрийгөө шалгуулсан бvxнийг буруугүй гээд явуулчихдаг юм байх даа. Тийм биш юм бол Билэгсайханыг шалгуулах дуран дээр нь шалз хуйхлаасай” зэрэг бор шувуу нисгэсэн байна.
Ц.Бат нь ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн дүү аж. Баривчлагдсаных нь маргааш өдөр нь дүүгээ эргэсэн. Мөн түүнийг өмөөрч жиргээчин залуус талбай дээр өчигдөр жагсаад авсан. Тэд гараараа амаа таглан "Бидэнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө алга. Олон нийтийн сүлжээ бол ардчилсан засгийн хамгийн сайн тал гэж боддог. Гэтэл өнөөгийн нийгэм коммунист засаглал, ардчилсан засаглал хоёрын хамгийн муу талыг авчихсан эрлийз гэдгээ нотлож байна" хэмээн Ц.Батыг хорьсонд эсэргүүцсэн юм.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
Зочин · 2014/08/24
УИХ-ын нь индэр дээрээс ХЯТАД ХҮН минии нутаг гэж уншихыг сонсохгүй гэхдээ Женко ирээгүй, Эмэгтэйчүүдийн илүүдэлтэй гэж **********лж охидоо хүүхнүүдээ зарахдаа тэр тулаагүй
Зочин · 2014/08/24
Зочин · 2014/08/24
Орос хятадын дарга нарын байнга уриад байвал долл ар унж хүмүүсийн амьдрал сайжрах юм шигээ
Зочин · 2014/08/24
Орос хятадын дарга нарын байнга уриад байвал до******** унж хүмүүсийн сайжррах юм шигээ
Зочин · 2014/08/23
Зочин · 2014/08/23
Bvh bolohgui zuild manai ulsiin ner deegvvrt yavah yumaa
Зочин · 2014/08/23
Delkhiid yu bolj bitehgui bn yamar muu uzuulelt bn ter bugdiig mongol uls terguuleh yum daa /avilgal, utaa, toos, muu zam, tugjrel, baigaliin doroitol geed/
Зочин · 2014/08/23
Gomdoltoi bn mongol uls avilgalaaraa negd bh eostoi liberia uls avilgal uguud avilgalaaraa negdugeert orson bn