Нийслэлийн 58-р дунд сургуулийн бага ангийн сургалтын менежер Ц.Адилхишиг бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

-“Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр” батлагдлаа. Өөрөөр хэлбэл бага ангийн сургалт шинэчлэгдлээ. Энэ шинэчлэл ямар санагдаж байна? Өмнөхөөсөө ялгаа юу байна вэ?

-Маш их ялгаа байна. Багшийн заах арга, хичээлүүдийн уялдаа холбоог сайжруулсан, багшийн эрх зүйн актуудыг нарийн тусгасан, багш аваад шууд хэрэгжүүлж эхлэхээр бүх юм нь бэлэн, их сайн боловсруулсан хөтөлбөр байна гэж дүгнэж байна. Ялангуя багш нарт заах аргын талаар шинэ бодол, сэдлийг ихээхэн төрүүлж байна. Өмнө нь багш нар өөр өөрсдийнхөө бодлоор л заах ёстой хичээлээ заагаад л явдаг байсан. Гэтэл одоо суралцахуйн жишиг удирдамж багш бүрийн гар дээр очиж байна. Тэгэхээр дөнгөж төгсөөд ирсэн багш хүртэл тулгамдах зүйлгүй сургалтаа явуулж болохуйц болсон байна. Сая хоёр хоног бидэнд яамнаас ерөнхийдөө хөтөлбөрөө танилцуулаад, хичээлийн заах аргын сургалтыг түлхүү явууллаа. Маш их зүйлийг сурч, мэдэж авлаа.

-Заах аргын сургалтаар яг юу заасан бэ? Яг хүүхдийн хичээлд юу өөрчлөгдөх бол?

-Өмнө нь багш өөрөө бүхнийг төлөвлөөд түүнийгээ хэрэгжүүлээд явдаг байсан. Өөрөөр хэлбэл багш заана, хүүхэд сурна гэдэг ерөнхий тогтсон ойлголттой л байлаа шүү дээ. Одоо бол эсрэгээрээ. Хүүхэд бүрийн хүсэл, сонирхолд нийцүүлж багш сургалтаа явуулдаг болно. Төлөвлөлтөө маш сайн хийж байна. Боловсруулалтаа сайн хийнэ. Багш хичээлээ удирдаад явахад хичээлийн хэрэглэгдэхүүнээсээ авахуулаад бүгд ойлгомжтой, цааш нь дэлгэрүүлээд, хөгжүүлээд явах боломжтой боллоо.

-Энэ хөтөлбөрөөр сургалтаа явуулаад эхэллээ гэхэд хүүхэд бүр жигд хөгжих үү?

-Хүүхэд бүр хөгжих боломжтой. Энэ бол хуучин тогтолцооноосоо тэс өөр. Дээр нь багш бүрт таалагдаж, багш бүр дэмжиж байна шүү дээ. Бид нарын яг хүсэн хүлээж байсан арга зүй, технологи мөн. Бид их баяртай байна. Олон жил боддог байсан ч хэрэгжүүлж чадаагүй, завдаагүй бүхнээ одоо хийх боломж олдож байна. Энэ жил бага ангийн хүүхэд бүрийг өмнөх жилээс нь тэс өөр сургалт, сургалтын орчин хүлээж байна.

-Бага ангийн сурах бичгүүд бүгд өөрчлөгдсөн байна. Шинэ сурах бичгийн талаар та юу бодож байна вэ?

-Бид шинэ сурах бичигтэйгээ танилцлаа. Өмнөхөө бодвол хүүхдийн оролцоог бүрэн хангасан ном болжээ. Хүүхдээс бодлыг нь асуусан, түүгээрээ дамжуулаад ойлгуулах гэсэн. Өөрөөр хэлбэл яг сургалтын хөтөлбөртэйгөө яг таарсан сурах бичиг байна. Дээр нь дагалдаад багшийн ном ирж байна. Өмнө нь багш хүүхдийнхээ сурах бичгийг хараад л ажилладаг байлаа шүү дээ. Гэтэл одоо багшийн номоор дамжуулаад тухайн сурах бичгээ хэрхэн ашиглах, хичээлээ хэрхэн илүү баяжуулж орох, хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ гэх зэрэг зөвлөмжүүдийг авах боллоо. Ер нь л багшийн ажлыг дэмжсэн, хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн хүүхэд төвтэй сургалтын хөтөлбөр болж шинэчлэгдсэн байна. Үр дүнгээ өгнө гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.

Л.Цог