-Зарим чиглэлийг нэмж 500 төгрөгөөрөө зорчиж сэлгэн суултаа үнэгүй хэвээр үлдээе-

Аливаа зүйлд шинэчлэлт хийгдэхэд түүнийг шүүмжлэл дагадаг жамтай. Үүний нэг жишгээр энэ сарын 22-ны өдрөөс эхлэн хотын даргын зарлигаар нийтийн тээвэрт чиглэлийн өөрчлөлт орж, иргэд өдрийн турш 500 төгрөгөөр зорчиж сэлгэн суулт үнэгүй яваад найм хоногтойгоо золгож байна. Энэхүү ажил нь энэ сарын 31-нд дуусна. 

Эхэндээ учрыг нь олохгүй бухимдаж байсан иргэд овоо дөртэй болсон бололтой. Өмнөх өдрүүд шигээ хаагуур яваад хаана зогсох юм бэ? хэмээн асуух иргэд тун цөөхөн болж. Өөрсдийн зорчидог чиглэлийн автобуснуудыг андахгүй суух болсон нь ажиглагдаж байна. 

Удаж удаж дүг дүүрэн хүнтэй ирэх нэг чиглэлийн автобусанд чихэлдэн хэрүүл маргаан үүсгэж явахаас энэ нь илүү таалагдаж байгаа аж. Учир нь бүтэн өдөржин 500 төгрөгийн тасалбараар зорчих нь хэн бүхэнд таалагдаж байгаа нь ойлгомжтой. Санхүүд хэмнэлттэй. Нөгөө талдаа бас нэгэн асуудал бий. Юу гэхлээр зарим чиглэлийн автобус олон явах бөгөөд хоорондоо 2-3 минутын зайтай үйлчилж байгаа. Харин төв замаар үйлчилгээнд явж байгаа нийтийн тээвэр нь ачаалал ихтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлд олон хүн зорчиж байгаагаас гадна ойр ойрхон ирлээ ч өмнөх шигээ пиг хүнтэй чихэлдэн явж байх жишээтэй. 

Тухайлбал, "Улиастайд" амьдардаг иргэн Хотын төв болох талбайн автобусны буудлаас "Офицер" орох унаанд суугаад сэлгэн суулт хийхээр офицеруудын ордонд дээр бууна. Ийнхүү буусныхаа дараа Улиастай орох чиглэлийн автобусаа нүд, хөлөө чилтэл харж зогсоно. Удаан хүлээсний эцэст буюу 20-30 минутын дараа өнөөх чиглэлийн автобус пиг хүнтэй ирэх нь тэр. Удаан хүлээсэн хүмүүс хурдан л сууж гэрийн зүг гэлдэрийх хүснэ. Гэвч багтахгүй үлдэх нь олон. Ингээд л ахиад 30 минут мөнөөх автобусаа хүлээх нь хүлээж бүүр аргаа бараад такси гэх зүйлийг зорихоос өөр аргагүйд хүрнэ. Уул нь хуучин маршрутаар бол энэ чиглэлд 3 чиглэлийн автобус үйлчилдэг байсан. Энэ үед ингэж пиг дүүрдэн ирдэггүй байсан гэж иргэд учирлаж байна. Үүн шиг удаан хүлээсний эцэст суудаг чиглэлийн автобус олон бий. Хэрвээ энэ шинэчлэлийг цааш үргэлжлүүлэх шийдвэр гаргавал, иргэд аль аль чиглэлд автобусаа нэмж явуулах, хаашаа хаашаа цөөн автобус үйлчилгээнд гаргах уу гэдгээ бодох л асуудлын нэг. 

Хэрэглэгчийн төлөө байгууллагууд нэгдэн 700-аад хүн хамруулсан, долоон төрлийн асуулт асуусан судалгааны дүнгээ олон нийтэд танилцуулж, хотын даргад шаардах бичгийг хүргүүлсэн билээ. Судалгаагаар хэрэглэгчийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь өдрийн турш 500 төгрөгөөр явж байгаа нь таалагдаж байгаа ч,  чиглэл маршрутын асуудал маш хүнд, олон дамжиж хүрэх газраа хүрч байна хэмээн бухимдаж буйгаа илэрхийлсэн байна.

Хотын даргад хүргүүлсэн шаардах бичигтээ дараах зүйлүүдийг тусгажээ. Тодруулбал,

-Эхний ээлжинд 500 төгрөгөөр өдрийн турш зорчдог байдлыг үргэлжлүүлж өгөхийг хүссэн. Өөрөөр хэлбэл, энэ ажлыг туршилтын хугацаагаар хэмжээд дуусгачихгүй, ирэх сарын ажлын ачаалалтай үеүүдэд ч үргэлжүүлж өгөөч гэсэн.

Хоёрдугаарт,  иргэд уг туршилтыг эхэлсэнээс хойш мах их бухимдалтай байна. Тиймээс сургууль, цэцэрлэг эхлэх гэж байгаа энэ үеэр иргэдийг бухимдлыг багасгах зорилгоор хуучин маршрутад оруулж өгөхийг хүссэн. Учир нь зөвхөн Э.Бат-Үүл даргын захирамжаар шийдвэр гарсан учир, Э.Бат-Үүл дарга захирамжаа өөрчилж, хүчингүй болгох боломжтой юм.

Гуравдугаарт, ер нь ихэнх нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд их бухимдсан байна. Тиймээс нийтийн тээврийн хэрэглэгчдийг уурлуулсаныхаа төлөө “уучлал хүсээч” гэсэн. Мэдээж уучлалын цаана хариуцлага байх ёстой. Эд мөнгөний материаллаг хариуцлага байх ёстой. Тиймээс Э.Бат-Үүл даргыг нэг жилийнхээ орлогоос тодорхой хэмжээний хөрөнгийг нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хандив өгөөч гэж хүссэн.

Мөн боломжтой бол 1.3 тэрбум төгрөгөөр нийтийн тээвэрт тулгамдаад байгаа асуудалд, хүүхдийн сургууль, цэцэрлэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг тусгасан гэдгээ Монголын хэрэглэгчийн эрх, Боловсролын холбооны тэргүүн Б.Цэрэн онцолсон. 

-Нисдэг авс биш нийтийн тээвэр болсон нь-

1.5 сая оршин суугчтай олны хөлд дарагдаж буй нийслэл хотын өнгө үзэмжинд мөн  нөлөөлж байна уу гэлтэй. Өмнө нь автобусны буудал дүүрэн автобус тэгээд бие биетэйгээ уралдан хүн биш малаа ачиж яваа аятай замаар сигналаа хангинуулан давхилдаж осол гаргах асуудал олон байсан. Харин одоо энэ шинэ тогтолцоонд шилжсэнээр найм хоног нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ уралдан давхилдах дүр зургийг олж харсангүй. Энэ нь бас авууштай тал. Өдрийнхөө нормыг биелүүлэх гэж цаг, минут тутамд уралдан давхилдах нийтийн тээврийг нисдэг авс хэмээн олон хүн нэрлэх болоод удаж байв. 

-Гадаа тасалбар заруулахгүй байя-

Өдрийн турш үйлчлэх тасалбар нь тухайн өдрөө л худалдаанд гарч байгаа. Тасалбараа худалдаж авахын тулд автобусны буудал дээр зогсож, явган хүний буудал руу ирэх замыг отон тасалбараа зарж байгаа тэд өвлийн хүйтэнд бол хэцүүднэ. Чоно борооноор гэгчээр зарим нэг нь хуурамч тасалбар борлуулж байна гэдгийг нь нийтийн тээврийн газраас иргэдэд сэрэмжлүүлсэн. Тэгэхлээр тасалбараа хуучин шигээ автобусан дотроо түгээх нь зүйн хэрэг. 

Ямартай төөрч будилсан иргэд өдгөө уур бухимдалгүй болж, эерэгээр нэг харж үзэх болжээ.

Х.Даваа