“Дуулиант-7”
2014/08/29
Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг энд онцолж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдлаас түүвэрлэн буулгалаа.
1. -Өнгөрсөн долоо хоногийн Улс төрд болсон дуулианы эзнээр А.Сүхбат тодров-
Дархан аварга цолоо гардан авбал наадамчин олноо хүндэтгэн зодоглоно хэмээн мэдэгдэн А.Сүхбат шинэхэн цолоо гардаж авсан билээ. Тэрбээр хэлсэн амандаа хүрч Улсын баяр наадмынхаа торгон ногоон дэвжээнээ зодоглосон нь нэлээдгүй шуугианыг тариад авсан. Тэгвэл эл шуугианы яриа намжиж дуусаагүй байхад тэрбээр ирэх жилийн буюу 2016 оны сонгуульд нэр дэвшихээр зэхэж яваа нь олонд дуулдав. УИХ-ын гишүүн Х.Баттулга АН-д хэд хэдэн олны танил эрхэмүүдийг элсүүлсэн. Тэдний нэг нь А.Сүхбат аварга. Түүнийг сүүлийн үед Ц.Элбэгдоржтой тун ойр байх болсон гэлцдэг. Наадмын өмнөхөн түүнтэй хамт Алтай таван богдын тахилгад хамтдаа очиж оролцсон. А.Сүхбатыг МоАХ-наас зохион байгуулсан ардчилалын анхны жагсаалд оролцож явсан нь МоАХ гэх фракцийг сонгоход ихэд нөлөөлсөн аж. Түүнийг фракцаас нь Төв аймгаас нэг суудал авч чадна хэмээн үзэж сонгуулийн бэлтгэлээ базаах үүрэг өгсөн байна. АН-ын тооцоогоо төв аймагт Н.Энхболд, Су.Батболд хоёр өрсөлдөнө. Олон жил мандат улаан гэрлээр өвөртөлсөн энэ хоёрын оронд өөрийн хүнээ очно гэж хийжээ. Ийнхүү тэдний тооцоо хэр зөв, баталгаатай болж А.Сүхбат сонгогдох эсэхийг ирэх сонгуулиар харах л үдлээ.
2. -БНХАУ-ын даргын оролцсон хүндэтгэлийн чуулганд ирээгүй Х.Баттулгын дараагийн алхам юу байх вэ?-
БНХАУ-ын дарга Си ЗиньПин Монгол улсад хоёр өдрийн турш албан ёсны төрийн айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын сүүлийн өдөр БНХАУ-ын дарга Си ЗиньПин УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцон, үг хэлсэн юм. Энэ үеэр цор ганц гишүүн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцоогүй нь Халтмаагийн Баттулга.
Түүний багийн зарим нөхөд уг үйлдлийг нь эсэргүүцлээ илэрхийлж буй хэлбэр нь хэмээж буй бол Х.Баттулга ичсэндээ ирээгүй гэх эх сурвалжууд ч олон байгаа юм. Учир нь Х.Баттулгын захиалгат нэвтрүүлгээр ярьсан олон зүйл ташаа болох нь энэ айлчлалын үеэр нотлогдсон.
БНХАУ-ын дарга манай улсад 10 тэрбум юань бүү хэл хагас тэрбум ам.долларын ч тусламж өгсөнгүй. Нэгэнт их хэмжээний зээл өгөөгүй тул өрөнд оруулж, тусгаар тогтнолыг маань худалдаж авах гэж байна хэмээн цамнах нь утгагүй.
Тэр бүү хэл Монгол улсын тусгаар тогтнолыг үеийн үед хүндэтгэнэ гэдгээ хоёрдмол санаагүй хоёронтоо илэрхийлсэн БНХАУ-ын даргын байр суурийг төмөр зам тавиад танк оруулж ирэх гэж байна гэсэн гэнэн тайлбараар няцаах боломжгүй. Иймээс л МоАХ-ы дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга БНХАУ-ын эсрэг өөрийн үзэл баримтлалдаа засвар оруулж, "тэмцэхээр" төлөвлөж буй бололтой.
Тодруулбал Хятадын банкныг Монголын санхүүгийн зах зээлд оруулж ирэхийн эсрэг тэмцэхээр бас нэгэн нэвтрүүлгээ "Hero" студитэй хамтран бэлтгэж яваа юм байна.
Эх сурвалж: Sonin.mn Х.Булган
3. -Ам.долларын ханш буурч буй нь Н.Алтанхуягийн хошигруулалт уу-
Ам.долларын ханш буурч, төгрөгийн ханш чангарах сураг гарч эхлээд байна. Эдийн засгийн хямралд өртсөн иргэдийн хувьд энэ бол сайхан мэдээ. Гэхдээ иргэдийн дунд эргэлзээ бас байгаа. Учир нь наймдугаар сард ам.доллар 1905 төгрөг хүртлээ өссөн. Тэгтэл БНХАУ-ын даргыг ирэх сургаар бууж, 1835 төгрөг болоод болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар монголбанкны зарласан нэг ам.долларын ханш 1811 төгрөг байна.
Ийн буух болсон шалтгааныг Шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн "Эдийн засгийг эрчимжүүлэх-100" хоногтой холбон хардах нэгэн ч бий.
Ингэж хардах үндэслэлийг Монголын нөлөө бүхий эрхэм хэлж, “ам.долларыг 2-3 жилдээ бууруулахгүй ээ. Гадаадаас бараа импортлогчдыг бойкотлох гэж байгаа юм. Монгол улсын гадаад худалдааны алдагдал буурчихлаа. Та нар жоохон бүсээ чангал айн” хэмээн хэлж байсныг санаж байна.
10-р сарын 1-нд УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Тэр цагт Н.Алтанхуягийн засгийн газрыг “хусаж” хаях нь тодорхой. Өөрөөр хэлбэл “Эзэн-100” нь эзэнгүй 100 өдөр болж сайд нар нь гадаад дотоодоор аялж, амрангаа галуу шувууны мах идэж байгаа харагдсан. Тэднийг ийнхүү тансаглаж байхад талхны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн.
Ам.долларын өсөлтөнд ард иргэд туйлдаж гүйцсэн. Хамгийн түрүүнд бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр тэд л бухимддаг, ачаалал иргэдэд ирдэг. Ийм хүмүүсийг тайвшруулах цорын ганц арга бол тоолдог хэдтэй нь ярих. Өөрөөр хэлбэл ам.долларын ханшийг хэдэн өдөр буулгахад хэсэг бүлэг хүмүүсийн нуруу жоохон ч гэсэн тэнийнэ. Тэр үед нь Н.Алтанхуягийнн засгийн газрын огцруулах асуудал хөндөгдөж, Ерөнхий сайд “их хуцвал ам.долларын ханшийг бууруулсан шүү” гэх нь тодорхой. Монголчууд өр нимгэн, өрөвч зөөлөн улс юм болохоороо нээрээ ч Н.Алтанхуяг байвал асуудал намжих байх гээд итгэл хүлээлгэнэ. Тэр цагт хулхин дээр нь Н.Алтанхуяг гуайн засгийн газар цэцэг ургуулах биз...
Энэ удаагийн ам.долларын бууралт Н.Алтанхуягийн зохион байгуулж байгаа хошигоруулалт шүү ард түмэн минь ээ...
4. -ОУХМ Г.Болдбаатар ДАШТ-нээс алтан медаль хүртэж, Монголчуудынхаа сэтгэлийг баясгав-
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны ДАШТ өчигдөр ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д эхэллээ. 33 дахь удаагийн ДАШТ-д 120 орны 751 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүч үзэх юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодоров. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар шигшээ барилдаанд эзэн орны бөх Беслан Мудрановг нэг торгуулийн илүүгээр ялж, дэлхийн аварга цолыг хүртэв.
"Трактор" цэнгэлдэх хүрээлэнд болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид нэг алтан медалийг ийнхүү хүртсэн нь түүхийн хуудаснаа тодоос тод бичигдэн үлдлээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 60 бөх барилдсанаас D хэсгийг ОУХМ Г.Болдбаатар тэргүүлсэн. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайваныг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр(3-2) ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдаж, мөн нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулснаар дэлхийн аварга цолыг хүртлээ.
5. -Ажиа Гэгээний санаачилсан цусны хорт хавдартай хүүхдийн эмчилгээний төв үүдээ нээлээ-
АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээний санаачилгаар "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" үүд хаалгаа нээв. Тэрбээр 2012 оноос ЭХЭМҮТ-ийн дэргэд цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлгээ барьж эхэлсэн. Энэхүү эмнэлэг нь бүхэлдээ сайн хүмүүсийн хандив, өглөгөөр боссон юм.
Монголд анх удаа орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан дэлхийн стандартад нийцсэн эмнэлэг болж чаджээ. Хойч ирээдүйнхээ эрүүл энхийн төлөөх энэхүү үйлсэд сайхан сэтгэлт олон хүн нэгдэж нийтдээ 3 сая орчим ам.долларыг босгосон байна. Төр засаг ч гар хумхилгүй 400 сая төгрөгийн тусламж үзүүлснийг УИХ-ын дарга З.Энхболд онцолсон.
"Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба 50 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм. ЭНЭШТ-ийн хяналтанд одоогоор цусны хорт хавдартай гэх оноштой 700 гаруй хүүхэд байдаг аж.
2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөн судалгаа бий. Тиймээс өвчиндөө шаналах хүүхдүүдийг тухтай орчинд эмчлэх, сэтгэл санааны дэм өгөхөөр Монголын эрүүл мэндийн салбарт асар том хөрөнгө оруулалт хийж байгаа Ажиа гэгээнд нийт монголчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье.
6. -М.Батбаяр хүндийн өргөлтийн дэлхийн аварга боллоо-
Хүчний гурван төрөлт буюу Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 20-24-ний хооронд ОХУ-ын нийслэл Москва хотноо болж өндөрлөсөн юм. Нийт 18 орны 1800 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн 27 тамирчин амжилттай оролцоод энэ сарын 27-ны өдөр эх орондоо ирсэн билээ.
Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээний 100 кг-ийн жинд ШШГЕГ-ын тусгай бүлгийн ажилтан, ахмад М.Батбаяр Пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо. Мөн тэбрээр газраас таталтын төрөлд хүрэл медалийг хүртэж өндөр амжилт үзүүлсэн юм.
Өнгөрсөн додугаар сард Дэлхийн аваргын цомын тэмцээний аваргаар шалгарсан М.Батбаяр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер цолтой, чадвартай, туршлагатай тамирчин.
Пауэрлифтингийн спортоор 9 жил хичээллэж байгаа тэрбээр 2015 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ үзэхээр бэлтгэлээ базааж буйгаа дуулгалаа.
Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд дуурсган алтан соёмбот төрийн далбаагаа дэлхийн аваргын амжилтаар намируулсан М.Батбаяртаа баяр хүргэж, цаашдын олон тэмцээнд нь өндөр амжилт хүсье!
7. -Өттэй хоолоор үйлчилсэн “Лян Хө” - г хаалаа-
Энэ сарын 27-ны өдөр Кино үйлдвэрийн баруун талд байрлах “Лян Хө “хэмээх Хятад хоолны газар өттэй хоолоор үйлчилсэн мэдээ цахим ертөнцөөр тарсан билээ. Тэгвэл энэ мэдээллийн дагуу МХЕГ, НМХГ-ын удирдлагаас өгсөн үүргийн дагуу БЗД-ийн МХХэлтсийн даргын баталсан 11/105 тоот удирдамжтай шалгалтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Нандинхүү” ХХК-ний “Лянь – Хө” зоогийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг үндэслэн улсын байцаагчийн 11 заалт бүхий 28-03-207/171 дугаартай акт үйлдэн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
Улмаар “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16.1.3 дахь заалтыг үндэслэн тус аж ахуй нэгжид 960,000 мянган төгрөгөөр торгосон аж.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
Зочин · 2014/08/31
хгрййашшhujaagiin sanaag guicej uhaarhgui *****ee
Зочин · 2014/08/31
хгрййашшhujaagiin sanaag guicej uhaarhgui *****ee
Зочин · 2014/08/30
Дэлхийн аварга болсон ******ирчиддаа баяр хүүргье
Зочин · 2014/08/30