Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэхүү шийдвэрийн дагуу Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр явуулж наймдугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. 

Цахимаар нийт 281'440 иргэн бүртгүүлснээс 14'954 иргэнийг цахим систем автомат үйлдлээр тодруулсан юм.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 91927 иргэн бүртгүүлж, 909 иргэн

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 96028 иргэн бүртгүүлж, 4'169 иргэн

Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой – 67920 иргэн бүртгүүлж, 869 иргэн 

Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг –17075 иргэн бүртгүүлж, 7'504 иргэн

Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр – 8490 иргэн бүртгүүлж, 1'484 иргэн тус тус сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон билээ.

Эдгээр иргэд дараах газар очиж өргөдлөө өгнө. Үүнд,

СХД-ийн соёндын аманд сонгогдсон иргэд ажлын өдрүүдэд тус дүүргийн 62-р сургууль,

Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд сонгогдсон иргэд 75-р сургууль,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд сонгогдсон иргэд ЗДТГ-ын иргэний танхимд,

Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт сонгогдсон иргэд Гүнгалуутай цогцолбор сургууль,

Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт сонгогдсон иргэд Хангай цогцолборт өөрийн биеэр очиж өргөдлөө өгөх байсан. Харин 4500 иргэн газраа өмчлөх хүсэлтээ ирүүлээгүй байна. Тэд дээрх зарласан хугацаанд харьяа дүүргийнхээ газрын албанд хандах ёстой байсан ч харьяалалгүй иргэд олон байснаас өмчлөх хүсэлтээ ирүүлээгүй аж. Тиймээс цахимаар хүсэлт илгээсэн хүмүүсээс энэ долоо хоногтоо багтаан дахин сонгон шалгаруулалтыг хийхээр болжээ. 

Энэ талаар НӨХГ-ын мэдээлэл технологийн хэлстэсийн дарга Б.Жадамба: "Журамд заасан хугацаанд газар өмчлөх эрхийн хүсэлтээ өгөөгүй учраас энэхүү газар өмчлөх эрх нь цуцлагдана. Иймд өмнө нь газар өмчлөх хүсэлтээ цахимаар явуулсан иргэдийн дунд дахиж сонгон шалгаруулалт явуулна. Дахин сонгон шалгаруулалтыг энэ долоо хоногтоо явуулах гээд төлөвлөн ажиллаж байна. Дараагийн газрын байршлийг энэ сардаа багтааж зарлаад сонгон шалгаруулалтаа явуулах болно" гэлээ. 

Энэ долоо хоногт 4500 орчим иргэн дахин сонгон шалгаруулалтаас газартай болох юм.

Х.Даваа