Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулж “Open door” сонины эрхлэгч Б.Ганчимэг “Авьяас” хүүхдийн ордны захирал С.Амгалантай хүүхдийн авьяасыг хэрхэн хөгжүүлэх сэдвээр сайхан ярилцлага хийжээ.


-Манай урилгыг хүлээж авсанд баярлалаа. Сүүлийн үед нэлээн эрх чөлөөтэй ажиллаж байгаа. Учир нь сонины маань нэр “Нээлттэй хаалга”. Тийм учраас энэ сонины нийтлэлийн бодлогыг дагаж илүү эрх чөлөө орж ирсэн учраас ярилцах юмсан, хийж байгаа ажлыг нь олон түмэнд хүргэх юмсан гэж бодож явсан залуучуудаа түрүүчээс нь уриад явж байна. Таны өмнө МАН-ын хуулийн зөвлөх Б.Энхбаярыг урьж ярилцсан. Энэ удаа таныг сонголоо.
-Баярлалаа.
-Та бол твиттерийн жиргээчдээс сонгож урьж буй гурав дахь зочин. Таныг хүүхдийн нийгмийн асуудлууд, хүүхдийн хөгжлийн талаар цуцалтгүй үйл ажиллагаа явуулдгийг анзаарсан. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг л зүтгэж байх шиг байна. Хүүхдийн ордон гээд хуучны ногоон ордон мөн үү. Та тэр байгууллагыг удирдаж авч явж байна уу?
-Тэр хүүхдийн ордон биш л дээ. “Авьяас” хүүхдийн ордон бол хувийнх. Анхны хувийн хүүхдийн ордон гэхүү дээ. Би энэ ажлаа эхлэхдээ их бодсон. Хараад л байхад зөвхөн хотын төвийн хүүхдүүдэд л хөгжил очдог. Бусад газруудад ерөөсөө очдоггүй. Тэнд амьдарч байгаа хүүхдүүд орхигдсон тал анзаарагдаад байдаг. Тэгээд бодсон. Хүүхдийн ордон байгуулах юмсан гэж. Олон жил хүүхдийн сонин хийсэн, тэдэнтэй ойрхон байсан хүний хувьд юм хийе л гэж мэдрэмж төрөөд байсан. Тэгээд найзынхаа дэмжлэгээр хүүхдийн ордныхоо байшинг барьсан. Гоё гоё юм их бодох юмаа. Болдог бол дүүрэг бүрт, цаашлаад аймаг бүрт “Хүүхдийн ордон”-той болгохсон гэж мөрөөддөг. Миний найзаасаа туслалцаа авч барьсан байшин маань том биш ч хүүхдэд зориулагдсан болохоор сайхан л даа.

bagsh88
-Танайх байгуулагдаад хэр удаж байна.Олон хүүхэдтэй юу?
-Байгуулагдаад жил л болж байна. Одоогоор 400-гаад хүүхэдтэй байна.
-Бид юмыг сонин хардаг юм байна. Том байшинтай, гоё машинтай баян хүмүүс руу хараа яваад л. Цаана нь юм хийж байгаа, бүх хүчээ дайчлан зүтгэж байгаа жирийн хүмүүсийг олж хардаггүй. Түүнтэй адил нийтээрээ хүүхдийн төлөө гээд байгаа боловч хүүхдийн хөгжил хаанаа яаж явж байгаа юм, ядуу доройгоосоо болоод авьяасаа нээх цагтаа нээж чаддаггүй яваа хүүхдүүд байна уу гэдгийг анхаардаггүй . Яам тамгын газрын бодлого нь байвч хязгаарлагдмал, алслагдмал газраа хүрдэггүй байсан. Гэтэл хүүхэд бүгдэд тэгш гараа байх ёстой. Онц сурдагт нь, эсвэл нэр нөлөөтэй айлын хүүхдэд анхаарал илүү тавиад явдаг байдал одоо ч хавтгай байна.
-Хүүхдийн төлөө гэсэн чинхүү халуун сэтгэлтэй хүн л хүүхдэд зориулсан ажил хийдэг юм билээ. Энэ салбараас ашиг хонжоо хайгаад ч юм уу, өөр бодлогоор ажиллах юм бол хүүхдийн төлөө ажиллаж чадахгүй. Хүүхдүүд ч өөрсдөө үүнийг мэдэрдэг юм шиг байгаамаа. Өөрийнх нь төлөө юу, өөр зорилготой юу гэдгийг. Ер нь Монголд маань жаахан сэтгэл л дутаад байгаа анзаарагддаг. Наад захын жишээ, хүүхдийг нэгдүгээр ангид орлоо гэхэд төрсөн сараар нь ангилах хэрэгтэй. Балчир 6 настнуудын хувьд сарын зөрүү гэдэг асар их мэдрэгддэг. Миний бодол л доо. Анзаараад байхад ангийн онц сурдаг, мундаг хүүхдүүд дандаа жилийн эхээр төрсөн байдаг. Тэр нь үнэхээр шилдэгтээ биш сарын зөрүүд байна уу даа. Түүнийг эцэг эх эсвэл авьяасыг нь хөгжүүлэх учиртай багш нар нь мундаг хүүхдүүд гэж эндүү хардаг. Тэгээд нөгөө хэдтэйгээ л ажиллаад байдаг. Нөгөөдүүл нь хоцрогдсон юм уу, авьяасгүйдээ биш. Насныхаа түвшинд л байгаа байхгүй юу. Иймэрхүү жижиг юмыг манайхан анзаарах хэрэгтэй юм билээ. Дани улсад гэхэд бүүр 10 нас хүртэл ямар нэгэн байдлаар хүүхдийг хооронд нь өрсөлдүүлэхийг хориглодог юм билээ. Сарын жилийн ялгаа арилтал гэсэн үг.
-Танай “Авъяас” хүүхдийн ордон долоо хоногийн өдөр бүр хичээллэдэг үү. Өдөрт хэдэн цагаар хичээллэдэг вэ ?
-Хүүхдүүдийн цаг завд тааруулаад л өдөр бүр үдээс өмнө, мөн үдээс хойно хичээллэдэг. Хөгжим, уран нугаралт, төгөлдөр хуур, морин хуур, зураг, драм, шатар гээд есөн төрлийн дугуйлан хичээллүүлдэг. Бас өдөр өнжих ангитай.
-Манайд өдөр өнжүүлэх, 24 цагийн цэцэрлэг дутагдаж байна. Том сургуулиуд өдөр өнжүүлэх ажиллуулдаг ч зүгээр л хүүхдүүдийг хашчихдаг. Та анзаарсан уу?
-Анзаарсан анзаарсан. Өдөр өнжүүлэх гэж хүүхдүүдийг хашаад л суулгаж байдаг газрууд бий болсон. Өглөө хичээлд ирсэн хувцастайгаа тэндээ хашигдаж өнжөөд, орой ядарч цуцсан хүүхдүүд л харьж байгаа юм л даа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Манай өдөр өнжих тогоочтой, жолоочтой, үйлчлэгчтэй, нийгмийн ажилтантай, мэргэжлийн багш нартай. Шатрын ангитай, бүжгийн заалтай, амралтын өрөөтэй, хичээлийн танхимтэй. Өдөр өнжих гэхээр л 2 хүн байр түрээслээд тэндээ хоолоо хийгээд л, өөрсдөө хүргэлт авалт хийгээд л, шалаа ч угаагаад л, хичээлээ заагаад л байж таарахгүй л дээ.
-Танайх бол үүнийг арай өөрөөр зохион байгуулсан юм байна. Одоо яг хэдэн багштай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Мэргэжлийн багш нартайгаа 14 хүн бий. Өдөр өнжихийн багш 5. Өдөр өнжих их хэрэгтэй юм шүү дээ, уг нь. Гэтэл зарим буруу үйл ажиллагаа явуулдаг газруудаас болоод өнөөдөр нэг л ад үзэгдсэн байдалтай. Ташаа ойлголттой болчихоод байгаа юм. Өдөр өнжих бол хүүхдийг сайн сурахад нь эцэг эхчүүдийн ачааллаас хуваалцдаг орчин гэсэн үг. Түүнээс биш бид тэр хүүхдийг амжилттай сургах үүрэг хүлээсэн хүмүүс биш. Тийм эрх ч байхгүй. Өдөр өнжүүлэхэд сургалт явуулах ямар нэгэн эрх өгдөггүй. Ашиг орлогоо бодоод хоцрогдол арилгана энэ тэр гэвэл болоод л байх юм билээ. Гэхдээ бид тэгж чадахгүй. Сургууль боловсролыг системтэйгээр олгож байхад дундуур нь өдөр өнжих ороод сургалт явуулаад байх дэмий л дээ.
-Ерөнхий боловсролын сургуулиуд хаанаа алддаг юм. Хүүхдээ хөгжүүлэхдээ яаж алддаг юм. Тэрийг нь л олж нөхөх газар гэж ойлголоо.
-Яг үнэнийг хэлэхэд хөөрхий Монголын хэдэн багш нар маань эцэг эх, хүүхдүүдээсээ айдаг болсон байна шүү дээ. Жаахан л хатуухан үг хэлбэл, бараг муухай харахаар л бөөн хэл ам хийгээд зарга заальхай болчихдог. Эсвэл телевиз дуудна, сонинд бичүүлнэ. Яам руу матна, 1111 рүү утасдана. Тийм болохоор багш нар үнэндээ ажлаа хийхэд амаргүй байгаа. Бид сурагч байхдаа багшдаа загнуулаад, шийтгүүлээд явж л байсан шүү дээ. Бид гомдож явсангүй, мэддэг ч үгүй байж. Зөвтгөөгүй шүү. Зарим нэг буруу жишгүүд тогтоод байна уу даа л гэж харж байгаа. Эцэг эх, багш, хүүхдүүдийг гурвалсан холбоо гэдэг. Тулгын 3 чулуу. Гэтэл эцэг эх гэдэг тулгын чулуу нь алга болж, үүргээ гүйцэтгэхээ больж. Эцэг эх нь сургуульд оруулсан, төлбөрийг нь төлсөн л бол болоо гээд бусдыг нь сургууль багшид даатгадаг. Хүүхдийнхээ цүнхийг онгойлгож үзээгүй эцэг эх байж л байдаг. 8 дугаар ангийн хүүхдийн аав 5 дугаар ангийн эцэг эхийн хуралд очоод суусан тохиолдол гарч л байсан шүү дээ.
-Арай ч дээ.
-Үнэхээр ийм явдал болсон. А,Б бүлгийг нь андуурч болно. 5-р анги 8 дугаар ангийг андуураад хурал дуустал нь сууж болох уу. Ийм эцэг эх байгаа байхгүй юу. Аймаар биз дээ. Эцэг эх багш,хүүхдийн холбоо ингэж л тасарсан байна. Тэгээд багшийг л хүүхэд муу сургалаа гээд загнаад байна. Багшид эцэг эхийн дэмжлэг асар хэрэгтэй байна шүү дээ. Бас нэг юм байна. Хүүхдийн авьяас чинь тасралтгүй үйл ажиллагааны үр дүн. Цас орж байна уу, бороо шаагиж байна уу хамаагүй. Цаг зав , нойр хоолоо умартан араас нь явж байж таны хүүхдийн авьяас хөгжинө. Мэдээж хүүхэд өөрөө явж чадахгүй. Эцэг эх л дэмжинэ.
-Эцэг эхчүүд маань зав муутай, мөнгө төгрөг гээд хүүхдээ орхигдуулаад байна тиймээ
-Тийм. Гэхдээ байнаа нээх том том ажил төрөл, орлого зарлага ярьсан улс. Хүүхдээ бусдад даалгаад орхичихдог. Тэгээд барахгүй бүүр өндөр дуугаар загнана, зарим нэг нь бүүр зодож байгаа хүүхдээ. Хөөрхий хүүхэд бидэнд юм санахгүй нь сайхан юм даа. Инээгээд л гүйж явна, хөөрхөөн. Эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ ажиллах арга барилаа өөрчлөхгүйгээр 1000 сайн багш, сургуульд өндөр төлбөр төлөөд яах юм бэ. Хүүхдээ хүмүүжилтэй сайн хүн болгоё л гэж бодож байгаа бол өөрсдөө жаахан хүмүүжилтэй байх хэрэгтэй. Ядаж л хүүхэд рүүгээ хашгирахаа болих хэрэгтэй. Хүүхдээ загнаад л зандчаад сүйд, тэгсэн атлаа хүүхдээ зан аашийн өөрчлөлттэйг нь гайхаад байдаг. Өөрсдөө хүмүүжүүлчихээд. Ядаж хүүхдийн хүмүүжлийн тухай ганц ном уншмаар л байгаан. Баахан хүмүүжлийн доголдолтой томчууд. Хүүхдээ гайхсан улс л байх юм. Өөртэйгээ эхлээд ажиллахаар хүүхэд аяндаа дагаад шаал өөр хүн болно.
-Мөнгө төлөөд л хүүхэд нь сайн хүн болно гэж боддог эцэг эх олон байгаа байх, танд анзаарагддаг л байлгүй
-Хүүхдээ чөлөөт цагаа зөв өнгөрөөж сургавал юутай ч зүйрлэхгүй үнэтэй хөрөнгө оруулалт юм л даа уг нь. Юун тэр мөнгө. Бас их сайхан сэтгэлтэй, энэрэнгүй хүн болгоход анхаармаар л байгаан. Хүүхдэд хоол унд, хичээл ном, хувцас хунараас гадна авьяасаа хөгжүүлэх гэдэг хэрэгцээ байдаг гэдгийг анзаарч харахгүй л гүйж явна даа Монголчууд маань
-Авъяасгүй хүүхэд гэж байх уу ?
-Хүүхэд бүр унаган авьяастай. Бид ажиглаж дэмжих л ёстой. Авьяасыг тасралтгүй үйл ажиллагаагаар дэмжиж, тэтгэх хэрэгтэй. Та бид хоёрын энэ яриад суугаа ч дэмжлэг. Эцэг эх нь дугуйланд нь хүргээд явж байна. Дэмжлэг мөн. Гэтэл яадаг вэ гэхээр эцэг эхчүүд маань дугуйланд явж байгаа хүүхдэдээ за за аавынх нь нойр хүрээд байна. Өнөөдөр чи унтчих, тасалчих гэдэг. Хүүхэд нь тэгээд л дугуйлангаа тасалж , унтаж болдог юм байна гэж ойлгодог. Яг үнэндээ дугуйлан секц, хичээл ном гэдэг бол нэг зоосны хоёр тал л байхгүй юу. Салшгүй, хоёул хамтдаа байж хүүхэд маань мундаг хүн болно. Уран нугаралтын дугуйлан байна. Хүүхэд маш өндөр ачаалал авдаг. 300-400 суниадаг ч юм уу. Тийм ачаалал аваад сурчихсан хүүхэд хичээлд 45 минут суухад ямар ч асуудал байхгүй . Ачаалал даагаад сурчихдаг. Ядаж л энэ талаасаа дугуйлан хүүхдэд маш эерэг нөлөө үзүүлдэг. Тоочоод байвал их олон эерэг зүйлүүд бий л дээ
-Та бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг. Твиттерээр ажлаа бичдэг хүн бараг та ганцаараа. Бусад нь хорвоогийн бүх юмыг хамж шимээд л жиргэдэг. Та эцэг эх, хүүхдүүдэд ч хандаж бичдэг. Тус дэм хэрэгтэй хүүхдүүдийн тухай ч та бичдэг. Жиргээчид таны ажлыг үнэхээр дэмждэг үү. Эсвэл хөөс үү. Та твитерийг ер нь юу гэж ойлгодог вэ ?
-Твиттер ярвигтай, ур чадвар, ухаан шаардана. Бас сайхан сэтгэл шаарддаг гэж ойлгодог. Би сэтгүүлч болохоороо л амархан ууссан байх. Ажил хэргийн хувьд зарим нь намайг дэмждэг. Хүүхдүүдийн төлөө гуйх үе бий л дээ. Зарим нь загнана. Ажлаа хий, хөдөлмөрлө гэдэг. Би ажлаа хийгээд л байгаа байхгүй юу. Өвлийн өвгөн эсвэл тэрбумтан биш болохоор гуйлга гуйхаас аргагүй болох юм. Ганц төгөлдөр хуур өгөөч гэх үе бий. Түүгээр би биш хүүхдүүд тоглоно л доо.

ganaa99
-Хулан гэдэг охины тухай та бичээд байсан, юу болсон бэ
-Манай Хулан дугуйландаа явж байгаа. Д.Дагвадорж аварга туслана л гэсэн.
-Хүүхдийн төлөө ажиллана гэдэг тавилангаа бүрэн өгөх тухай л асуудал. Таныг ажиглаад байхад бүх л амьдралаа хүүхдийн төлөө өгчихсөн хүн харагддаг. Төрийн байгууллага , яам тамгын газруудын зүгээс тус дэм болох юм уу?
-Хандсаан, дэмий юм байна лээ.Тэд туслахгүй. Тэрний оронд найз нөхдөдөө, жиргээчдэдээ хандвал дээр.
-Бид юу ч гэсэн танай “Авьяас”хүүхдийн ордны сурталчилгааг нэг улирал үнэгүй тавьж өгье. Манай сониныг уншдаг эцэг, эхчүүд , хүүхдүүдэд хүрэг.
-Баярлалаа.
-Та сэтгүүл зүйд олон жил ажилласан . Ингэхэд сэтгүүлчийн ажлаа яагаад орхисон бэ?
-Орхисон ч гэхэд хаашаа юм . Сэтгүүлч чинь байнга л юмыг мэргэжлийн нүдээрээ хардаг. Нэг мэдэхэд л харсан зүйлийнхээ үг үсгийн алдааг засаад байж байдаг. Өвчин болчихдог байхаа., мэргэжлийн. Гадуур гудамжны самбар хараад л тийм өнгөөр хийсэн бол зүгээр байж дээ гэх ч юм уу. Дандаа л сэтгүүлчийн өнцгөөс хандаад байдаг юм байна. Их инээдтэй
-Та “Сурагч” сонинг олон жил гаргаж байна. Хүүхдүүдийн хамгийн их захиалдаг хэвлэл биз дээ.
-Хүүхдүүдэд гоё юм өгье гээд л явж байна. Анх “Сурагч” сонингоо гаргахад сард бид шуудангаар 1000 захиа авдаг байлаа шүү дээ. Хүүхдүүд гоё шүү дээ. Том хүмүүс тэгж бичих үү. Хүүхдийн ертөнц гэдэг үнэхээр сайхан, үнэхээр ариун гэгээн шүү дээ. “Сурагч” сонинг одоо өөр хүмүүс хариуцан гаргаж байгаа. Би “Авьяас” хүүхдийн ордны ажлаа л хийж байна. Гэхдээ сонинтойгоо холбоотой хэвээр.
-Өөрөө дугуйландаа багшилдаг уу?
-Үгүй. Өдөр өнжүүлэхдээ бол багшилнаа. Манайх их сайн багш нартай л даа. Шатрын их мастер Батчулуун, эгч дүү гурван нугараачийн нэг Энхцэцэг багш, Таеквондогийн багш гэхэд Солонгосоос мэргэжлийн дасгалжуулагч авчирсан, тэр багш маань Монголд байхгүй өндөр зэрэглэлийн хүн. Монголоос олимпийн аварга төрүүлнэ гэж ярьдаг. Гоё байгааз. Хамгийн гол нь манайх хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй багш нартай
-Хүүхдүүдийн дунд зохиогддог тэмцээнүүдэд танайхан хэр оролцдог вэ ?
-Саяхнаас л оролцож байна. Уран нугаралтынхан маань оролцсон. Алтан медаль авсан. Таеквондогийн хүүхдүүд маань анхныхаа хүрэл медалийг авсан.
-Хүүхдүүд аль чиглэлийн дугуйланд илүү хамрагддаг вэ. Оюун ухааных уу, эсвэл урлаг ,соёл тал руу юу ?
-Янз бүр дээ. Зарим аав ээжүүд хүүхдээ бүжиг, шатар, зургийндугуйланд зэрэг явуулах гээд байдаг. Уг нь хүүхдээ хөгжүүлье гээд яваад байгаа нь сайшаалтай. Гэхдээ л ингэж болохгүй ээ. Хүүхдийн авьяасыг олж илрүүлэхэд хугацаа хэрэгтэй. Нэг сар хангалтгүй
-Арай гэж нэг учраа олж эхэлж байхад нь өөрчилчихдөг юм байна даа. Өөрөөр хэлбэл хүүхдээс сонголтыг нь булааж аваад байгаа хэрэг биз дээ?
-Миний дээр хэлсэн авъяас бол тасралтгүй үйл ажиллагааны үр дүн гэдгийг ойлгохгүй байна. Дугуйланд хүүхдээ ямар зорилгоор явуулаад байна гэдэг нь бас сонин. Үнэхээр авъяасыг нь хөгжүүлэх гээд байна уу. Хөл гарыг нь засах гээд байна уу гээд. Би эцэг эхчүүдтэй уулзаад хамгийн түрүүнд та нар өглөө унтахгүй шүү л гэдэг. Замын дундаас буцахгүй. Хүүхдээ уйгагүй зөөнө шүү. Бид сайн ажиллая. Хамтраад хүүхдээ хөгжүүлье л гэдэг. Манай эцэг эхчүүд одоо бүр андахаа больсон. Сайн ойлговол энэ чухал л үг л дээ. Манайхан арай дэндүү унтдаг, та мэднэ. Дэлгүүр хоршоог хар л даа. Өглөө 10-11 цаг гээд л онгойж байна шүү дээ. Би бол аль болох дугуйлангаа эрт хичээллүүлдэг. Эртэч хүмүүс олон бол Монголд хэрэгтэй л дээ. Ер нь тэгээд олон л юм бодох юм даа.
-Бодно гэдэг бас хийхийн тал шүү дээ.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжлийн талаар нэг ч ном уншдаггүй. Том том юм л яриад байдаг.
-Манайд бол багш заагуураа бариад л тэр дээр зогсч байдаг. Багшийн суудал ч өндөрт байрласан байх нь элбэг .
-Харин тийм тэр заагуур нь хэзээ ч хичээл заадаг хэрэгсэл гэж хүүхдэд харагдахгүй. Аймшгийн заналхийлсэн зэвсэг болж харагддаг. Баахан шинэ сургуулиуд баригдсан даа, тийшээ хүүхдүүдийг орохдоо гутлаа соль гэдэг. Гэтэл багш нь хажуугаар нь гуталтайгаа л явж байгаа байхгүй юу. Шороо багш ,хүүхдийн гутал гэж ялгахгүй адилхан л наалдана биз дээ. Хүүхдүүдийг байнга томчуудаас дор тавьдаг. Манай хүүхдүүд намайг хараад “захирал багшаа” гээд их сайн. Битгий захирал багш гэж бай, намайг Амгалан гэдэг, Амгаа ахаа гэж бай л гэдэг юм.
-Танайх зуны зуслантай бол илүү хэрэгтэй юм байна. Хүүхэд хөгжүүлэхэд илүү шинэ бололцоо, цаг хугацаа гарч ирнэ шүү дээ.
-Ирэх жилээс болно л гэж бодож байна. Мөрөөдөж байна гэх үү дээ. Би бас л боддог юм. Индиго хүүхдүүд гэж байна. Би түүнд итгэдэг. Шинэ үеийн л хүүхдүүд гэж зарим нь хэлдэг. Энэ талаар нэлээн материал цуглуулж уншсан. Тэдэнд зориулсан сургууль байгуулах хэрэгтэй. Надад тийм санаа бий.
-Би бас индиго хүүхдүүдийн тухай бичнэ гэж боддог. Их сонин санагддаг юм. Ирээдүй үедээ анхаарах нь бидний үүрэг шүү дээ.
-Ганаа эгчээ, би таньд нэг юм амлая. Би нэгнээ хайрласанд нь, нэгэндээ тусалсанд нь онц дүн тавьдаг тийм сургууль байгуулна. Заавал байгуулна. Тэнд индиго хүүхдүүд ч байх болно. Сэтгэл дутсан энэ нийгэмд энэ хамгийн чухал ажил.
-Монгол ёс заншлаа хүүхддээ өвлүүлнэ. Монгол арга ухаанаар хүүхдүүдээ хүмүүжүүлнэ гэж ярьдаг болж. Энэ талаарх таны бодол?
-Би “Авъяас “хүүхдийн ордны хүүхдүүддээ монгол бичиг заая гэж төлөвлөөд байгаа. Би Чой.Лувсанжав багшаар Монгол бичиг 2 жил заалгасан их азтай хүн. Заачихаж барна байх. Монгол бичигт тайлагдсан хүн харьжина гэж байхгүй л дээ. Эх оронч үзлээр хүмүүждэг.
-Та үнэхээр уйгагүй хүн юм. Монгол бичиг хүртэл заая гэж байдаг. Үнэхээр танаар бахархаж байна. Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.