"Оюутны эрүүл мэндийг дэмжих" сарын аян эхэллээ
2014/09/05
“Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 09 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон зохион байгуулах шийдвэр гарсан бөгөөд энэ жил 2 дахь удаагаа тэмдэглэж байна. Өнөөдөр энэ оны “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар Эрүүл мэндийн яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Сайдын ахлах зөвлөх М.Туяа, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Оюунханд, болон НҮБ-ын ХАС, Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Монголын оюутны холбоо, Монголын сэтгүүлчдийн холбоо, “Мари Стопс” ТББ -ын төлөөлөл оролцлоо.
Улсын хэмжээнд 99 их, дээд сургууль, коллежид нийт 175.200 гаруй оюутан суралцаж байгаагаас 89.3% буюу 156.128 нь Улаанбаатар хотод суралцаж байна. Оюутнууд эцэг эх, асран хүмүүжүүлэгчдийн хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг бөгөөд өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмаг, нийгэм орчны өөрчлөлтийн улмаас насанд хүрэгчдийн зан үйлийг турших, архи, тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх нь илүүтэй байдаг.
Эрүүл мэндийн албан ёсны статистик үзүүлэлтээр 2013 онд 12.0 мянга гаруй оюутнууд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба үүний 68 хувийг эмэгтэйчүүд, 32 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Оюутнуудын өвчлөлийг хүйсээр авч үзэхэд:
• Эрэгтэйчүүдэд хоол боловсруулах, осол гэмтэл, халдварт өвчин
• Эмэгтэйчүүдэд шээс бэлгийн тогтолцоо, жирэмслэлттэй холбоотой өвчлөл, хоол боловсруулах замын өвчлөл тэргүүлж байна.
• 2013 оны байдлаар 2108 оюутан эмнэлгийн байгууллагаар үр хөндүүлсэн,
• Зам тээврийн ослын улмаас 117 оюутан бэртэж гэмтсэн байна.
• 860 гаруй оюутнуудад халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, түүний дийлэнх буюу 30.6 хувийг гахай хавдар, 29.4 хувийг салхин цэцэг, 28.0 хувийг вирүст гепатит өвчин тус тус эзэлж байна. Шинээр бүртгэгдсэн сүрьеэ өвчний 387 тохиолдол бүртгэгдэж, үүний 10.2 хувьд нь оюутнууд бүртгэгджээ.
• 2013 онд тэмбүүгийн өвчлөл 6271, үүнээс 819 нь оюутнууд, заг хүйтэн 4878, үүнээс 737 нь оюутнууд, трихомониазын өвчлөл 3808, үүнээс 617 нь оюутнуудад бүртгэгдсэн байна.
Иймд оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тусламж үйлчилгээ хайх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутан залуучуудтай ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна. 2014 оны Оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг “Эрүүл оюутан Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ удаагийн Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын оюутны холбоо болон Олон улсын хандивлагч байгууллагуудтай хамтран дараах тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд:
1. “Өсвөр үе, залууст ээлтэй клиник” -ийг шинээр нээх (1000 оюутны байр, ЭХЭМҮТ, ХУД, БГД, Дорноговь, Өмнөговь, Өмнөговь Цогтцэций)
2. Оюутнуудын дунд эрүүл зан үйлийг хэвшүүлэх “Эрүүл мэндийн довтолгоо"-ны арга хэмжээг өрнүүлэх, Сайн дурын сургагч багш бэлтгэх
3. Оюутнуудын НҮЭМ-ийн тулгамдсан асуудал, хоол тэжээлийн байдлыг сайжруулах, хорт зуршлын хэрэглээний эсрэг эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, оюутнуудад сургалт, ярилцлага зохион байгуулах,
4. Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зөвлөгөө, мэдээллийг нийгмийн харилцааны суваг facebook, twitter хуудсаар болон оюутны байр, сургуулиудад очиж хүргэх
5. Оюутнуудын эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах
6. "Эрүүл Монгол оюутан" өдөрлөг зохион байгуулах зэрэг болно.
Дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр оюутнуудын эрүүл мэндийн боловсрол нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах байдал тодорхой хэмжээгээр сайжрах юм.