Хүүхдүүд “Хүнсний террор”-т өртсөөр байх уу
2014/09/08
Хичээлийн шинэ жил эхлээд долоо ч хоноогүй байхад Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн 69 хүүхэд хоолны хордлого авсан байна.
Эдгээр хүүхдүүдээс тавынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа гэнэ. Уг нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар өнгөрсөн хавар болон долдугаар сард бүх сумдад ажиллан сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн байдал зэргийг шалгаж, заавар, зөвлөгөө өгсөн юм байх.
Гэвч тэдний өгсөн зөвлөгөө болон шалгалт ямаршуухан болсныг энэхүү үйл явдал тод харуулав. Энэ сарын 3-ны өдрөөс цэцэрлэгийн, дараагийн өдөр нь сургуулийн хүүхдүүдийн гэдэс нь өвдөж, шингэн алдсан, өндөр халуурсан зэрэг шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандаж эхэлжээ. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгийн сүүлийн хоёр өдрийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд үр дүнг нь хүлээн сууна. Шинжилгээний дүн ямар гарлаа ч бүгд л бие бие рүүгээ бурууг тохон “Арьсаа хамгаалах” биз. Уг нь Мэргэжлийн хяналтын холбогдох байгууллага ч, БШУЯ-наас ч, Хүүхдийг хамгаалах төрийн болон төрийн бус үй олон байгууллагууд ийм “гамшиг” гарсны дараа биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж ажилласан бол балчир үрсийн эрүүл мэнд хохирохгүй байхсан.
Тус аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар долоодугаар сард биш наймдугаар сарын сүүлээр багш ажилчид бүрэн цугласан үед л шалгалт хийж, заавар өгсөн бол өдийд ингээд сууж байхгүй нь лавтай. Ямар ч сургууль цэцэрлэг долдугаар сард манаачаас нь өөр хүн бараг байдаггүйг хүн болгон мэднэ. Харин сургууль цэцэрлэгт хүүхдээ өгсөн эцэг эхчүүд л үр хүүхдийнхээ амьд явах баталгааг хэнээс нэхэхээ мэдэхгүй сууж байгаа нь бүр эмгэнэлтэй. Улсаас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1650 төгрөг болгон нэмэгдүүлж, сургуулийн насны хүүхдүүдийг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулах болсон. Харин сургууль, цэцэрлэгийн удирдлагыг хариуцлагын тогтолцоотой болгох асуудлыг таг мартсан бололтой.
Сургууль цэцэрлэгийн хүнсний асуудлыг захирал, эрхлэгч нар нь дуртай компанитайгаа гэрээ хийн, тэдгээр компаниуд нь өндөр үнээр чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг бараа шахах хэлбэрээр нийлүүлсээр байгааг юу гэж дүгнэх вэ?
БСШУ-ны сайд Л.Гантөмөр аль хоёр жилийн өмнө “Хүүхдийн хоол хүнсний асуудлыг сургуулийн захирлуудад даатгаад, эсвэл зах зээлд нь даатгаад үлдээмээргүй байна. Энэхүү асуудлыг зөв зохион байгуулалтад оруулах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол сургуулийн захирлууд аль нэг компанитай гэрээ хийдэг. Гэрээний дагуу бүтээгдэхүүнээ аваад ирдэг. Тэндээс нь хүүхэд хордоход хариуцлага хүлээх хүн олддоггүй. Тиймээс нэгдсэн байдлаар зохион байгуулах нь зөв гэсэн санал ч гардаг. Эцэг, эхийн зөвлөлийн хяналт байх юм бол хордлого харьцангуй багасч мэдэх юм.
Ер нь цаашид хоолны хордлого гарсан тохиолдолд хувийн болон улсын сургуулийн аль ч байсан тухайн сургуулийг удирдаад хүнсний хангамжийг зохион байгуулж байгаа хүн нь ямар нэгэн байдлаар хүүхэд хордох, эрүүл мэндээр хохирох тохиолдолд өөр хэн нэгэн рүү буруугаа чихэхгүйгээр шууд огцордог тогтолцоонд шилжих шаардлагатай болжээ” гэж байжээ. Гэвч байдал газар дээрээ хэвээрээ байна. Үүнээс өмнө Баян-Өлгий аймгийн төв сургуулийн дотуур байрны сурагчид оройн хоолондоо хордсон асуудал намжаагүй байтал энэ удаад Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн 69 хүүхэд хоолны хордлого авсан байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймаг, нийслэл, сумдын Засаг дарга, түүний харьяа боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хүүхдүүдийн хоол хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хадгалалт зэрэгт онцгой анхаарч, дотоод хяналтаа сайжруулахыг анхааруулсан мэдэгдэл гаргажээ. Гэвч энэ мэдэгдлэл, анхааруулга хордлого авсан хүүхдүүдийг эмчилж эдгээхгүй. Бас хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ? Өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан хүүхдүүд хариуцлагагүй, ашиг хонжоо хайсан албан тушаалтнуудаас болж хүнсний “террор”-т өртсөөр байх уу.
Ч.Амартүвшин
Зочин · 2014/09/14
Удийн цайг болих хэрэгтэй. Хуухдее хооллож чадахгуй эцэг эх байхгуй. Энэ монгоороо ганц сургууль цэцэрлэг бариач
Зочин · 2014/09/09
Зочин · 2014/09/09
баян-өлгийн мэргэжлийн хяналтынхан ажлаа хийсэн бол...
Зочин · 2014/09/09
тх