Сүүлийн үед ОБЕГ-т  хариуцлагагүйн “өвчин” даамжирч, онцгой албанд хүний амь эрсэдсэн ноцтой хэргүүд шил дараалан гарч олныг байнга түгшээх боллоо.

Тухайлбал, 2012 оны 11 дүгээр сард Сэлэнгэ мөрөнд гэгээн цагаан өдөр мөс тасарч урссан  эх, хүү 2-ын амийг аварч чадаагүйгээс Дуламдоржийн ажлын хар түүх эхэлсэн байдаг.  2012 оны 8 дугаар сард Дорнод аймагт гарсан түймэрт дөрвөн албан хаагч амиа алдсан, 2013 оны 5 дугаар сард  Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч Э  нь Аврах салбарын дарга Мөнгөншагай гэгчийн хувийн орон сууцан дээр ажиллаж байгаад юманд даруулж амь насаа алдсан, Сэлэнгэ  аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 61 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч Б нь 2013 оны 5 дугаар сард бууны ослоор нас барсан, 2014 оны 4 дүгээр сард Өмнөговийн ОБХ-ийнхэн  Дундговь аймгийн нутагт мотоцикльтэй явж байсан 3 иргэнийг машинаараа дайрч хоёр хүний амийг бүрэлгэж, нэг хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон, 2014 оны 7 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын шатахууны агуулах шатаж, хүний амь хохирсон, Хэнтий аймгийн Бор-өндөр сумын Аварах-гал унтраах ангийн салааны захирагч залуу 2014 оны 8 дугаар сард Хэрлэн мөрөнд живж амь насаа алдсан, , Аврах тусгай ангийн албан хаагч О нь хувийн компанийн барилга дээр ажиллаж байгаад төмөрт цохиулж хөдөлмөрийн чадвараа алдсан, 2014 оны 9 дүгээр сард Багануур дүүргийн Онцгой байдлын албан хаагчид зам тээврийн ослоор амиа алдсан зэрэг ноцтой хэргүүд ар араасаа хөвөрсөөр.....

ОБЕГ-ын удирдлага албан ажлаа ч явуулах чадвараар дорой. Сүхбаатар аймгийн Онгон сумын ганц хот айлын үхэр сүрэгт 1 дүгээр сарын 27-нд илэрсэн шүлхий өвчнийг тэр дор нь хорио цээрийн дэглэм тогтоож, тархалтаас урьдчилан сэргийлж чадаагүйн улмаас уг өвчин 3 аймгийн 14 суманд тархаж, 3454 үхэр, бог малыг устгасны өртөг, зардал, малын үнэлгээ, шүлхийн вакцин, ажилласан хүмүүсийн цалин хоол, тээврийн хэрэгсэл, шатахуун гээд нийт 20 гаруй тэрбум төгрөг буюу 20 цэцэрлэг барихад хүрэлцэхүйц хөрөнгийг ОБЕГ салхинд хийсгэсэн. Энэ  өвчин гарсан тэр үед ОБЕГ-ын дарга Дуламдорж Засгийн газарт мэдээлж яаралтай арга хэмжээ авахын оронд БНСУ-д эмчлүүлж байгаа намынхаа даргатай золгохоор явсан байжээ. Ингээд хамгийн хачирхалтай нь Улсын онцгой комиссын 2014-04-02-ны өдрийн хуралдаанаар зүүн гурван аймагт гарсан шүлхий өвчний тархалтын нөхцөл байдал, авсан арга хэмжээний үр дүн, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэж, улсад их хэмжээний хохирол учруулсан сайд, дарга нарт хариуцлага тооцохын оронд “Малчдыг хариуцлагажуулах шаардлага”-тай байна гэсэн ичгүүртэй шийдвэрийг гаргасан байна.  
 
Дээрх ноцтой хэргүүд гарсан Дархан-Уул, Өмнөговь аймгуудын ОБХ-ийн дарга нар нь МАХН-аас томилогдсон Зоригоо, Буяндэлгэр гэх хүмүүс юм байна. Эдгээр хүмүүс нь Шадар сайд, ОБЕГ-ын дарга болон МАХН-ын хамгаалалтад байдаг учраас ямарч хариуцлага хүлээдэггүйгээр үл барам гарсан хэргийг нам дараад өнгөрдөг байна.

Онцгой байдлын алба садан төрлийн алба болж Тэрбишдагва Дуламдорж хоёрын ургийн бичиг мэт болсон тухай бодит баримт саяхан хэвлэл мэдээлээр цацагдсан.  Одоо улсын онцгой байгууллагыг Тэрбишпагва гуай яаж улс төржүүлж байгаагийн нотолгоог МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Бага чуулган дээрээ тавьсан улс төрийн илтгэлдээ: “Бид намынхаа гишүүдээс 59-ийг нь ОБЕГ-т, есийг нь МХЕГ-т, долоог нь ЭМЯ-нд, гурвыг нь ТЕГ-т, 42-ийг нь ГЕГ-т, 17-г нь Худалдан авах үйл ажиллагааны газарт ажилд оруулсан” хэмээн хээв нэг сайрхсанаас үзэж болно. Мөн  Д.Тэрбишдагвын “шахсан” хамаатан садан, нутаг нуга, танил талын гэх тодотголтой 110 гаруй хүн ОБЕГ болон түүний харъяа салбар нэгжүүдэд ажилд орсныг ОБЕГ-ын хамт олон гэрчилж байгаа юм.

Дээр өгүүлсэн бүхнийг нэгтгэн дүгнэвэл, ОБЕГ Тэрбишдагвын “ТБД”-ийн охин компани болж байгаа гэхэд хилсдэхээргүй болжээ.

Засгийн газарт ухаалаг сэлгээ хийхээр өчигдөрхөн амласан Ерөнхий сайдын сонорт үүнийг хүргэж шийдвэрийг нь харах л үлдлээ.

Б.Зоригт