Хууль зүйн яам, түүний харъяа агентлагууд энэ амралтын өдөр буюу Бямба гарагийн 09.00-17.00 цагт Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр агентлагууд иргэдэд өөрсдийн чиг үүргийн хүрээнд мэдээлэл зөвлөгөө өгөх, санал хүсэлт хүлээн аваад зогсохгүй зарим төрлийн үйлчилгээг шууд үзүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү арга хэмжээний үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, архивын үйлчилгээтэй холбоотой зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай үзүүлэх юм. 

Тухайлбал, хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болсон төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг дахин бичиж олгох, гадаад паспортын хугацаа сунгах, гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн хуудасны материал хүлээн авах, хаяж үрэгдүүлж, гэмтээсэн цахим үнэмлэхийн дахин авах захиалга, хүсэлтийг хүлээн авч, буцаан олгох зэрэг үйлчилгээг шуурхай үзүүлэх аж.

Мөн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн барьцааны гэрээ болон гэрээний дуусгавар болгохыг улсын бүртгэлд бүртгэх, шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулж байгаа аж ахуй нэгжийн материал хүлээн авч гэрчилгээ олгох, хаяг өөрчлөгдсөнийг бүртгэх, үйл ажиллагааны хугацааны сунгалт хийх, харилцах данс хаасан, нээсэн зэрэг үйлчилгээг нэг цэгээс үзүүлнэ.

Түүнчлэн ТҮЦ машинаар дамжуулан  оршин суугаа хаягийн лавлагаа, цахим үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө, хуулийн этгээдтэй эсэх  болон бусад лавлагаа зэргийг шууд авах боломж нөхцлийг хангаж өгөх юм.

Хууль зүйн яамны харъяа агентлаг, байгууллагууд  “Нээлттэй хаалганы өдөр”-ийг угтан “Эрх чөлөөтэй монгол хүн ” аяныг өрнүүлж эхлээд байгаа бөгөөд энэ хүрээнд тус яамнаас иргэдэд эрх зүйн шинэтгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байгаа ажээ.

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас уг аяны хүрээнд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвтэй хамтран Нээлттэй хаалганы өдрөөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөхөөр бэлтгэн ажилаж байна.

Дашрамд дурдахад эдгээр үйлчилгээг авахын тулд иргэд тухайн  үйлчилгээтэй холбоотой бүрдүүлэх материалыг хууль тогтоомжид заасан хүрээнд бүрэн гүйцэд хангасан байх ёстой гэнэ. 

 

Х.Даваа