Төр нэг байшин барьчихаад түүнийгээ зарах гэж мөн ч их хөглөж байна. Үндэсний компаниуд нийлээд чанар стандартад нийцсэн орон сууцны хорооллыг богино хугацаанд босгож чадсан.

Үнийн хувьд ч өнөөдрийн зах зээлд хаанаас ч олдохооргүй хямд үнийг зарласанд баярлалаа гэж хэлэхээс аргагүй байв. Гэвч одоогоос найман сарын өмнө нээлтээ хийж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болсон “Буянт-Ухаа-1” хороолол хэдхэн хоногийн өмнө дөнгөж 150 орчим айлаа хүлээж авлаа.  Уг нь 1764 айлд зориулсан энэхүү томоохон хороололд амьдрах хүсэлтэй, өнөөх томчуудын хэлэх дуртай дундаж давхаргынхан олон байв. Гэтэл шударгаар хуваарилах нэрээр сугалаа гэгчийг зээл төлөх чадвартай, чадваргүй бүгдийнх нь дунд явуулчихаад одоог хүртэл байрнуудаа эзэнтэй болгож чадалгүй нээлтээ хийснийх нь нэг жилийн ойг тэмдэглэх гэж байна.  Чадахгүй бол үнэнээ хэлээд гараа өргөөд бууж өгөх хэрэгтэй. Гэвч ТОСК-ынханд ичих булчирхай даанч алга. Удаашруулж, завааруулах тусмаа халаас нь түнтийж байгаа юм чинь арга ч үгүй биз. Орон сууцыг хуваарилах, урьдчилгаа төлбөрийг авах, гэрээ хийх гээд бүх үйл явц ганцхан Төрийн орон сууцны корпораци гэх өндөр дээд эрх мэдэлтэй болчихсон энэ байгууллагаар дамжиж байна.  Өнгөрсөн хавраас хойш байрандаа орчих санаатай ТОСК, банк хоёрын үүдийг сахиж суугаа 1300 орчим иргэн тэнд ямархуу будилаан, хүнд суртал, хээл хахууль эргэлдэж байгааг төвөггүй хэлээд өгнө. Бүгдийг нь эхнээс нь эхэлье.

Өнгөрсөн оны тавдугаар сард 9094 хүн боломжийн үнэтэй байрны сугалаанд орохоор бүртгүүлсэн. Нийслэл хотод тоотой хэдхэн байрлуулсан ТҮЦ машинд өдөржин шөнөжин дугаарлах шахуу болж бүртгүүлж байлаа. Сугалааны дараа өөрсдийгөө байртай болчихсон гэж бүрэн итгээд аль хэдийнэ хашаа байшин, машин тэргээ зарах зар өгчихсөн 1534 иргэн ТОСК-тай гэрээ хийсэн юм. 10 хоногийн дотор урьдчилгаа төлбөрөө төлж гэрээгээ баталгаажуул гэж шавдуулсны дагуу хамаг байдгаа зарж үрчихээд мөнгөө бариад очсон. Яг тэр үед хашаа байшин зарна гэсэн зар сонингуудаар дүүрч, үнэ нь ч нэлээдгүй унасан байв. Ингээд гэрээгээ хийчихээд банкин дээр очтол “Таны орлого хүрэхгүй байна. Зээл өгөх боломжгүй” гэсэн хариултаар ам руугаа алгадуулаад гарсан олон хүн өнөөдөр хүндхэн байдалд байна. Тэд ТОСК-д өгсөн урьдчилгаагаа буцааж авсан ч амьдарч байсан шигээ хашаа байшин худалдаж авч чадахгүй, банкин дээр очихоор зээл олгохгүй ацан шалаанд орчихоод байгаа юм. Эрсдэлээ өөрсдөө үүрдэг арилжааны банк зохих журмынх нь дагуу шалгуураа тавих нь ойлгомжтой. Харин үүнийг анхнаас нь зохицуулалгүй мөнгөтэй, мөнгөгүй, боломжтой, боломжгүй бүгдийнх нь дунд сугалаа явуулж “Та байр хожлоо. Азтан боллоо. Баяр хүргэе” гэж чихэн дээр нь цэцэг ургуулсан ТОСК-ийнхан буруутай.

Хугацаандаа төлбө­рөө төлөөгүй 100 байр, нэмэх нь төрийн байгууллагуудад хуваа­рилсан 228 байр, нэмэх нь түлхүүрээ гардсан 148 байр, тэнцүү 476 байрны хувь заяа ерөн­хий­дөө шийдэгдсэн гэсэн үг. /ТОСК-ийн удирд­лагуудын Бүтээн байгуулалтын цагт өгсөн мэдээллээс /

Харин үлдсэн 1288 иргэн өнөөдрийг хүртэл банк, ТОСК хоёрын хооронд хөлөө эргэтэл явж байгаа. Тэднээс 400 иргэний зээлийнх нь шийдвэр гарсан гэсэн. Үлдсэн хүмүүс зээл нь гарах эсэх нь ч мэдэгдэхгүй, байртай болох эсэх нь   ч баталгаагүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу явж байна.

ТОСК-ийн захирал А.Гантулга Ерөнхий сайдад мэдээлэл өгөхдөө долоо хоногт 100 орчим хүний банкны шийдвэр гарч байгаа, ирэх арваннэгдүгээр сард бүх захиалагч байрандаа орж дуусах байх гэнэ лээ. А.Гантулга захирал бодит байдлыг мэдэхгүйдээ тэгж хэлэв үү, бангадуулахаасаа эмээж худлаа ярив уу. Найман хувийн зээл аль ч банкинд зогсолтын байдалтай байгааг бүгд мэдэж байгаа. 1.5 сая төгрөгийн хахууль өгч, зээл судлах ээлжээ урдуур оруулж байгаа гэсэн мэдээлэл ч бий. Ганц нэгхэн банк маш бага хэмжээгээр зээл гаргаж байна. Үнэхээр л долоо хоногтоо 100 хүний зээл шийдэгдээд байгаа юм бол ТОСК-ийн хэдэн байр аль эрт хүнээр дүүрчихсэн, хоосон орцны цуурай хүүхдийн инээдээр солигдчихсон байх байсан биз. Бантан үүгээр дуусахгүй. Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар журманд нь өөрчлөлт орсон. “Буянт-Ухаа”-гийн байрнуудыг ченжүүдийн гарт оруулахгүй, зорилтот бүлэгт нь хүргэхийн тулд худалдаж авсан хүн 15 жил бусдад түрээслэх, худалдахыг хориглосон. Хэрэв зарахаар бол ТОСК-д буцааж авсан үнээрээ худалдана гэж байлаа. Гэвч энэ бүх заалтыг хүчингүй болгосон. Хэдийгээр зөвхөн банкны зээлээр байр авч байгаа хүмүүст энэ нь хамаатай гэх ч үүний цаана маш олон нугалаа гаргаж байгаа гэсэн хардлага байна. Учир нь нэг их удалгүй илүү гарсан 160 гаруй байрыг бэлэн мөнгөөр худалдаалахаар болчихлоо. Төлбөрөө төлөөгүй иргэдийн 100 байр, төрийн албан хуугчдад хуваарилсан 228 байрны үлдэгдэл болох 62 байрыг ийнхүү бэлэн мөнгөөр худалдаалахаар болсон юм. Сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй хүмүүст худалдаална гэж байгаа ч мөнгөтэй, танил талтай нь шуудхан л авчихаж байгааг ТОСК-ийг олон сар эргэсэн захиалагчид хэлж байна. Түүнээс гадна ТОСК-иас байрныхаа гэрчилгээг авах гэж удаан хугацаанд хүлээж байгаа иргэн олон байгаа юм. Ордероо гарахгүй байгаа шалтгааныг асуухаар цаас дууссан гэсэн инээдэмтэй хариулт хэлж байгаа сурагтай. Нэг иймэрхүү л хөгийн явдал “Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллыг тойрон эргэлдсээр. Зохион байгуулах, удирдах, хуваарилах ямар ч чадваргүй ТОСК хэмээх энэ байгууллагыг хэдий хүртэл харж суух вэ. Энэ чигээрээ явбал ирэх жилийн хавар байдал энэ хэвэндээ байх биз. “Буянт-Ухаа 2” хорооллын 7800 өрхийн 48 барилгын ажил үргэлжилж байгаа. Эхнийхийг нь хуваарилаад зарчихаж чадахгүй байгаа хүмүүс хоёр дахь дээр нь юу хийх бол.

 

Б.ТӨГС

 "Зууны мэдээ" сонин