Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг энд онцолж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдлаас түүвэрлэн буулгалаа.

1. -Ерөнхий сайд танхимдаа сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдлээ-

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 08-нд телевизүүдийн эфирээр дамжуулан олон нийтэд хандаж мэдэгдэл хийв. Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр эдийн засгийг эрчимжүүлэх ажил 100 хоногоор дуусахгүй, цаашид ч үргэлжилнэ хэмээн онцлон хэлсэн юм.

Мөн Засгийн газрын танхимд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхлэх үед тавьж, шийдвэрлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Харин ямар өөрчлөлт оруулж,  аль салбарын сайдыг солихоо тодорхой хэлсэнгүй.

Түүний ард түмэндээ хандаж хэлсэн үгийн дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

2. -Э.Эрдэнэжамъян өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өглөө-

Намынхаа даргын үүргийн дагуу хууль зөрчсан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө.

Эх сурвалжын мэдээлж буйгаар түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяр ажлаа хүлээлгэн өгөхийг үүрэгдсэн байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч өөрөө дахин шүүхэд дуудагдаад байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ нь ч нөлөөлсөн байх магадлалтай.

Э.Эрдэнэжамъянгийн хэргийг эргэн сөхвөл, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өнгөрсөн онд Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй гэх Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай имэйл буюу цахим шуудан захидал илгээснийг хууль хяналтынхан эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж  үзсэн билээ.  Ийнхүү  мөрдөн шалгаж,  прокуророос хэргийг нь хянаад шүүхэд шилжүүлсэн юм. 

Түүний эл хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүхийн энэ оны гуравдугаар сарын 31-ны  өдрийн шүүх хурлаар анхлан шийдвэрлэсэн. Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хуулийн 245  дугаар зүйлийн 2-т зааснаар ял оноов. Өөрөөр хэлбэл, “Түүнийг шүүх бүрэлдэхүүн албан тушаалаа ашиглан мөрдөн шалгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзээд улс төрийн албан тушаалд ажиллах эрхийг хоёр хилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан юм. Харин тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр үлдээсэн. 

3. -Эрдэнэт хүний амь үнэгүйдэж байна-

Энэ сарын 6-ны өдөр Хан-Уул дүүрэгт баригдаж  байгаа “River stone” орон сууц­ны барилгын гадна талын пассадны өнгөлгөөг хийж байсан 17-23 насны гурван залуугийн зогсч байсан дүүжин хав­тангийн олс тасарч амь алдсан хэрэг гарсан.

Ослын улмаас тэдний хоёр нь газар дээрээ нас барж нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан. Талийгаач А нь 17 настай, Архангай аймгийн харъяат байсан бол 23 настай талийгаач Б нь Их Засаг их сургуулийн төгсөх курсын оюутан, харин 19 настай Б барилга дээр ажилладаг байжээ.

Дээрх оюутнууд тус барилга дээр түр гэрээгээр ажиллаж байсан. Уг барилгын ажлыг НМХГ-аас үйл ажиллагааг нь өнгөрсөн тавдугаар сард зогсоосон ч гүйцэтгэгч компаниа сольж “БоБэ” компанийг ажиллуулж байжээ. 

Ийнхүү хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй барилгын компанийн буруутай үйлдлээс болж ид хийж бүтээх насан дэрээ алтан амиа алдсан хэрэг  гарсаар байгаа нь харамсалтай. 

-5-н буудлын замд сургуулийн насны хүүхэд амь насаа алджээ-

2014 оны 09 дүгээр сарын 10-ны өглөөний 07:45 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг 7-н буудлаас 17-р сургууль руу явах замд буюу 5-н буудлын урд замд Hyundai Elentra маркийн 0023 СЭҮ улсын дугаартай

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын албаны машин явган зорчигч 12 настай охиныг мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Зам тээврийн хэргийг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

4. -Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол тамирчид гурван "хүрэл медаль", "Дэлхийн аварга" төрлөө-

Узбек улсын Ташкент хотноо үргэлжилж болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, 65 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран нар хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн хасах 60 кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж эх орныхоо төрийн далбааг Ташкентын тэнгэрт мандууллаа. Ийнхүү 19 насандаа Дэлхийн аварга болсон С.Цэрэнчимэддээ баяр хүргье.

Мөн 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн төлөө  Колумбийн бөх А.Олаяг 3:0 харьцаагаар ялж, ДАШТ-с хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа мөнгөн медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Алинэ Да Силвад 2:5-ын харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм. Өөрөөр хэлбэл Монголын эмэгтэйчүүдийн энэ тэмцээнээс хүртэж буй хоёр дахь медалийг эх орондоо ийнхүү авчирлаа. Дэлхийн аваргад зодоглосон бүх тамирчиддаа улам их амжилтыг хүсье.

5. -Хогны уутыг талоноор тарааж эхлэв-

Нийслэлийн 152 хорооны айл өрхүүдэд 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс  хогны уутыг талоноор олгохоор болсон. Энэ ажлын хүрээнд талоныг хэвлүүлэн, дүүрэг, хороодод хүн амын батлагдсан тоогоор хүргүүлсэн байна. Хогны уутны талоноо авсан иргэд, хорооноос гадна  дэлгүүр, худаг, Гэр хорооллын Захирагчийн ажлын алба, дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, Сууц өмчлөгчдийн холбоодоос авч эхэлсэн байна. Хог хаягдлын уут авах 9, 10, 11, 12-р сарын  талоныг хорооны хэсгийн ахлагч нар айл өрхүүдээр тарааж байгаа ажээ. 

6. -Э.Бат-Үүл: Урьдчилгаа төлбөргүй орон сууц авдаг болно-

Улаанбаатар хотын 180 мянган өрх гэр хороололд амьдардаг. Тэгвэл энэ их айлын бараг 80 хувийнх нь хувьд орон сууц гэдэг мөрөөдөл мэт сонсогддог. Урьдчилгаа төлбөр, сар бүр төлөх зээлийн хэмжээ гэх зэргээс шалтгаалсан тэдний бүтэшгүй мөрөөдлийг биелүүлэх нэгэн төлөвлөгөөг хотын дарга санаачилсанаа танилцууллаа.

Орон сууцжуулах хөтөлбөртөө иргэдийн төлбөрийн чадварыг харгалзан үзэхээ орхигдуулсан байсан гэж хотын дарга хэллээ. Жишээ нь Буянт-Ухаа хороолол бол зорилтод бүлэгт зориулагдсан хямд үнэтэй, чанартай орон сууц.
Гэхдээ зорилтод бүлгийн багагүй хувь нь орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг төлөх нь байтугай, сар бүр төлөх зээлийн дүнд нь орлого нь хүрэлцэхгүй байх шалтгаан олон гарсан. Орлого хүрэлцлээ гэхэд бараг сарын орлогын тэн хагас нь зээлэндээ суутгагддаг.

Харин хотын даргын санаачилгад орон сууцыг урьдчилгаа төлбөргүй, сар бүрийн зээлийг тухай орон сууц эзэмшигчийн цалингийн тавин хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтыг эрэлхийлж байгаа юм.
“Ерөнхийдөө хоёр зүйлийг хийх юм. Зээлээр авч байгаа орон сууцны сарын төлбөр нь 30 хувиас хэтрэхгүй байх, хоёрт хуримтлал байхгүй иргэд урьдчилгаа төлбөргүй цувуулж төлөх гэсэн ажлыг төлөвлөөд хийх хэрэгтэй гэж Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.

Эх сурвалж: www.vip76.mn

7. -Цагдаагийн газрыг бүхэлд нь өөрчлөх схем зурагдаж эхэллээ-

Хууль зүйн салбарын шинэчлэл гэх нэрэн доор  Монголын цагдаагийн байгууллага чамгүй өөрчлөгдөж байгаа билээ. Хууль эрх зүйн орчин,  байр сав, нэр, дарга нар  гээд бүхий л өөрчлөгдөж болох зүйлс нь өөрчлөгдөж байгаа.  Тэгвэл энэхүү өөрчлөлт шинэчлэлт  дуусаагүй бололтой юм.

Цагдаагийн ерөнхий газрын харъяа байгууллагуудыг өөрчлөх, заримыг нь нэгтгэхээр төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор хэрхэн өөрчлөх схем зурагдаж эхлээд байгаа аж. Ингэхдээ Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газрыг татан буулгаж өөр газруудтай нэгтгэн нэрийг нь өөрчлөх зэрэг олон ажиллагаа болох юм байна. Уг схем ирэх долоо хоногт зурагдаж дуусах ажээ. 

Байр савны хувьд ч гэсэн сэлгээ хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Хуучин нийслэлийн цагдаагийн газрын байрыг нурааж олон давхар сайхан барилга сүндэрлүүлсэн. Тэгвэл энэхүү байранд Нийслэлийн цагдаа бус ЦЕГ нүүн орох ажээ.  Харин ЦЕГ-ын байранд Нийслэлийн цагдаа орох юм байна.

Хууль эрх зүйн орчны өөрчлөлт  энэ жил болон ирэх жил үргэлжлэх төлөвтэй байгаа.  Үүнийг нь эсэргүүцэж, Х.Тэмүүжин сайдынхаа эсрэг ажилласан дарга нарыг алдаан дээр нь дөрөөлөөд “хусаж” байгаа.  Тодруулбал Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга н.Ариунболд  нарыг дутагдал гаргасан гэх шалтгаанаар халаад зогсохгүй, цолыг нь хураасан. Улмаар Х.Тэмүүжин сайд өөрийнхөө хүмүүсийг  “тавьсан” бөгөөд үүнийг нууцалж байсан ч удалгүй олон нийтэд ил болсон.  

Цагдаагийн байгууллагад хийж байгаа шинэчлэлийг эсэргүүцсэн нэгнийг нь “хусаж”, дэмжиж байгаа чадварлаг нэгнийг нь “дээшээ шидэх” ажиллагаа эхлээд байгааг учир мэдэх нэгэн нь ярьж байна.  

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа