Арабын “Аль-Жазира” агентлагийн цахим хуудаст ийм нэртэй нийтлэл гарсныг орчуулан хүргэлээ.

Улаанбаатарын 1.3 сая хүн амын 800 мянга нь тус хотыг тойрсон гэр хороололд амьдардаг. Монголын нийслэлийн захад гэртэй Цэнд-Аюушийн Алтанзул 3-17 насны зургаан хүүхдийн эх бөгөөд нөхөр нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний церроз өвчнөөр өөд болжээ. Нүүдэлчин амьдралын хэв маягийн уламжлалтай монголчууд сүүлийн хэдэн жилд асар их байгалийн баялгаа олборлон эдийн засгаа огцом өсгөж эхэлсэн билээ.

Гэвч Ц.Алтанзул манай сурвалжлагчид ярихдаа, “Эдийн засгийн өсөлтөөс хүртсэн мөнгө бидэнд алга. Манай оронд баян, ядуугийн ялгаа өсч байгааг харж байна. Ирж буй өвөл хүүхдүүд маань хоол хүнс, хувцас хунараар дутагдах вий гэдэгт сэтгэл зовних юм. Ганц найдвар болсон том охин маань ажилд ороосой. Уг нь охин маань дээд сургуульд суралцахыг хүссэн ч дүү нараа тэжээхийн тулд ажил хийхээс өөр аргагүй” гэжээ.

Монголын гэр бүл болгон хүүхэд тус бүрт Засгийн газраасаа сар тутамд 11 ам.долларын тэтгэлэг авдаг ч тэр нь инфляц ихтэй энэ оронд хангалттай хоол хүнс авахад хүрэлцдэггүй аж. Иймээс ч Ц.Алтанзулынх шиг олон гэр бүл өдөр тутмын амьдралаа болгохын төлөө зүтгэн ямар нэг хуримтлал үүсгэх, ирээдүйдээ хөрөнгө оруулах ямар ч боломжгүй амьдарч байна гэсэн үг. Энэ нь гэнэт баяжиж буй Монголын хамгийн том асуудал болсон тухай эдийн засагч Х.Батсуурь манай агентлагт ярьсан юм. Тэрээр, “Бид ирээдүйдээ итгэлгүй байна. Иймээс ч байгаа бүхнээ хурдхан шиг зарахыг зорих болжээ. Маргааш юу болохыг мэдэхгүй хүн өмч хөрөнгөөр яах ч билээ. Өр ширэнд орсон ч хамаагүй, тийм үү. Өнөөдрөөрөө амьдарч байгаа хүнд ирээдүй байдаггүй шүү дээ” гэж улс орныхоо байдлыг зүйрлэн хэлж байлаа. 

1990-ээд оны эхэнд ЗХУ-ын нөлөөний бүсээс гарсныхаа дараа Монголын эдийн засаг хүнд байдалд орж, тэр цагаас хойш олон хүнд сорилт, үүний дотор мал аж ахуй нь 2000, 2009 оны зуданд асар их алдагдал хүлээжээ. Харин 2011 онд Монгол Улс нүүрс, зэс, алт зэрэг байгалийн баялгаа олборлож эхэлснээр дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай орноор тодорч, ДНБ нь даруй 17.3 хувиар буюу 13.38 тэрбум ам.доллараар өссөн аж.

Дэлхийн банкны мэдээллээр, тус улсын эдийн засгийн өсөлт дараа жилүүдэд нь буурч, 2012 онд 11.7, 2013 онд 10 хувь хүрчээ. Монголын эдийн засгийн ДНБ-ий 30 орчим хувийг уул уурхайн салбар дангаараа хангадаг байна.

 Х.Батсуурь ярихдаа, “ДНБ-д аж үлдвэрийн салбарын эзлэж буй хувь ердөө 5-8 хувь байна. Зүй нь ядаж 35 хувь байх ёстой шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн маань маш хэврэг, амархан сүйрч болохоор бүтэцтэй байна. Бид уул уурхайн салбараас дэндүү хамааралтай болжээ. Бүгд л хязгааргүй их баялаг сандаалан суусан мэт сэтгэх юм. Гэтэл байгалийн ямар ч баялаг дуусдаг. Иймд бид эдийн засгийн бусад салбарт, нэн ялангуяа ашиг ихтэй салбарт хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй. Уул уурхайн сан байгуулах тухай яриа ид өрнөж байна. Одоо л энэ санг байгуулахгүй бол хожимдож болзошгүй” гэж байлаа.

Байгалийн баялгаас орж ирэх мөнгийг үр ашигтай ашиглах тал дээр алдсанаа тус улсын Засгийн газар хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх учиртай. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хэлэхдээ, “Санхүүгийн эрс өсөлтийн үед бид алдаа гаргасан. Дэлхийн банк бидний явуулсан санхүүгийн бодлогыг шүүмжилсэнтэй санал нэгдэнэ. Бид том сургамж авсан. Бид орж ирсэн мөнгийг зөв зүйтэй ашиглаж чадаагүй юм. Уг нь 2012 оноос өмнө цугларсан мөнгийг хүний хөгжлийн санд төвлөрүүлж байсан ч сонгуулийн өмнөхөн бүгдийг нь зарцуулаад дуусгачихсан” гэсэн юм.

Хүний хөгжлийн сан нь хоосорч, иргэдийн амьдрал доройтож эхлэхэд Монголын Засгийн газар эдийн засгаа дахин сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг даллах болжээ. Шинээр батлах хуулийн багц гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд түлхэц болох аж. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх үүднээс тус улсын Засгийн газар түүнчлэн газрын тос, байгалийн хийн эрэл хайгуул явуулахыг зөвшөөрөхөөр ажиллаж байна. О.Чулуунбат, “Хүний хөгжлийн санд хуримтлагдсан мөнгийг баян, ядуу гэлтгүй хүн бүрт тараасан тул хурдан дууссан. Иймд бид сангийн менежментийг өөрчилж, тусгай хууль батлан шударга хуваарилалтыг үүсгэх шаардлагатай” гэсэн юм.

Ер нь, Хүний хөгжлийн сангийн буруу бодлогын улмаас Монголын иргэдийн хамгийн ядуу давхарга хамгийн их хохирсон ажээ.

Б.Барс