Л.Цандэлэг: Манай яаманд тариа будаа мэддэг нэг ч дарга алга
2014/09/14
Газар тариалангийн салбарт 20 гаруй жил ажиллаж улсын улаанбуудайн хэрэгцээний тодорхой хувийг бүрдүүлдэг “Шим” группийн захирал, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгийг “Бизнес, хөгжил” буланд урьж ярилцлаа.
-“Шим” групп газар тариалангийн салбарт үрээ цацаад хэр удаж байна. Энэ хугацаанд хэр арвин ургац хураав?
-Манай групп байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Газар тариалан, мал аж ахуй, барилга, гадаад худалдааны салбарт ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Бид энэ жил 3000 гаруй га талбайд үр тариа тариалсан. Нэг га талбайгаас дунджаар 15-20 цн буудай хурааж авна гэсэн урьдчилсан тооцоотой байна.
Улс 400 мянган тонн улаанбуудай хурааж авахаар төлөвлөөд байгаа. Бид үүний 4000 тонныг хураана гэж тооцоолсон.
-Төр энэ жил дотоодын улаанбуудайны хэрэгцээг 100 хувь хангаж, гаднаас гурил худалдаж авахгүй гэж төлөвлөсөн. Таны бодлоор бид ирэх онд гадны үнэтэй гурилаас ангид байж чадах болов уу?
-Ургац, буудайг бас хамаагүй урьдчилж нарийн тооцоолж болохгүй л дээ. Ургацаа бүрэн хурааж аваад савандаа хийсний дараа энэ талаар ярих ёстой. Өөрөөр хэлбэл, энэ салбарт айдгаа авдартаа хийсний дараа нарийн тоо, тооцоог гаргадаг. Учир нь одоо ургац хураалт дуусаагүй байна. Ажил дуустал цаг агаар ямар байх, цас, бороо, цочир хүйтэн гээд байгалийн ямар ч бэрхшээл тулгарч болно. Энэ сарын 17-нд цас орно гэж байна. Тэр үед ургацын хэдэн хувь нь үрэгдэж, хаягдахыг таах аргагүй. Үүнийг бид хэлж мэдэхгүй. Тэгэхээр агуулахад хэр улаанбуудай орж амжина тэр хэмжээгээр бид хэрэгцээгээ хангалаа гэж ярихаас биш хураагаагүй ургацыг урьдчилж хэлэхэд хэцүү.
-Сүүлийн жилүүдэд улаанбуудай, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын нөөц бололцоогоор шийдэж байгааг салбарын яамны удирдлагууд онцолдог. Танд манай улс улаанбуудай импортолж, гаднаас гурил, хүнсний ногоогоо гуйхгүй цаг хэр ойрхон харагдаж байна?
-Энэ талаар нэг жишээ дурдахад, Япон улсад гэхэд Хятадаас 1-2 дахин хямд үнэтэй будаа авах боломж байдаг. Тэгсэн мөртлөө тэд дотооддоо будаагаа үйлдвэрлэж, Хятадаас авдгаасаа үнэтэй будаа хэрэглэдэг. Үүний учрыг би Японы зарим үйлдвэрлэгчээс асууж байсан. Тэд “Эдийн засгийн эцсийн үр дүнг нь тооцож үзэхэд эх орондоо хүмүүс ажилтай, амьдралтай байх ёстой. Өөрсдийнхөө хийж, үйлдвэрлэсэн зүйлээ хэрэглэх нь илүү ашигтай байдаг. Үүнийг дагаад тэнд туршлага гэгч үнэт зүйл бий болдог” гэж хариулсан. Манай хойд хөрш гэхэд тариаланчиддаа ургамал хамгааллын бодис, техникийг нь урт хугацаатай зээлээр өгчихдөг. Гэтэл манайд юу ч өгдөггүй л байхгүй юу. Яахав Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас богино хугацааны зээлээр шатахуун өгдөг. Энэ дэмжлэг нь гурван сарын хугацаатай түр зуур аргацаасан ядарсан арга шүү дээ, үнэндээ. Салбарын яамнаас олгож байгаа урамшуулал, хөнгөлөлт нийт тариаланчдын таван хувьд нь ч хүрэхгүй байгаа. Үүнийгээ төр их юм өгч байгаа байдлаар ханддаг. Саяхан гэхэд салбарын яамны эрх мэдэлтэй гурав, дөрвөн хүн нийлж, үгсэн хуйвалдаж байгаад хуулийн эсрэг тариаланчдыг дарамталсан мэдэгдэл гаргалаа. Тэд “Та нар буудайгаа 500 мянган төгрөгөөс дээш үнээр өгвөл бид Оросоос улаанбуудай оруулж ирнэ” гэх зэргээр зарим гурилын компанийн санаачлагаар тариаланчид руу дайрлаа. Тэр ч бүү хэл бидэнд гаднаас, ОХУ-аас оруулж ирэх улаанбуудайн квотыг аль гурилын компанид хэдэн хувийг хэрхэн өгөх талаар хуваасан баримт олдсон. Ийм байдлаар хөл дээрээ босох гэж ядаж байгаа газар тариалангийн үйлдвэрүүдээ төр боомилж байна. “Атрын III аян”-ы ачаар өндийж, болоод явж байсан ажлыг Засгийн газар аятайхан аваад явчихгүй. Харин ч том компаниудын ивээлд багтаж, хувь хүртэхийн тулд зарим төрийн албан хаагчид элдэв саад бэрхшээлийг бий болгож байна. Иймэрхүү янзаар явбал бид гаднаас улаанбуудай, гурил авдаг хэвээрээ л байна.
-Тариаланчид энэ байдалд хэрхэн хандаж байгаа вэ?
-Саяхан газар тариалангийн 200 гаруй компанийн төлөөлөл цуглаад энэ асуудлыг ярилцсан. Асуудлыг бид зүгээр орхихгүй. Салбарынхаа яаманд тодорхой хариуцлага тооцуулахыг шаардана. Болохгүй бол бид УИХ-д хандана. Бид стратегийн гол салбаруудын нэг газар тариалангийн хөгжлийг хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн төрийн албан хаагчдын тоглоом болгохгүй. Өнөөдөр манай яаманд мэргэжлийн хүн алга. Хэдэн мэргэжилтнийг эс тооцвол тариа будаа мэддэг нэг ч хүн байдаггүй. Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар бүгд энэ салбарыг мэддэггүй хүмүүс. Орон нутагт байгаа компаниудтай бид холбоотой байгаа. Тариаланчид шиг даруу хүмүүс Монголд алга. Тэд олон жил дуугүй явсан. Хэн нэгэн, аль нэг компанийн ашиг сонирхлоос болж энэ салбарыг зогсоохгүй гэдэгт тариаланчид санал нэг байгаа.
-Газар тариалангийн салбар стратегийн гол салбарт багтдаг. Улс орны эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралд тодорхой үүргийг үүрч яваа энэ салбараа төр хэр дэмжиж байна?
-Сүүлийн хоёр жилд энэ салбарт хийсэн дорвитой зүйл нэг ч алга. Х.Баттулгыг сайд байхад бид “Газар тариалангийн салбарыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г гаргасан. Бид төлөвлөгөөгөө бариад Ерөнхий сайдтай найман удаа уулзсан. Ямар ч үр дүнд хүрээгүй. Эцэст нь салбарын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь “Та нар газраа үнэгүй авсан. Бордоо, техникээр хангаж байна. Шатахууны асуудлыг чинь шийдэж өгдөг. Ийм байхад юм нэхэх юм бол та нарын газрыг хурааж аваад буцаагаад төрийн өмчит Сангийн аж ахуй байгуулна” гэсэн хариулт өгсөн. Ийм байдлаар л салбарын яамны удирдлагууд тариаланчдад хандаж байна. Тэд “Иргэдийг хямд гурилаар хангах гэж ийм бодлого барьж, шийдвэр гаргасан” гэж ард түмний нэр барьж биднийг дарамталдаг. Яг үнэндээ гурилын компаниуд нэг тонн хивэгээ Хятад руу 550 мянган төгрөгөөр гаргадаг мөртлөө тариаланчидаас хивэгнээс хямд үнээр улаанбуудайг нь авна гэж төрийн албан тушаалтнуудтай хамтраад дайрч байна. Газар тариалангийн салбар хүнд, урагшаа хурдтай явж өгдөггүй нэг шалтгаан нь хоёр жилийн дараа үр ашгаа өгдөгт байдаг. Нэг жил газраа хагална. Уринш бэлдэх гэж нэг жил өнжинө. Энэ хугацаанд нөгөө банкны зээлийн хүү талийгаад өгнө. Өнөөдөр тариаланчид шиг банкинд өндөр хүү төлдөг хүмүүс байхгүй. Зээл өгөх банк ч олдохгүй байна. Ургацаа нэг өглөө цасанд даруулж, малд идүүлчихдэг эрсдэлтэй, барьцаа хөрөнгөгүй гээд зээл өгдөггүй. Банкинд техник, тариалангийн газраа барьцаалаад ч зээл авч чадахгүй байна. Бидэнд цаг агаар, мал гээд бэрхшээл мундахгүй. Малчин тариаланч хоёрын хооронд хуулиар зохицуулалт хийж өгөхгүй байсаар багагүй хугацааг алдсан. Намар болохоор малчид тариалангийн талбай руу малаа оруулчихдаг. Ургацын 30 хувь малын хөлд үрэгддэг. Тэр хэмжээгээр хорогдол, хаягдал их гарна. Нөгөөтэйгүүр энэ салбарт хэчнээн хүн ажиллаж амьдралаа залгуулж, хүмүүсийн гурилыг бэлдэж байгаа билээ. Ард түмэн гэж зөвхөн гурил, талх иддэг хүмүүс биш шүү дээ. Тэр тариаланчид хүртэл ард түмний нэг хэсэг. Тэгэхээр энэ асуудлыг зүгээр нэг ард түмний нэрийг бариад хэдэн мөнгөтэй компанийн захирал, эрх мэдэлтэй төрийн албан хаагчид шийдчихдэг юм биш. Дуртай үнээрээ тариаланчдын гурилыг аваад дургүй нь хүрэхээр ийм баяр, тийм ч эдийн засгийн хүндрэл гээд гурилынхаа үнийг өсгөчихдөг. Нэг мэдэхэд л кг тутамдаа зуу зуун төгрөгөөр нэмчихдэгийг та нар мэдэж байгаа. Гэтэл хоёр жил хөлс хүч, мөнгөө зарцуулсны эцэст хураадаг энэ түүхий эдийн үнийг ингэж унагааж, дарж болохгүй. Биднийг малчидтайгаа муудалцах, гурилын үйлдвэрүүдтэй түнжин хагарч байгаа энэ байдал төрөөс хамааралтай болоод байна. Бидний хооронд зохицуулах хууль, дүрэм журам алга.
-Тариаланчид улаанбуудайгаа үнэтэй зарахаар гурил үнэд орно. Тэр хэрээр хүн бүр үнэтэй талх иднэ. Танайх ч гэсэн үнэтэй талх худалдаж авна?
-Өнөөдөр хамгийн их орлого олж байгаа хүмүүс бол гурилын үйлдвэрийнхэн. Засгийн газар өнгөрсөн жил гурилын үйлдвэрүүдэд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 400 орчим тэрбум төгрөгийг бага хүүтэй зээлсэн. Үүнээс тариаланчдад юу ч өгөөгүй. Гурилын монополь хэдэн компанид тараагаад дуусгасан. Гурилын үйлдвэрүүд бага хүүтэй зээлээ авч байна. Дээр нь хивэгээ үнэтэй зарна. Тэдний зарлага, ашгийг тооцох чадвартай хүн тариаланчид дунд бий. Бидэн дунд гурилын үйлдвэртэй хүн байгаа. Би өөрөө хүртэл гурилын жижиг үйлдвэртэй. Ямархуу ашиг өгдөгийг мэдэлгүй л яах вэ. Тэгэхээр гурилын компаниуд дэндүү даварч байгаа биз дээ. Тэд монополь байдлаа төрд тулгадаг. Уг нь төр гурилын үйлдвэрүүдийн өмнө сөхөрдөг үе өнгөрсөн шүү дээ. Монгол Улсын гурилын хэрэгцээнээс хоёр дахин их гурил үйлдвэрлэдэг хүчин чадалтай үйлдвэрүүд бий болчихсон. Монголд гурилын олон үйлдвэр байгаа. Төр том компаниудыг өөгшүүлэх биш зүгээр хаячих ёстой байгаа юм. Аливаа бизнес, ажилд өөрийн өртөг гэж байдаг. Энэ жил нэг тонн улаанбуудайн өртөг 450 мянган төгрөгт хүрсэн. Үүн дээр 50 мянган төгрөг нэмээд ав гэхээр зөвшөөрөхгүй байгаа юм. Манайх хойд хөршөөсөө улаанбуудай авч болно. Гэхдээ дотооддоо тариа тарих хүнгүй болчихбол энэ салбар унаж таарна. Дахиад салбараа босгоход маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй болно.
-Эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд стратегийн гол салбаруудаа түшиж, хямралаас гарахыг эдийн засагчид болон мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. Газар тариалангийн салбараа хямралын эсрэг хэрхэн ашиглах ёстой юм бол?
-Нөхцөл байдал хэцүү байна. Техник, үр, ургамал хамгааллын бодис гээд энэ салбарт хэрэгтэй бүх зүйлийг гаднаас авч байна. Авахдаа валютаар тооцоо хийнэ. Ийм нөхцөлд энэ салбарыг төр онцгой анхаарах ёстой. Төрийн албаны нэрэн дор ажиллаж байгаа ашиг сонирхолын зөрчилтэй хэдэн хүн газар тариалангийн салбар эдийн засгийн хүндрэлээс үүрэлцэхэд нь, хямралаас гарахад хувь нэмрээ оруулахад нь саад болж байна. Болж байгаа зүйлийг болохгүй зам руу нь чиглүүлээд байхаас биш дэмжиж тусалсан юм алга. Ерөнхий сайд өнгөрсөн жил ганцхан удаа тариалангийн талбайд очсон. Бидэнд “Та нартай 10 минут уулзана” гэсэн. 10 минутын тавд нь нүүрс ярьсаар буцсан юм даа. Одоогийн энэ хүнд нөхцөлд дэмжиж туслаад хамтдаа урагшаа явахгүй бол ирэх жил тариалангийн талбайд ажил явна гэхэд бүрхэг байна.
-Тариаланчид сүүлийн үед ашгаа бодоод рапс тарих нь ихэссэн. Үүний үр дүнд өнгөрсөн жил дотоодын гурилын нийлүүлэлт багассан?
-Үүнийг сайндаа ч хийгээгүй. Хүн амьдрахын тулд өөр боломжуудыг эрдэг шүү дээ. Рапсыг Хятадын захиалгаар тарьж байгаа. Тэд үрийг нь үнэгүй өгч байна. Мөнгөө ч бэлнээр нь өгдөг. Хүнд нөхцөлд тариаланчидаа тараачихгүйн тулд янз янзын юм тарьж байна. Монголын хөрсөнд сүүлийн 20 жил бордоо хийсэнгүй. Хөрс, газраа хамгаалах ойлголт манай төрд алга. Хөрсөө ингэж буруу ашиглах юм бол эргээд бидэнд нөхөж барахааргүй хохирол учирна. Газар, хөрс бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс хөрс, газраа хамгаалах үүрэг төрийн ажил. Манай хойд хөршид хөрс хамгаалах бодисыг тариаланчиддаа үнэгүй тараадаг. Урд хөршид ч гэсэн тэгдэг. Тариаланчид газраа хагалах, уринш бэлдэх, техникээ засч сайжруулах, үр бордоогоо авах, ажилчдынхаа цалин тавих, шатахуун түлшээ базаах гээд энэ бүхний зардалыг ганцхан улаанбуудайны үнээс гаргаж авдаг. Гэтэл бүтээгдэхүүн дээр төр, гурилын компаниуд тоглолт хийгээд байдаг.
-Ургац хураах үеэр шийдэх асуудлын нэг шатахуун байдаг. Шатахууны нөөц хэр хангалттай байгаа вэ?
-Тариа хураалтын шатахуун өгөөгүй байна. Уриншийн шатахууныг өнгөрсөн хавар өгсөн. Үүнийг тариаланчдын 10 хувьд нь өгсөн байдаг. Үүнийхээ өртгийг тариаланчдын урамшууллаас авчихдаг юм. Урамшуулал шууд бидний гарт ирэхгүй Тариалан эрхлэлтийг дэмжих сан руу ордог. Тэндээс замаас нь авчихдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнгөрсөн жил биднээс нэг тонн улаанбуудайг 230 мянган төгрөгөөр авчихаад өнөөдөр 460 мянган төгрөг буюу хоёр дахин нугалаад зарж байна. Энэ бол төсвийн мөнгөөр бизнес хийж байгаа үйлдэл. Тэгэхээр бидний үнэтэй зүйлийг үнэгүйдүүлж байна гэсэн үг биз дээ.
-Энэ салбарт 20 гаруй жил үр тариа тарьсан гэж байна. Энэ хугацаанд хэр үр шимийг нь хүртэв?
-Өөрийгөө энэ салбарт хийсэн юмтай гэж боддог. Өнгөрсөн хугацаанд манай групп Монгол Улсын бүтэн жилийн хэрэгцээтэй тэнцэх улаанбуудайг зах зээлд нийлүүлсэн байдаг. Найз нар маань намайг буруу салбарыг сонгосон гэж дүгнэдэг. 20 гаруй жил өнгөрөхөд чи байрнаасаа хөдөлсөнгүй гэдэг юм. Нэг талаараа тэдний энэ дүгнэлт үнэн. Нэг тонн улаанбуудай 50 мянган төгрөгийн үнэтэй байхад би тариа тарьж эхэлсэн. Тэрнээс хойш ахиж дээшилсэн юмгүй л байна. Үр тариа тарих нь буянтай үйлс гэсэн өвгөдийн үгийг дагаж энэ салбар руу орж байсан. Одоо ч гэсэн тэр итгэл үнэмшлээрээ жлаа хийгээд явж байна. Тэрнээс биш тариа буудай тариад, овоож оцойтлоо илүү гарсан зүйлгүй.
Зочин · 2015/10/15
Тариаланчид шиг даруу хүмүүс Монголд алга. gehihjee chi uruu reket sh dee tanhai balmad bolhoor chinii ajil uragshildaggyi shuu dee ter taria tardag sumiihan chin muul heldeg yum bilee. malchin ardaduudiig deerelhedeg bas huduuniihniig deerelhedeg chinii ajil uils yaaj butehiin lam avchraad nom unshuulsansh butehgyi za
Зочин · 2014/09/15
Батэрдэнэ гэдэг дарга чинь философийн мэргэжилтэй хун л зурагтаар тариа мэдээд ярьж гардаг юм байснн Цандэлэг унэнэ хэлж байна даа