Д.Батчулуун: “Шилэн түрүүвч” хэрэгжсэнээр санхүүгийн үйл ажиллагаа ил болно
2014/09/14
ШУТИС-ийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт бүтцийн өөрчлөлт, шинэчлэлээ танилцууллаа. Тухайлбал, тус сургууль бүрэлдэхүүн 15 сургуулиа найм болгож нэгтгэсэн байна. Мөн шинэчлэлийн хүрээнд багш, ажилчдын нийгмийн асуудал, оюутны орчин үеийн цайны газар, санхүүгийн ил тод байдал гээд хийж бүтээсэн зүйл ихтэй байгаагаа дуулгасан юм. Энэ үеэр тус сургуулийн эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуунтай тус сургуулиас хэрэгжүүлж буй “шилэн түрүүвч” системийн талаар ярилцлаа.
-ШУТИС-ийн шинэчлэлийн хүрээнд хийж байгаа томоохон ажлын нэг нь хөрөнгө санхүүг олон нийтэд ил тод болгож үүнийгээ “шилэн түрүүвч” гэж нэрлэжээ. Тэгэхээр энэ талаар яриагаа эхлэх үү?
-ШУТИС нь дэлхийн төвшний судалгааны их сургууль болж технологийн том компаниудыг үйлдвэрлэдэг технологийн тэрбумтан бэлтгэн гаргадаг сургууль болох хэрэгтэй байна.
Хамгийн түрүүнд би “мөнгөгүй газар хөгждөггүй” гэж хэлмээр байна. Тиймээс бид шинэчлэлийн хүрээнд сургуулийнхаа эдийн засагт шинжилгээ хийсэн юм. Манай сургуулийн санхүүгийн эх үүсвэр бол сургалтын төлбөр. Үүнийхээ 75-80 хувийг багш, ажилчдын цалинд зарцуулдаг. Тэгээд ч манай багш нарын цалин бага. Гэтэл ямар нэг байгууллага орсон орлогын 60+1-ийг цалинд зарцуулвал дампуурлын шинжтэй байгааг харуулдаг. Өөрөөр хэлбэл, сургууль хөгжих ямар ч боломжгүй байна гэсэн үг. Сургалтын төлбөрөө нэмье гэхээр ард түмний амьдрал ямар байгаа билээ.Тиймээс бид санхүүгийн өөр эх үүсвэр хайсан. Жишээ нь, багш нарынхаа мэдлэгийг бизнес болгох явдал юм. Шилдэг технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн гарааны компаниуд байгуулж тодорхой хувийг сургууль эзэмшвэл нэлээд хэмжээний орлого олох бүрэн боломжтой. Анхны компаниа ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Ирэх сард нано даавууны үйлдвэр нээлтээ хийнэ. Гэхдээ орж ирж байгаа мөнгө ил тод байх ёстой. “Шилэн түрүүвч” систем гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн систем данс биш. Нягтлан бодох бүртгэлийг зөвхөн мэргэжлийн хүн л ойлгодог. Харин “шилэн түрүүвч” бол энгийн иргэнд ч ойлгомжтой байна. Хүн түрүүвчинд байгаа мөнгөө юунд зарцуулсан бэ гэдгээ мэддэг шиг бидний зарцуулсан мөнгийг иргэд, олон нийт мэддэг байх гэсэн зарчим юм. “Шилэн түрүүвч” бол дотоод хяналт шинжилгээнд зориулсан. Дотоод хяналт алдагдсанаас байгууллага дампуурдаг. Яагаад гэвэл бүх зүйл нууц байдаг учраас тэр. Бид өнгөрсөн жил сургуулийнхаа үүдэнд точскринтэй том дэлгэц тавьсан. Ирэх сарын 1 гэхэд та тухайн дэлгэцэн дээр ШУТИС-д ажилладаг хэн нэгэн хүний нэр эсвэл өрөөнийх нь дугаарыг хийхэд тухайн хүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэдэн төгрөгийн цалин авдаг. Юу хийдэг бүх мэдээлэл нь гарч ирэх болно. Тэр ч бүү хэл хэн хэдэн төгрөгийн зарлагыг гаргасан талаарх мэдээлэл минут секунд тутамд гарч ирнэ. Энэ сургуулийг авч явж байгаа хүмүүс бол багш ажилчид. Бидний хийж байгаа бүтцийн өөрчлөлтөд хамгийн гол нь багш ажилчид, оюутнууд хохирч болохгүй. Тиймээс бид хэнийг ч хохироохгүйн тулд бүх зүйлийг ил тод болгох явдал юм. Ингэснээр бие биенээ хардах асуудалгүй болно.
“Шилэн түрүүвч”-нд зөвхөн мөнгө явахгүй. Мөнгөн хөрөнгө, хүмүүсийн харилцаа, эд хогшлын бүртгэл, төнөг төхөөрөмж,ажлын гүйцэтгэл, мэдээллийн солилцоо, баримт бичиг, бараа материал бүгд багтана. Эд хогшлыг “шилэн түрүүвч” рүү оруулснаар эдэлгээний хугацаа нь дуусч байгаа эд хөрөнгийн бүртгэл автоматаар хасагдна. Заавал эд хөрөнгийн тооллого явуулж актлах бус цахимаар актлах давуу тал бий болж байгаа. Үүнийг бид “шилэн түрүүвч” гэж нэрлээд байгаа юм.
-Хяналтыг хэрхэн тавих вэ. Цаг минут тутамд хянах боломж бий гэж үү. Тухайлбал, тухайн хүн шатахуун авсан зарлагаа “шилэн түрүүвч”-д яаж мэдээллэх вэ?
-Тухайн хүний авсан зарлага бүр санхүүтэй холбогдох учраас хяналтад асуудал гарахгүй. Тендерийн мөнгө шилжлээ гэхэд хэнд, хэзээ, хэдэн төгрөг шилжсэн зэрэг мэдээлэл нээлттэй байна. Тэр бүү хэл тухайн тендерт ялсан байгууллагын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа, биелэлт нь хэзээ дуусах зэрэг мэдээлэл олон нийтэд ил байх юм. “Шилэн түрүүвч”-ийн системийг жил гаруй хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллалаа. Ирэх сарын 1-нд бүрэн ашиглалтад орно. Ирэх жилээс эхлэн хүүхдүүдийн төлбөрт өгсөн нэг сая 600 мянган төгрөгийг жагсааж бичнэ. Үүнийгээ задалж хэд нь багшийн цалин, хэд нь оюутны зардал, хэд нь ус, дулаанд зарцуулж байгааг тооцоолж гаргаж ирнэ. Ингээд сургуульд элссэнийх нь дараа оюутны холбоо, үйлдвэрчний эвлэл, сургуулийн удирдлага, эцэг, эхийн төлөөлөл хуралдана. Хурлаар юу нь болж, юу нь болохгүй байгааг ярилцах юм. Сонголт өөрсдөд нь шилжинэ. Энэ “шилэн түрүүвч”-ийн бас нэг хэлбэр юм.
-Танай сургууль гадны олон сургуультай хамтарч ажилладаг учраас гадаадад сурах оюутнуудын тоо жил бүр нэмэгддэг. Оюутнуудад ямар шаардлага тавьдаг вэ. Нууцгүй хэлэхэд дарга, багш нарын хүүхэд явдаг гэх хардлага байдаг шүү дээ?
-Өмнө нь юань, ам.доллар, хөгжлийн дансанд нь хэдэн төгрөг байгааг багш ажилчид мэддэггүй байсан. Одоо бүгд ил тод болсон. Бид эхний ээлжинд мөнгөн хөрөнгөө ил гаргаж тавилаа. Дараагийн үе шат бол бид үйл ажиллагаагаа ил болгох юм. Манай сургуулиас хэдэн хүүхэд гадаадад сурч байгаа мэдээллийг хүссэн иргэн харах боломжтой болно. Өмнө нь энэ асуудал нууц байсан. Нууцгүй хэлэхэд дарга нар эсвэл мөнгөтэй хүний хүүхэд гадаадад сурдаг байсан. Харин үйл ажиллагаа ил тод болсноор хэн хаашаа ямар ажлаар явж байгаа, гадаадад хэдэн хүүхэд сурч байгаа талаарх мэдээлэл бүх хүнд нээлттэй болно. Улс хурдан хөгжихийн тулд их сургууль, бизнес, төр гурав нийлж ажиллаж байж хурдтай хөгжинө. Их сургууль мэдлэгээ . өндөр технологио бизнест өгч бизнесмэнүүд үйлдвэрлэд нэвтрүүлж төр татвараар дэмжээд өгвөл болно. Их сургууль үйлдвэрлэл харилцан уялдаатай байж хөгжих ёстой. Тиймээс манай сургуулиас үндэсний үйлдвэрчлэгч байгууллагуудын удирлагуудыг өглөөний цайнд урьж уулзсан. Хамтран ажиллах талаар гэрээ байгуулж байгаа.Мөн яамдуудтай уулзаж манай сургуульд зөвлөх инженерийн тендер өгөөч гэдэг асуудлыг ярьсан. ШУТИС-д Монгол Улсын эрдэмтдийн 70 хувь нь бий. Энэ сургуульд байгаа докторууд бол бүтээлч докторууд. Тиймээс бид тэдний юм хийх боломжийг бий болгохын төлөө ажиллана.
-Та түрүүнд манай сургуулийн санхүүгийн эх үүсвэрийн 80 хувь нь сургалтын төлбөр гэж байсан. Харин яамнаас өнгөрсөн хичээлийн жилд хэзээ ч өгч байгаагүй их мөнгийг улсын төсөвт суулгаж чадсан гэж яриад байгаа. Сургалтын төлбөр болон, төрөөс орж ирж байгаа мөнгөнд яаж хяналт тавьж байна вэ?
-ШУТИС-ийг ирээдүйн технологийн тэрбумтангуудыг төрүүлэх шинэ технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх сургууль болгож хөгжүүлэхийн тулд улс төрийн том шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Эрдэм шинжилгээний дэд бүтэцийг хөгжүүлэх улс төрийн шийдвэрүүд хэрэгтэй.Эрдэм шинжилгээний дэд бүтцээс гарсан шинэ технологиудыг компани болгох, аж үйлдвэр болгоход инновацийн сангууд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, венч капиталын сангуудыг гаргах хэрэгтэй.Хөрөнгийн биржид өөрийн оюуны өмчөө барьцаалаад үнэт цаас өөрийн компанийн нэрээр гаргадаг байх хэрэгтэй. Өндөр технологийн санд хандив өгсөн хувийн компаниудыг татвараас хөнгөлөх, чөлөөлөх төрийн шийдвэрүүд хэрэгтэй байгаа юм. Их сургуулиудын урсгал зардлыг улсаас төлдөг. Энэ жил манайд дөрвөн тэрбум төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс урсгал засварынхаа томоохоноос нь хийсэн. Мөн чухал хэрэгтэй лабораторийн төнөг төхөөрөмж худалдаж авсан. Үйлдвэр худалдааны яамнаас 4.2 тэрбум төгрөгөөр орж ирсэн өндөр технологийн тоног төхөөрөмжийг суурилуулж хүнсний эрдэм шинжилгээний төв байгуулж үндэсний хэмжээнд ургамал, амьтны гаралтай хүнсний түүхий бүтээгдэхүүний химийн найрлага, бүтэц биологийн төрөл зүйл удмын санг судлах шилжмэл гентэй бүтээгдэхүүний судалгаа хийж байна. Үлгэр жишээ оюутны цайны газар байгуулахаар шийдэж орчин үеийн, монголд байхгүй оюутны цайны газрыг сургуульдаа байгуулж чадсан. ШУТИС-д хөгжлийн данс гэж бий. Сургуульд орж ирж байгаа бүх мөнгө ил тод байгаа. Цаашид ч ил тод байх болно.
-Тэсрэх бодисын үйлдвэрээс мөнгө авсан гэх мэдээлэл гараад байсан. Энэ ямар учиртай мөнгө вэ?
-Тэсрэх бодисын хамтарсан үйлдвэр байгуулж ШУТИС-д хувь эзэмшүүлж орлого олох зорилгоор хамтран ажиллах гэрээ хийсэн . Гэрээний эхний шатанд суурь судалгаа явуулах, монголд хамтрагч болох үүрэг хүлээсэн юм. Гэрэээний урьдчилсан шатны судалгаанд зориулсан 100 мянган юань ШУТИС-ийн хөгжүүлэх дансанд орж ирсэн.Энэ судалгааг манай сургуулийн багш хийж тэсрэх бодис үйлдвэрлэдэг компанид хүлээлгэн өгсөн. Үүний дагуу мөнгө орж ирсэн. Бидний хийж байгаа ажил бол багш нарынхаа мэдлэгийг бизнес болгох явдал. Ганцхан сургалтын төлбөр харах бус өөр санхүүгийн эх үүсвэртэй болох нөхцлийг бүрдүүлэх ёстой. Үүний нэг нь энэ юм. Энэ санхүүжилт ил байгаа. Мөн л “шилэн түрүүвч”-ийн нэг хэлбэр. Энэ сургуульд орж байгаа болон гарч байгаа нэг төгрөг ч ил байх ёстой гэсэн санаа юм.
-Сургалтын төлбөрийг банкинд хадгалуулж хүү авдаг гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу. Ямар хэмжээний хүү авдаг вэ. Түүнийгээ юунд зарцуулах вэ?
-Манайд сурч байгаа оюутны тоог нэг сая 600 мянган төгрөгөөр үржүүлэхэд сургалтын төлбөрт хэдэн төгрөг орж ирдэг нь гарна. Энэ мөнгийг өмнө нь “Голомт” болон “Улаанбаатар” банкинд 0.2 хувийн хүүтэйгээр хадгалуулдаг байсан. Намайг ажлаа авахад 2012 онд харилцах дансанд 385 сая 300 мянган төгрөгийн хүү бодогдсон байсан. Харин 2013 онд бид бүх банкинд бичиг илгээсэн. Аль тааламжтай нөхцлөөр хадгалах болон багш нарт барьцаагүй зээл олгох. Мөн орон сууцны барьцаагүй зээл өгвөл бид мөнгөө хадгалуулъя гэдэг саналыг тавьсан. “Хаан”, “Голомт” Улаанбаатар банкнаас 0.6 хувийн хүүтэйгээр хадгалъя гэдэг санал ирснийг хүлээн авч тус банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүүний мөнгийг бид сургуулийн хөгжлийн тодорхой цэгт л хэрэглэх болно. Багш нарын 180 айлын орон сууц санхүүгийн зөв биш менежментээс болж нэг давхрыг бариад зогссон байсан. Энэ асуудлыг банкуудтай хийсэн шинэ гэрээний хүрээнд багш, ажилчидтай барьцаагүйгээр найман хувийн зээл олгох ажлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд нэг жилийн дотор зах зээлийн үнээс хямд буюу метр квадратыг нь нэг сая 160 төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан.
-Их сургуулиуд бүрэлдэхүүн сургуулиудаа цөөлж нэгтгэсэн. Үүнтэй холбоотойгоор албан тушаал эрх мэдлийн өрсөлдөөн гарч байна гэж хүмүүс харж байгаа. Магадгүй тиймээс нэгнийгээ мөнгө идсэн, уусан гэх мэдээлэл их гараад байх шиг байна. Танай сургуулийн удирдлагууд ч мөн адил шуургыг дайраад өнгөрлөө. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Таныг тендер будлиантуулсан гэж бичсэн байсан?
-Шинэчлэл хийж байгаа учраас хэн нэгэн хүний эрх ашиг хөндөгдөж байгаа гэдэгтэй маргахгүй. Бид сургалтын хөтөлбөрөө олон улсын жишигт хүргэхгүй бол гадны сургуулиудтай хамтран ажиллах, багш, оюутан солилцох асуудал байхгүй болно. Бидний сургалтын хөтөлбөр олон улсын сургуулиудтай зэрэгцэж чадвал бидний хамтын ажиллагаа улам өргөжих боломжтой. Тиймээс бид олон улсын жишигт нийцэхийн тулд зайлшгүй шинчэлэл хийх хэрэгтэй болсон. Сургуулиудаа ч нэгтгэсэн. Үүнийгээ дагаад багш нараа чадваржуулах шаардлага гарсан. Тиймээс үүнд дургүйцсэн хэсэг бүлэг хүн ийм зүйл ярьж хэлж байгаа байх. Угаасаа хэн ч эсэргүйцэхгүй бол тэр шинэчлэл биш. Тиймээс бидний шинэчлэл амжилттай хийгдэж байгаа юм байна гэж харж байгаа. Нөгөө талаар тендерийн будилаан гэх зүйл огт болоогүй. Би энэ албан тушаалд ирэхээс өмнө “Монголын цахилгаан шат” ХХК-ийг удирдаж байсан нь үнэн. Гэхдээ энэ ажлыг хүлээж авахаасаа өмнө компанийнхаа тамга тэмдэг, бичиг баримтыг өөр хүнд шилжүүлсэн. Энэ бол монголын компани учраас нээлттэй тендерт оролцох эрхтэй. Харин манай сургуулиас хоёр цахилгаан шатны 159 сая төгрөгийн тендер зарласан. Тендерийн зар өдөр тутмын таван сонинд гарч худалдан авах ажиллагааны дагуу тендер зарласан. Сарын дараа гэхэд ганцхан “Монголын цахилгаан шат” ХХК материалаа ирүүлсэн байна гэж тендерийн комиссоос мэдээлж тендер нь задарсан. Миний хувьд тендерийн комисст зохих байгууллагуудад нь бичиг өг гэж хэлсэн. Тиймээс АТГ болон эдийн засгийн цагдаагийн газарт бичиг өгсөн. Энэ бичигт Д.Батчулуун нь “Монголын цахилгаан шат” ХХК-ийг өмнө нь удирдаж байсан нь үнэн. Гэхдээ Д.Батчулуун нь тендерийн комисст оролцоогүй. Тендер хуулийн дагуу явсан. Энэ хүн гэрээ байгуулахгүй мөнгөн дээр гарын үсэг зурахгүй. Энэ хүнд ямар нэг ашиг сонирхлын зөрчил байна уу гэдгийг шалгуулах бичиг явуулсан.
Гэтэл АТГ-аас болон Эдийн засгийн цагдаагийн газраас ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй гэсэн бичиг ирсэн. Тиймээс бүх зүйл хуулийн дагуу цааш үргэлжилсэн. Ингээд гэрээний дагуу тухайн компани ажлаа хүлээн авч хичээлийн шинэ жил эхлэхэд ажлаа дуусгаж хүлээлгэж өгсөн. Энэ хүмүүс юу бичээд байгааг би ойлгохгүй байгаа. Эцэст нь хэлэхэд Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг. Гэгээн гэдэгт чинь бүх зүйлд гэгээрчихсэн хүмүүсийг хэлдэг байх. Хүн чанар, нийгэм, гэр бүл, хийсэн ажил, улс эх орон, дэлхийд хүртэл гэгээрчихсэн хүмүүсийг хэлдэг юм шүү.
"Зууны мэдээ" сонин
Зочин · 2014/09/17
Шуламын тулам аа зайлаач ээ
Зочин · 2014/09/16
ЭНЭ шилэн түрийвч шиг худал зүйл байхгүй. одоо энэ ещрөнхийгийн зөвлөх хүүхэн өнгөрсөн 4 жилд ийм төсөл гадаадын санхүүжилтээр хэрэгжүүлж байна гээд ********ан яваад семинари хийдэг байсан. танилцуулж байгаа зүйл нь үнэхээрт инээдтэй. осолдохгүй юм хийж байгаа дүртэй. дүр эсгэсэн зүйл байсан даа. ийм нэр томьёо яриад байхаар иргэд ил тод боллоо гээд боддог юм шиг байгаа юм. тэгэнгүүт мань гарууд ху******г юм байнх
Зочин · 2014/09/16
ЭНЭ шилэн түрийвч шиг худал зүйл байхгүй. одоо энэ ещрөнхийгийн зөвлөх хүүхэн өнгөрсөн 4 жилд ийм төсөл гадаадын санхүүжилтээр хэрэгжүүлж байна гээд ********ан яваад семинари хийдэг байсан. танилцуулж байгаа зүйл нь үнэхээрт инээдтэй. осолдохгүй юм хийж байгаа дүртэй. дүр эсгэсэн зүйл байсан даа. ийм нэр томьёо яриад байхаар иргэд ил тод боллоо гээд боддог юм шиг байгаа юм. тэгэнгүүт мань гарууд ху******г юм байнх
Зочин · 2014/09/16
Маш зөв. Доорхи өгүүлбэр их таалалгдлаа Улс хурдан хөгжихийн тулд их сургууль, бизнес, төр гурав нийлж ажиллаж байж хурдтай хөгжинө. Их сургууль мэдлэгээ . өндөр технологио бизнест өгч бизнесмэнүүд үйлдвэрлэд нэвтрүүлж төр татвараар дэмжээд өгвөл болно. Их сургууль үйлдвэрлэл харилцан уялдаатай байж хөгжих ёстой. Тиймээс манай сургуулиас үндэсний үйлдвэрчлэгч байгууллагуудын удирлагуудыг өглөөний цайнд урьж уулзсан. Хамтран ажиллах талаар гэрээ байгуулж байгаа.Мөн яамдуудтай уулзаж манай сургуульд зөвлөх инженерийн тендер өгөөч гэдэг асуудлыг ярьсан. ШУТИС-д Монгол Улсын эрдэмтдийн 70 хувь нь бий. Энэ сургуульд байгаа докторууд бол бүтээлч докторууд. Тиймээс бид тэдний юм хийх боломжийг бий болгохын төлөө ажиллана.
Зочин · 2014/09/16
suemaar zuil ih bna shuu. bayarlalaa
Зочин · 2014/09/16
Байгууллага бүр ийм байвал сайн шүү дээ
Зочин · 2014/09/16
Үнэхээр л дэвшье. Өөрлөгдье гэвэл энэ л зарчмаар дэлхийн сургуулиуд шиг явна биз дээ. Өөрчлөлт хүн бүрт таалагдах ёстой биш. яридаг шигээ хийвэл болцон л бнашдэ