Монгол улсын иргэн З.Баасандорж манай редакцид хандсан юм. Түүний ийн хандах болсон шалтгаан нь “Кей Эйч Эн Ар” буюу “Халхын шинэ төмөр зам” компаниар Төр засаг үндэсний бүтээн байгуулалтын ажлаа хийлгэжээ. Харин өнөөдрийг хүртэл тус компанийн ажлын хөлсийг өгөхгүй байгаа юм байна. Ингээд “Кей Эйч Эн Ар” компанийн захирал З.Баасандоржтой ярилцсанаа хүргье.

             -МОНГОЛЫН ТӨРӨӨС БИ АВРАЛ, ХАРИУЦЛАГА ХОЁРЫГ АЛЬ АЛИЙГ НЬ АСУУЖ БАЙНА-

-Юуны учир бидэнд хандах болов энэ тухайд яриагаа эхлэе?

-Та бүхэнд намайг хүлээн авч ярилцаж буйд мөн Монголын төр засагт хандах боломж олгосонд баярлалаа.  Намайг “Кей Эйч Эн Ар” буюу “Халхын шинэ төмөр зам” компанийн захирал З.Баасандорж гэдэг. Манай компани нь үндсэн болон салбар төмөр зам шинээр барих, засвар арчлалт хийх, төмөр замын доод бүтэц угсрах, хоолой угсрах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай монголын анхны хувийн хэвшлийн аж ахуйн нэгж юм. Бид бүхэн эх орныхоо төмөр зөмын бүтээн байгуулалтад оролцож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч өнөөг хүртэл санхүүжилтээ авч чадахгүйгээс санхүүгийн хүнд байдалд орсноос та бүхэнд хандаж байна.

-Яг ямар ажил, хаана, хэдийд хийснээс ийм байдалд оров. Энэ талаар тодруулбал?

-2010 онд төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдаж, энэ бодлогын баримт бичгийн эхний үе шатны ажлын хүрээнд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-тай 1/006 тоот гэрээ байгуулан “Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан” чиглэлийн 50 км туршилтын хөрс хуулалтын ажлыг гэрээнд заасан хугацаанд нь өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн юм л даа.

-Улсаас хэдий хэрийн мөнгө авах ёстой вэ. огт ямар ч санхүүжилт хийгдээгүй юм?

-Ер нь энэ ажлын санхүүжилт нь Хөгжлийн банкнаас хийгдэх ёстой юм. Нийт манай компани нь 4.8 тэрбум төгрөгний ажил хийчихээд нэг төгрөг ч авч чадаагүй сууж байна. Гэтэл энэ мөнгийг олгох талаар удаа дараа Засгийн газрын тогтоол гарсан боловч харамсалтай нь бид 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө өнөөг хүртэл аваагүйн улмаас энэ ажлаас үүдсэн хохирол 6 тэрбум гаруй төгрөг болоод зогсохгүй маш их хэмжээний шүүхийн шийдвэр ширээн дээр минь овоолоостой, өөрөө эрүүгийн гэмт хэрэгтэн болохдоо тулж цагдаа, хуулийн байгууллагаас байнга дуудагдаад явж байна. Улсынхаа бүтээн байгуулалтад оролцчихоод ийм байдалд ороод байгаадаа сэтгэл үнэхээр эмзэглэж байна.

-Бүр 2011 онд хийгдсэн ажлын хөлс одоо хүртэл байхгүй гэж үү. яагаад тухайн үед асуудлаа тавьж шийдүүлж чадсангүй вэ?

-Өмнө нь би хэлсэн энэ мөнгийг шийдэх тухай шийдвэрүүд гарч байсан гэж. Одоо миний гарт Ерөнхий сайд С.Батболдын үеийн 2011 оны 266 дугаар тогтоол, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн засгийн газрын 2013.1.26-ны өдрийн 28 дугаар тогтоолууд байна. Сүүлийн тогтоолын хавсралт ёсоор хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтыг олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах (Б.Шинэбаатар)-д даалгасан. Энэ жагсаалтад манай компанийн хийсэн ажил гэрээний дугаар, мөнгөн дүнгийнхээ хамтаар туссан. Бид Зам тээврийн яам болоод “Монголын төмөр зам” ТӨХК-д санхүүжилтээ удаа дараа хүссэн боловч Хөгжлийн банкнаас санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн шалтгаан хэлж, удахгүй шийдэгдэнэ гэсээр өнөөдөртэй золгочоод байна. Төрийн байгууллагуудын бие бие рүүгээ чихсэн энэ байдлаас болоод бид ийм байдалд ороод байна. Хөгжлийн банкнаас төмөр замын бүтээн байгуулалтад зориулан 2013 оныг хүртэл санхүүжилт олгохгүй байсан тухай  хэвлэлээр мэдээлэл авч байсан л даа. Гэхдээ 2013 оноос удаа дараа олон зуун сая доллар шийдэгдсэн боловч бидний асуудал харин тэгсэнгүй.

-Хөгжлийн банк үүнд ямар хариу өгч байх юм?

-Бид дөнгөж сар гаруйн өмнө Хөгжлийн банкинд санхүүжилт хүссэн албан бичиг дахин өгсөн боловч Зам тээврийн яам, Монголын төмөр зам компаниас ажлыг хүлээн авч санхүүжилт олгох тухай хүсэлтийг банкинд өнөөг хүртэл ирүүлээгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Гэтэл миний өмнө 2012.12.10-ны өдрийн 3/2111 дугаар бүхий “санхүүжилт шийдвэрлүүлэх тухай” албан тоотыг Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагаас Хөгжлийн банкны захирал Ким Жанг Жинд явуулсан нь энэ байна.

-Хууль номоороо шийдэгдчихэд болох асуудлыг яагаад ингээд байна гэж та үзэж байна?

-Өөрсдөө ч гайхшаа бараад байна. Улсын ажлыг мөнгийг нь авчихаад хийгээгүй компаниудын тухай өчнөөн мэдээлэл хөврөх юм. Гэтэл хийсэн ажлынхаа төлөө өөрөө ялд унах гэж байгаадаа төр засагт үнэхээр харамсаж байна. Улс орныхоо томоохон бүтээн байгуулалтад оролцох нь, улсынхаа түүхийг бичилцэх нь гэж урам зоригоор дүүрэн энэ ажлыг эхлүүлж дуусгасан гэтэл. Энэ ажлаас өмнө бид хангалттай түвшинд ажиллаж байлаа шүү дээ.

-Төмөр замынхаа чиглэлээр үү?

-Тэгэлгүй яах уу. Би өмнө нь манайх энэ чиглэлийн мэргэжлийн анхдагч үндэсний компани гэж хэлсэн дээ. Манайх “Петровис”, “Эрдэнэт үйлдвэр”, “Вагнер Ази тоног төхөөрөмж”, “Таван богд трейд”, “Номин холдинг” ХХК-иудын төмөр замыг барьж, засвар арчлалтыг нь хийж байсан юм. Компанийн үйл ажиллагаатай яамныхан болоод МТЗ ТӨХК-ийн нөхдүүд танилцаад Монголд бас ингэж төмөр зам тавьдаг компани байдаг юм уу гэж байсан даа. Тэгээд бидэнд энэ бүтээн байгуулалтад орж ажиллаач гэж санал тавьсан юм. Түүнээс бид хэн нэгэн улс төрчийн, шийдвэр гаргагчийн халаасны компани биш. Үүнийг би бүр цохож хэлж байна. Ялангуяа тэр үед бүтээн байгуулалтад оролцсон компаниудыг тухайн үед сайд хийж байсан Х.Баттулгатай холбогдуулсан яриа их байх юм. Үнэндээ тухайн үеийн сайд бүү хэл өнөөгийн сайд дарга нар нь ч бидний асуудалд анхаарал хандуулахаа болчиод байна. Монголын төр үндэсний компаниудаа бүх талын бодлогоор дэмжинэ гэсэн сайхан уриа лоозон их л сонсох юм. Учиргүй дэмждэггүй юм гэхэд усан балчигт унагачаад битгий орхиоч гэж төр засагтаа аврал эрэн хандаж байна.

-Та тэгвэл аврал биш хариуцлага нэхэх ёстой юм биш үү?

-Монголын төрөөс аврал, хариуцлага аль алиныг нь асууж байна. Бид энэ ажлаас өмнө хангалттай түвшинд ажиллаж байлаа гэж би хэлсэн. Яригдаж буй ажлын гэрээгээ хиймэгц бид тэрбум шахам төгрөг төлж, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-иас 2 тэрбум гаруй төгрөгний цөөнгүй тооны тоног төхөөрөмж лизенгээр авсан. Гэтэл хийсэн ажлынхаа санхүүжилтыг авч чадаагүйгээс урьдчилгаанд өгсөн мөнгөө ч, тоног төхөөрөмжөө ч алдахад хүрсэн. За тэгээд энэ ажлын ард богино хугацаанд гарахын тулд санхүүгийн болоод шатах тослох материалын гэх мэт нилээд зээл авсны хохирол 6 тэрбум гаруй төгрөг болж, өөрөө хууль, цагдаагийн байгууллагын үүд сахихад хүрээд байна. Төр засаг үндэсний компанидаа ингэж төмөр нүүр гаргаж буйн хариуцлагыг хэн үүрэх ёстой юм бэ. Энэ ажлын хөлсний цаана олон арван техник, түрээс, харилцагч компаниуд болоод олон зуун ажилчид тэдгээрийн ар гэрийнхэн нь хохироод явж байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд та энэ асуудалд онцгой анхаарал хандуулан шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.