-ИЖИЙГЭЭ ТАКСИНД ГАРАХ БОЛГОНД НЬ ТАНЫГАА ЖАРГААХ БОЛНО ОО ГЭЖ ӨӨРТӨӨ АМЛАДАГ-

Саяхан Узбекийн Таш­кент хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, гурван хүрэл медальтай ирсэн билээ. Эмэгтэйчүүдийн хасах 60 кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж дэлхийн аварга боллоо. Түүнийг хүн бүр л 20 нас ч хүрээгүй мөртлөө хашир барилдаж, бяр чадлаараа ёстой л дэвжээг эзэгнэсэн гэж ярьж байна. Үнэхээр ч бяртай эмээгийн үр удам гэдгээ тэрээр харуулаад авсан. Харин дэлхийн аваргатай уулзаж ярилцахад хүүхэд зангаараа гэнэн цайлган инээд цацруулж хүсэл мөрөөд­лийнхөө тухай хуваалц­сан юм. Ингээд түүн­тэй ярилцсанаа хүргэе.

 -Сая бэлтгэлээс ирсэн гэлээ. Дөрөө мултлаад л бэлтгэлдээ оржээ. Ямар тэмцээнд орох гэж байна вэ?

-Тэглээ. Энэ сарын сүүлээр АНУ-д цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэр тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Өглөө Америкийн элчин орж бичиг баримтаа зохицуулаад ирсэн.

-Дэлхийн аваргаас ирэхэд онгоцны буудал дээр гэр бүлийнхэн тань гээд нэлээд олон хүн угтсан харагдсан. Зорилгоо биелүүлчихээд ирэхэд ямар сэтгэгдэл төрдөг юм байна?

-Үнэхээр сайхан. Онгоцонд ирж явахдаа хурдхан шиг л бууж ээждээ үнсүүлэх юмсан гэж бодож байлаа. Онгоцноос буухад ээж, ах, эгч, Хосоо багш,  “Алдар” спорт хорооныхон гээд хүмүүс намайг угтах байх гэж бодсон. Тэгсэн ээж, ах нараас гадна Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх Алдар спорт хорооны дарга Өсөхбаяр дарга, Цог-Эрдэнэ дарга нар хүлээж аваад тусгай өрөөнд хүлээж авдаг юм билээ. Тэгээд тэр өрөөнөөс гараад ирсэн чинь манай спорт хорооны хамт олон, найз нөхөд, хамаатан садан гээд зөндөө хүн ирсэн байсан. Би бүр гайхсан. Тийм их хүн намайг хүлээж байна гэж зүүдлээ ч үгүй болохоор. Манай спорт хорооны нярайлаад, бэлтгэлдээ ороогүй эгч хүртэл баяр хүргэхээр ирсэн байсан шүү. Тэр хүмүүсийн хүндлэл, баяр надад үнэхээр гэнэтийн бэлэг болж чадсан.

-Ц.Хосбаяр багш тань санхүүгийн байдлаас болоод үлдсэн гэсэн. Аварга болох тэр мөчид хэн заавар, зөвлөгөө өгч байсан бэ?

-Уг нь Хосбаяр багш намайг аварга болох үед дэргэд минь байсан бол сайхан байхгүй юу. Даанч санаснаар болсонгүй. Гэхдээ Цогтбаяр багш байсан болохоор газардсангүй. Цогтбаяр багш маань Хосбаяраас дутахааргүй бас л миний багш. Цогоо багш барилдаж байхад зөвлөгөө өгч байсан. Бас дотроо багшийнхаа зааж, зөвлөсөн захиасыг биелүүлэхийн төлөө л зүтгэсэн дээ.

-Нэгэн тамирчин “Дэвжээн дээр гарсан хойно ямар ч аврагч бурхан гэж байдаггүй, гагцхүү араас тэг ингэ гэж орилж буй дасгалжуулагч л миний бурхан” гэсэн байдаг. Ер нь дэвжээн дээр барилдаж байгаа үед дасгалжуулагчийн хэлж ярьж байгааг сонсдог уу?

-Зөвхөн өрсөлдөгч бөхөөс гадна цаг, шүүгч, дэвжээтэй барилддаг. Өөрөө л сайн төвлөрч тайван, бүхнийг тооцоолж чадвал дасгалжуулагчийнхаа заавар зөвлөгөөг сонсч чаддаг. Сая барилдааны үеэр Цогтбаяр багш болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батбаяр, Сүхээ, Дүвчин багш нар дэвжээний булангаас зөвлөгөө өгч байсан. Дасгалжуулагчийн зөвлөгөөг барилдааны үеэр сайн сонсч чадвал тухай бүрт нь барилдах арга барилаа боловсруулаад явчихдаг.

-Аваргын төлөө Азар­бейжаны бөхтэй барилдсан. Өөрөөс тань насаар нэлээд эгчмэд туршлагатай бөх харагдсан. Яах бол гэж сандарсан уу?

-Азарбейжаны бөх Раткевич 28 настай тамирчин байсан. Өмнөх барилдаануудынх нь бичлэгийг үзсэн. Давхар хамах мэхэндээ сайн юм билээ. Тийм болохоор би сайн хамгаалж, өөрийнхөө мэхийг хийнэ гэсэн бодолтой гарсан. Тэгээд ч нас залуу, цус шингэн гэдэг утгаараа би илүү хөдөлгөөнтэй барилдана гэж бодсон. Нэг их сандраагүй. Эхлээд нэг оноо алдаад хоёр оноо аваад дахиад хоёр оноо алдсан. Гэхдээ оноо алдчихлаа гэж сандралгүй тайван барилдаж мэхээ гүйцээнэ гэж зүтгэсэн. Шилбэдэж, давхар хамах мэхийг хэд хэдэн удаа хийж оноо авсан. Энэ мэх манай Хосбаяр, Цогтбаяр багшийн дархан мэх. Цогтбаяр багш ч “Чимэдээ чаддаг мэхээ хий” гэх нь сонсогдож байсан.

-Энэ удаа барилдсан өрсөл­дөгчидтэйгөө өмнө ихэвчлэн учраа таарч байсан гэлээ. Ялангуяа Японы бөхөд ялагдаж байсан байх аа?

-Эхлээд Оросын бөхтэй барилдсан. Бэртэл аваад хоёр жил барилдаагүй байж байгаад барилдсан тамирчин. Дараа нь Японы бөхтэй барилдсан. Долоо нойлоор би буулгаж авсан. Японы бөхийг эхлээд хөмөрч дөрвөн оноо аваад шилбээр давхар хамж хоёр оноо дахин авсан. Цаг дуусахын өмнө цэвэр ялсан. Өмнө нь манайд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Японы бөхтэй учраа таараад харамсалтайгаар ялагдсан. Дахиад таарах байх гэсэн тооцоолол байсан болохоор энэ удаа давна гэдэгтээ итгэлтэй байсан. Харин зооны аваргын төлөө Финландын бөхтэй таарсан. Бас л өмнө барилдаж байсан болохоор барилдааныг нь сайн мэднэ. Тэгээд ч ямарваа юманд өөр­төө итгэлтэй, зоригтой байх юм бол ард нь гарч чаддаг юм байна гэдгийг би маш сайн ойлголоо. Ялангуяа Японд байхад тэндхийн тамирчид ямар их хүнд бэлтгэл хийж, хамаг амьдралаа зориулан байж амжилтад хүрдгийг би мэдэрсэн.

-Японд байсан тухайгаа ярихгүй юу. Сурахаар явсан юм уу?

-2013 онд насанд хүрэгч­дийн улсын аваргад түрүүлээд Японд сурах эрхээр шагнуулсан. Тэнд очоод Олон улсын харилцааны сургуульд сурахаар хэлний бэлтгэлд явж байлаа. Бас хажуугаар нь бэлтгэлээ хийнэ.

-Ямар мэргэжлээр сурах гэж байсан юм бэ?

-Дасгалжуулагч багшаар төгсөх байсан.

-Тэгээд яагаад хүрээд ирсэн юм бэ?

-Ээжийн маань бие муудаад хүрээд ирсэн. Би багадаа аавынхаа өвөр дээр тоглож ч амжаагүй бурхны оронд алдсан. Харин ээжийгээ амьд мэнд байгаа дээр нь хажууд нь байж тус нэмэр болъё гэж шийдсэн. Хэдий эрдэм сураад ирээрэй гээд явуулсан ч гэлээ хүний нутагт охин үрээ яажшуухан амьдарч байгаа бол гээд санаа нь байнга зовдог байсан байх. Тэгж бодоод санааг нь чилээгээд яахав гээд эргээд ирсэн. Тэгээд ч эндээс явахад гэр бүлээсээ гадна Хосоо багшийгаа орхиод явах надад хүнд байсан. Би Монголоос Япон руу явахдаа зөндөө уйлсан. Аргагүй л багаас минь бөхийн дөртэй болгосон хүн шүү дээ. Тэнд очоод надад бэлтгэл чинь болж байна, одоо ингэ тэг гээд хэлээд өгөх хүн ч үгүй үнэхээр хэцүү санагдсан. Ганцаардах, уйлах үе ч зөндөө байсан (хоолой нь зангирч уйлав). Энд Хосоо багш маань нуруундаа хагалгаатай, хадаастай мөртлөө өөрөө дэв­жээн дээр гарч ирээд бэлтгэл хийлгэдэг байхгүй юу. Харин тэнд бэлтгэлээ хийгээд ганцаараа сууж байхдаа дэл­хийн аваргын тэмцээнд түрүүлчихээд эх орныхоо төрийн далбааг өндөрт өргөөд багш руугаа гүйж байна гэж мөрөөдөж жаахан ч гэсэн тайвширдаг байлаа. Харин тэр мөрөөдөл минь биелэлээ. Ер нь хүн ганцаараа байхдаа алдаа оноогоо их тунгааж бодохоос эхлээд аливаад их тэвчээртэй, илүү мэриймтгий болдог юм билээ.

-Аав нь хэдэн настай бай­хад тань өөд болсон юм бэ?

-Аав хоёр настай байхад бурхан болсон. Даралт ихтэй хүн байсан гэж ээж ярьсан. Би аавыгаа ямар хүн байсныг мэддэггүй. Ерөнхийдөө тийм хүн байсан байх даа гэсэн төс л орж ирдэг.

-Хааяа шантарч аавыгаа үгүйлэх үе гарна биз?

-Тэгэлгүй яахав. Бага байхад аав маань байсан бол гэж арай ч ингэж амьдрахгүй дээ гээд шантрах үе гардаг байсан. Миний аав Сүхээ гэж сайхан бөх байсан гэдэг. Их бяртай. Ер нь манай аавын талынхан их бяр чадалтай хүмүүс байдаг гэж ээж хэлсэн. Би хүртэл бага байхдаа хамаатнуудынхаа үеийн хөвгүүдтэй барилдаад бүгдийг нь унагаадаг байсан. Аав маань надад ийм сайхан авьяас үлдээсэнд нь би их талархдаг. Аавынхаа үргэлжлэл байж, ээжид үгүйлэгдсэн аавын  орон зайг нөхөх юмсан, нөмөр нөөлөг нь болж явах юмсан гэж боддог. Хааяа аавыгаа санахаар аавын дүү Цэрэнбат гээд ахыг нүдэндээ төсөөлдөг. Их адилхан. Надтай бас адилхан /санаа алдав/.

-Ах тань Солонгост ажиллаж олсон мөнгөөрөө тэмцээниий тань зардлыг гаргадаг байсан гэж сонссон?

-Ах, ээж хоёр анх намайг “Алдар” спорт хороонд оруулж Хосбаяр багшийн шавь болгож байсан. Тухайн үед өсвөр, залуучуудын олон улсын чанартай тэмцээнд явах гэхээр зардал олдохгүй хэцүү байдаг байсан. Үндэсний шигшээ баг биш болохоор. Ээж нэг хэсэг дэлгүүр ажиллуулдаг байсан. Гэхдээ олсон орлогоороо гэртээ идэж, уух хоолны юм аваад таарна. Харин ах Солонгост хүнсний үйлдвэр, барилга дээр ажиллаж олсон мөнгөө миний тэмцээнд орох зардалд явуулдаг байсан. Бас багш маань энд тэнд хүн амьтантай уулзаж, байгууллагын хаалга сахиж байж шавь нарынхаа тэмцээнд орох мөнгийг олдог байлаа. Тэгж л олон тэмцээнд оролцсоны үр дүн өнөөдөр гарсан гэж би бодож байгаа. Ах өөрөө чөлөөтөөр барилддаг байсан болохоор намайг их дэмжинэ. Аавын орон зайг орлож ар гэрээ авч явж байгаа хүн ах. Аав маань нэгэнт үгүй болсон болохоор ахыгаа л түшиж тулдаг. Ахдаа маш их хайртай. Заавал та хэдийнхээ ачийг хариулах болно гэж амлаж байна.

-Тэгэхээр таны зорилго амжилтад хүрч гэр бүлээ авч явах байх нь ээ?

-Тийм ээ. Анх барилдаж эхлэхэд бөх зүгээр л сонирхолтой санагддаг байсан. Харин Цагаанбаатар, Түвшинбаяр зэрэг мундаг ах эгч нарыг хараад энэ хүмүүс шиг том тамирчин болж ар гэрээ авч явж болох юм байна гэж бодох болсон. Миний чин хүсэл бол олимпийн аварга болох. Хэрвээ олимпийн аварга болох юм бол миний амьдралд их өөрчлөлт гарна гэж би боддог. Одоо чинь олимп, дэлхийн чанартай тэмцээнээс медаль авах юм бол төрөөс тогтмол урамшуулал хүртэл өгдөг болчихсон. Тиймээс би сайн барилдаж ээж, ах, эгч нарынхаа амьдралыг сайхан авч явна гэж боддог. Ижийгээ өглөө таксинд гарах болгонд өр минь эмтэрч, таныг удахгүй жаргаах болно оо гэж дотроо амладаг.

-Найз залуутай юу?

-Байхгүй.

-Дэлхийн аварга болчихлоо. Төрөөс ямар нэгэн шагнал өгөх болов уу?

-Сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор гавьяат тамирчин болж магадгүй гэсэн. Миний жин олимпод байхгүй болохоор Ерөнхийлөгчийн санаачилсан урамшууллаас ямар нэгэн шагнал авахгүй юм шиг байна лээ.

-Тэгвэл олимпод орохын тулд жингээ нэмэх, эсвэл хасах хэрэгтэй гэсэн үг үү?

-58 кг эсвэл 63 кг руу хөрвөх байх. Доошоо жинд барилдана гэхээр би жин их хасах болно. Жин хасахаар их ядарч сульддаг. Одоо миний жин 64 кг. 63 кг-д барилдана гэхээр бас л хөдөлмөрлөх хэрэгтэй болно.  Ямар ч байсан Цэргийн аварга шалгаруулах тэмцээнээс ирээд л багш нартайгаа ярьж байгаад шийдэх байх.

-Олимпийн аварга болохоос гадна амьдралаас юу мөрөөддөг вэ?

-Анх би 2008 онд Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд орж хүрэл медаль хүртэж байсан юм. Миний жинд гуравхан хүүхэд ороод би хоёуланд нь ялагдсан хэрнээ хүрэл медаль хүртэж байсан. Одоо бодоход их инээдтэй санагддаг ч миний өнөөдрийн амжилт тэгэхэд л суурь нь тавигдаж байж дээ гэж бэлгэшээдэг. Би тамирчин хүн. Мундаг нэр хүндтэй тамирчин болчихоод барилгын салбарт бүтээн байгуулалт хийнэ гэж мөрөөддөг. Гол спортын цогц цогцолбор барина гэж боддог. Одоо манайд спортын төрлүүдийг нэгтгэсэн том цогцолбор алга байна. Энэ бол миний хамгийн том мөрөөдөл. Уг нь энэ жил ШУТИС-д барилгын инженерээр оръё гэсэн боловч элсэлтийн шалгалтаа өгч чадаагүй.

-Яагаад?

-Азийн аварга шалгаруулах тэмцээн давхцчихсан. Барилгын инженер болоод өөрөө цемент зуураад суухгүй. Тэр үед мөнгөтэй болчих юм чинь хөрөнгийг нь гаргаж өгөөд ерөнхийдөө удирдаад сууж байна гэж мөрөөддөг дөө (инээв).

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН