Орхон аймаг унадаг дугуйн замтай боллоо
2014/09/17
Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний хомсдлоос шалтгаалан үүсэж буй олон төрлийн өвчин, таргалалтыг бууруулахад явган алхах болон дугуй унах нь ихээхэн ач холбогдолтой болохыг харуулсаар байгаа.
Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Зөв залуус” клубынхан МЗХ-оос санаачлан хэрэгжүүлж байгаа “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжин өөрсдийн санаачилгаар Орхон аймагт унадаг дугуйн зам барихаар болжээ. Тус ажлыг Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгж хэсгүүд хамтран дотоод нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэж байгаа бөгөөд дулаан болон усны шугаманд саад учруулахгүйгээр 6,7 км бетонон зам тавихаар төлөвлөжээ. Уг замын өргөн 2м , нийт урт нь 5,6 км юм байна. Одоогоор нийт ажлын 60 хувь нь хийгдсэн бөгөөд хөрс хуулах ажил 100хувь, хайрга дэвсэх ажил 90хувь, ус зайлуулах хоолой бүхий гүүрнүүд хийх ажлын 60 хувь, бетон дэвсэх ажлын 60 хувь нь хийгдсэн байна. Нийслэл төдийгүй орон нутагт “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж унадаг дугуйн зам барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эхний ээлжинд Орхон, Ховд аймгууд дугуйн замтай болсон байна.