Хуурамч дуудлагын ард олон хүний амь нас яригддаг гэдгийг санах хэрэгтэй
2014/09/18
ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105, 102, 103 дугаарын утас бол яаралтай тусламж авах гэсэн иргэдийн дуудлагыг хүлээж авдаг тусгай дугаарууд. Хамгийн энгийн үгээр хэлвэл хүний амь нас, хүнд байдал эрсдэлээс авран хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэдэг албаны дугаарууд болохыг бид мэднэ.
Ийм ч учраас харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг бүхий л үүрэн телефон, суурин утасны компаниуд дээрх дугаарууд руу иргэдээ үнэ төлбөргүй залгаж, тусламж авах боломжоор хангаж өгсөн.
Харин энэ боломжийг буруугаар ашиглаж, алба хаагчдын хэвийн ажиллах нөхцөлд саад учруулж, нэг хүний ч болов амь насыг аврах ажилд саад болдог иргэдийн тоо өсөж байгаа гэдгийг ЦЕГ-аас мэдэгдлээ.
Тусгай дугаар луу 09-01-09-16 ны хооронд тус бүр 45-230 удаа нийтдээ 726 удаа залгаж тоглосон дугаарууд байгаа нь хүний амь насыг аврахаас эхлэн бусад маш олон эрсдэлтэй аюулаас бусдыг болон эд зүйлс элдэв аюулаас авран хамгаалахад саад болж байна. 8992...дугаараас 225, 9998...дугаараас 145 удаа, 9925....дугаараас 55 удаа, 9594...дугаараас 40 удаа тоглож залгасан нь тус төвийн шуурхай байдлыг хангах үндсэн үйл ажиллагаанд саад учруулж, иргэдийн үзүүлэх төрийн үйлчилгээг удаашруулж яаралтай хандах гэсэн маш олон дугаарын холбогдох боломжийг хааж байгаа хортой үр дагавар гарч байна.
Энэ дугаарууд уруу залгаж тусламж авахаар хоногт дунджаар 9000-12000 орчим дуудлага ирдэг. Нөгөө талаар энэ албанд ажиллаж байгаа алба хаагчид дуудлагын тоогоор ачаалалтай, стресстэй хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг ч тангараг өргөсөн алба хаагчид энэ үүргээ нэр төртэй биелүүлж өнөөдрийг хүрсэн. Танд тохиолдсон ганцхан зовлонгоос та ямар их стресс бухимдалд хүрдэг билээ. Тэгвэл тус төвийн алба хаагчид энд хүн үхсэн байна, шатсан байна, зодолдож байна, танхайрлаа, хулгайд алдлаа, осол гарлаа гээд хамгийн хүнд мэдээллүүд бусдаас түрүүлж сонсож, 24 цагийн турш ажилладаг.
Гэвч бидний амьдралд маш олон аюул эрсдэлтэй үйл явдал тохиолдож энэ утсаар хүлээж авсан дуудлагын дагуу яаралтай тусламж үзүүлэх ёстой алба хаагчдад шуурхай дамжуулдаг гэдгийг мэддэггүй хүн бас байдаг бололтой. Мэддэг байсан бол ийм зохисгүй үйлдэл гаргахгүй нь лавтай.
Иймд хуурамч дуудлага өгч тоглохгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.