Хэрэглэгчдийнхээ эрхийг дээрэмдсэн “DDish TV”-ийн булхайтай үйлдэл ил гарлаа
2014/09/19
“Техникийн шинэчлэл хийх” нэрийн дор өнгөрсөн хавар хэрэглэгчиддээ урьдчилж мэдэгдэлгүй, сансрын антеннаар дамжуулж буй олон сувгийнхаа тохиргоонд өөрчлөлт оруулан багагүй хэл аманд өртөөд авсан “DDish TV”-ийнхэн дахин ноцтой үйлдэл гаргалаа.
Асуулт нь дуусдаггүй адтай Хүрлээ, хатуу атлаа хачин сүрхий рекламддаг Цогоо гуайн цуврал сурталчилгаагаар өөрсдийгөө байсхийгээд л “сануулдаг” тус байгууллага өмнө нь олон орны сонирхолтой сувгуудыг хасч, оронд нь урд хөршийн соёлыг сурталчилсан Хятад телевизийн сувгууд нэмээд хэрэглэгчдээсээ өндөр төлбөр нэхэж сандаргасан удаатай.
Тэгвэл өдгөө хэрэглэгчдийнхээ үйлчилгээний эрхийг дур мэдэн хэн нэгэнд шилжүүлж, бичиг баримт дээр тулгуурлан гэрээ байгуулах бус харин лавлах утасны цаанаас анкет бөглөн нууцлаг байдлаар “ажил алба”-аа амжуулдаг сонирхолтой хэлбэрт шилжжээ. Угтаа бол, тус кабелийн сувгийн үндсэн болон гэрээт хэрэглэгч хэн байх нь чухал биш юм байх. Мөнөөх “алдарт” 98980000 дугаарын лавлах утасны цаана суугаа уяхан дуутай /ухаалаг байх шаардлагагүй бололтой/ оператор бүсгүйчүүдэд таалагдсан л бол хэн дуртай нь бусдын үйлчилгээний эрхийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих бүрэн боломж тохиогоод байгаа нь үнэн аж. Чухам юуны учир ийнхүү тодотгох болсон хийгээд саяхны нэгэн өдөр болсон ноцтой үйл явдлын талаар дор сийрүүлэн бичье.
...2012 оны хавар оршин суугаа хорооныхоо үйл ажиллагааны шугамаар “DDish TV”-ийн хэрэглэгч болсон иргэн Б нь өнөөг хүртэл сар бүр төлбөрөө төлж, тус телевизийн үйлчилгээний эрхээ сунгуулсаар иржээ. Өнгөрсөн хугацаанд сар бүрийн сунгалтын төлбөрийг нь түүний хүүхэд болох М хийсэн бөгөөд ихэвчлэн “Хаан” банкны салбар тооцооны төвүүдээр үйлчлүүлдэг байж. Харин тус телевизийн “Хаан” банкны дансанд төлбөрийн мөнгө шилжүүлэх болгонд үндсэн хэрэглэгч буюу Б-ийн овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг теллерүүд лавлаж, энэ дагуу харилцагчийн тооцооны хуудсанд тэмдэглэдэг байсан аж. Ийм маягаар хоёр жил гаруй хугацаанд үйлчлүүлж ирсэн хэрэглэгч Б-ийн хувьд хоёр хоногийн өмнө үйлчилгээний эрхээ “дээрэмдүүлсэн” томоохон асуудал тулгарах нь тэр.
Учир нь, тэрбээр өөрийн хэрэглэж буй “DDish TV”-ийн үйлчилгээний эрхээ нэг сарын хугацаатай сунгуулахаар ойрын хамаатан болох Н гэгчид теллерт тэмдэглүүлдэг шаардлагатай мэдээллүүдийн хамт төлбөр мөнгөө өгч явуулжээ. “Төрийн банк”-ны салбар тооцооны төвд хандсан иргэн Н-ийн хувьд дээрхи жишгээр нэг сарын төлбөрийг тушааж, үйлчилгээний картыг нь сунгуулсан байна. Гэхдээ үйлчилгээний эрх сунгасан эсэхийг дахин лавлахаар 98980000 лавлах дугаарт залгасан бөгөөд түүнтэй харилцсан оператор бүсгүй тун ч уриалгахан загнаж, нэгэн гайхалтай санал тавьсан байх юм. Тухайлбал, иргэн Б-гийн үйлчилгээний эрхийг өөрт нь шилжүүлж өгөх боломжтой хэмээн сануулсан төдийгүй лавлах утасны цаанаас хэрэглэгчийн анкет бөглөн авч, хэдхэн хормын дотор ноцтой “дээрэм” хийжээ.
Санаандгүй тохиолдлоор иргэн Н-ээс энэ тухай мэдсэн “хуучин” хэрэглэгч Б-гийн хувьд ихэд балмагдаж өнөөх 98980000 лавлах дугаарт холбогдоход өөдөөс нь “Таны нэр энд алга. Анхнаасаа иргэн Н-ийн нэр дээр байсан юм биш үү” хэмээн оператор бүсгүй хэгжүүрхсэн аж. Тиймээс өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд үйлчилгээний эрхийг нь сунгуулж байсан иргэн М тодорхой тайлбарыг өгч, төлбөрийн хуудсанд үндсэн хэрэглэгч болох Б-гийн мэдээлэл тэмдэглэгдсэн гэдгийг сануулан, улмаар шалгаж өгөх хүсэлт тавьжээ. Түүгээр ч зогсохгүй, хэрэглэгчийн эрхийг хэн дуртайд нь шилжүүлэн өгч байгаа утасны цаадах увайгүй үйлдлийнх нь талаар гомдоллоход “Манайх гэрээт хэрэглэгч нараа баталгаажуулан үндсэн хэрэглэгч болгох ажиллагаа явуулж байгаа” гэсэн юм байх. Үнэхээр ийм ажиллагаа явуулж байгаа юм бол тухайн гэрээт хэрэглэгчийн талаар сайтар шалгаж, үнэн зөв мэдээлэл авахын тулд үйлчилгээний төвд өөрийн биеэр бичиг баримттайгаа ирэхийг шаардах ёстой бус уу. Мөн өнгөрсөн хугацаанд үйлчилгээний эрхээ хэрхэн сунгуулж байсныг нь тодорхойлж, харилцагч банкуудын тооцооны төлбөрөөс хараад авчих бүрэн боломж байхад тэр огт хөдөлсөнгүй. Бүр гэрээт хэрэглэгч гэж адлаад байгаа мөнөөх иргэн Б-аас зөвшөөрөл авч, үндсэн хэрэглэгчийн эрхийг Н гэгчид шилжүүлэх болсноо ч дуулгах “ухаан” төрөөгүй нь хачирхалтай.
Ердөө л утасны цаанаас холбогдсон үл таних этгээдэд “эрхэм” хэрэглэгчдийнхээ үйлчилгээний эрхийг шилжүүлээд өгчихдөг дэндүү “найрсаг” хамт олон, бас дэндмээр сүрхий “хулгайчид” юм гээч. Үнэндээ манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй үйлчилгээний ямар ч байгууллага лавлах утасны цаанаас анкет бөглөж, хэрэглэгчидтэйгээ гэрээ байгуулдаггүй гэдгийг санахад илүүдэхгүй биз, “DDish TV”-ийнхэн. Асуудал хурцаар тавигдаж, гарах гарцгүй болсон тэр үед мөнөөх оператор бүсгүй уучлалт гуйх нь байтугай “Та тэгээд хэний нэр дээр болгох гээд байгаа юм бэ” хэмээн уцаарлан, иргэн Б-ийн нэр дээр будилаантай үйлчилгээнийхээ бусармаг эрхийг шилжүүлэн өгчээ. Хэрэглэгчийн хувьд үйлчилгээний эрхээ буцааж авсан ч гэлээ, энэ мэт ажлаа мэддэггүй аальгүй операторуудаас болж цаана нь хэчнээн хүн хохирч, басхүү хохирогч болсноо мэдэхгүй яваа бол...
Сэтгэл нь өвдөж, багагүй бухимдсан хэрэглэгч энэхүү алдаатай үйл ажиллагааны талаархи гомдол саналаа хаана, хэнд гаргахыг асуухад “Надад өгчих” гээд хээвнэг хэлж суусан гэж байгаа. Ажлын хариуцлага алдаж, хэрэглэгчээ хохироосон “DDish TV”-ийн ажилтан өөртэй нь холбоотой санал гомдлыг өөрөө хүлээж аваад суудаг болж таарах нь. Тэр хүн албан газрынхаа удирдлагууд болоод ахлах мэргэжилтэнд хандаж “Би ийм алдаа гаргаж, иргэдээ хохироосон” гэж буруугаа хүлээх нь юу л бол. Булхайтай үйлдлээ хаацайлан, шидэт баг өмсчихсөн мэт лавлах утасны цаана “том” дуугарч суугаа иймэрхүү ажилтнууд цаашид хийж бүтээх олон ажлыг тань нурааж, нэр хүндийг чинь шороотой хутган, таван жилийн дотор тэлсэн хэрэглэгчдийн тань хүрээг хумьж болзошгүй байдалд хүргэснийг эрхэм “DDish TV”-ийнхэнд сануулчихъя.
Энэ мэтээр үндэсний хэмжээнд сансрын антеннаар дамжуулан олон сувгийн ТV-ээр үзэгчдэд үйлчилнэ гэж баруун солгойгүй рекламддаг “DDish TV”-ийн хэрэглэгчдээ хохироосон үйлдэл ингээд дуусахгүй нь. Хэрэв хэн нэгэн этгээд тус телевизийн кабелийн сувгийн үйлчилгээний картыг хулгайлсан, мөн танил нэгнийхээ регистрийн дугаарыг мэддэг байхад л үндсэн хэрэглэгчийн эрхийг нь өөрийн нэр дээр хялбархан шилжүүлэх боломжтой гэхээр тун ч найдваргүй санагдаж байгаа биз. Уг асуудлын хүрээнд дараагийн өдөр мөнөөх лавлах утсанд хандаж, алхах мэргэжилтэнтэй нь холбогдоход “Манайх хэзээ ч утасны цаанаас хэрэглэгчийн анкетыг бөглөж, гэрээ хийдэггүй. Мөн гэрээт хэрэглэгчийн мэдээллийг шинэчилж, үндсэн хэрэглэгчээр бүртгэж авах тохиолдолд тухайн үйлчилгээний эрхийг хэрхэн сунгуулж байсан талаархи банкны тооцооны хуудсыг нь шалгадаг. Тэр ч байтугай, гэрээ байгуулах хэрэглэгч маань үйлчилгээний төвд өөрийн биеэр бичиг баримтаа авч ирэх ёстой. Ингэж утасны цаанаас анкет бөглөж, үндсэн хэрэглэгчийн зөвшөөрлийг авалгүйгээр өөр хүнд эрхийг нь шилжүүлсэн манай ажилтны буруу. Бид зохих арга хэмжээг нь авна” хэмээн уучлалт гуйсан юм.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү
Зочин · 2014/09/22
Manaih buur sar dohio alga bna
Зочин · 2014/09/22
saihan luivarchinguud l daa ugaasaa 98980000 yun sain holbogdood bgaa yum holbogdohgui sh dee esvel baonga yariastai esvel utsaa avahgui ih monopoldoj bgaa company sh dee oor hed heden orsoldogch bh heregtei
muugii · 2014/09/20
Ddish uneheer hetsuu bnaa manai zuragt bur 7 honog dohio alga bna gd garahaa bailaa reset hiigeed tavgan antennaa hudulguud ch nemergui bna. Lavlahaas ni asuuhaar antennaa sain tohiruul ghees uur ym helehgui ym duud*****r irj tohiruulj ugdug blov u?