Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцолж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох нийтлэлийг уншигч авхай танд тоймлон хүргэж байна.

1.  -Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайд нартаа эрэмбэ  амлаж эхлэв-

Н.Алтанхуягийн танхимыг бүхлээр нь огцруулж тараах бус тодорхой гурван яамыг татан буулгаж, нэр бүхий таван сайдыг ажлаа өгөхийг шахаж эхэлсэн тухай мэдээлэл байна.

Энэ нь нэг талаасаа Н.Алтанхуяг арьсаа хамгаалж нэр бүхий таван сайдад хариуцлага тооцох, эсвэл гурван яамаа татан буулгах ажиллагааг зохион байгуулж байгаа нь тодорхой боллоо.

Огцрох ёстой сайд нарын нэрсийн жагсаалтыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар тэргүүлнэ.

Гэхдээ намын дарга Н.Алтанхуяг нам дотор гал асааж өөрийнхөө байр суурийг ганхуулах нь аль ч талаасаа болохгүй зүйл гэдгийг сайтар мэдэж буй учраас нэгэн тохироо хийж байгаа аж. Тиймээс Н.Алтанхуяг дээрх нэр бүхий сайд нарт нэгэн зүйлийн тохироог санал болгосон байна. Тэрээр та нар хэл ам хийлгүй миний шаардлагын дагуу суудлаа өг. Айсуй 2016 онд та хэдийг намын жагсаалтын эхний аравт эрэмбэлж өгье. Эс тэгвээс Засгийн газрын хувь заяа хүндхэн боллоо хэмээн учирласан юм байх. Чухам цаад хэд нь ямар хариу өгөхийг одоогоор мэдэх юм алга. Тэртэй тэргүй үүний хариу тун удахгүй мэдэгдэх байх. Н.Алтанхуягийн энэ тохироо саналыг хүлээж авч болох ч 2016 онд тэр намын дарга хэвээрээ байна гэдэг туйлын эргэлзээтэй. Фракц бүлэглийн дотоод дайн ширүүсч буй энэ цагт Н.Алтанхуяг суудлаасаа зуурсаар 2016 оныг үзнэ гэдэгт дээрх сайдууд итгэхгүй л болов уу. 

Юутай ч Ц.Оюунгэрэл сайд өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн хэмжээнд амжилт гаргасан тамирчдаа “пиардаж” байгаа нь ч нэгийг өгүүлнэ. Нөгөө талаар сайд маань тамирчиддаа санамсаргүй хайр зарлаагүй л болов уу. Ямар нэгэн зүйлийн сэжиг анир авсан болоод л тэр. С.Эрдэнэ сайд ч хүн амынхаа хөгжилд сүрхий санаа тавьж байгаа нь хэд хэдэн сувгаар цацагдав. Түүгээр ч зогсохгүй уул уурхайг юу ч биш болсгосон Д.Ганхуяг гэгч бизнесмэн нөхөр уул уурхайгаас төсвийн орлого нэмэгдэж эхэлсэн тухай “худлаа баяр” дуулгана лээ. Энэ мэт сайд нарын мэдэгдлээс харвал дээрх сайд нар яамаа тийм ч амар татан буулгуулахгүй бололтой. Тэр тусмаа өөрсдөө ч зүгээр нэг буугаад өгчихгүй нь харагдана лээ. 

Улстөрийн байдлаас харвал Н.Алтанхуяг өөрөө танхимтайгаа огцрох, эсвэл дээрх нэр бүхий эрхмүүдийг буулгах хоёрхон зам бий. Тэгэхээр дээрх хэдэн сайд нарыг буулгаж л таарна. Чухам үүний араас дэгдэх түймэр л сонин санагдана. 
                                                                                                                                                                                        Эх сурвалж: Unen.mn А.Гал

2.  -"ЭЗЭН-100" төслийг амжилтгүй хэмээн дүгнэлээ-

Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь өдгөө аль хэдийнээ 100 хоног нь дууссан. Гэвч" Засаг" эхлүүлсэн ажлаа өнөөг хүртэл дүгнээгүй л байна. Тэднийг ажлаа үнэлж, дүгнээгүй байхад тус хөтөлбөрт дүгнэлт өгчээ. Товчхондоо бол "Амжилтгүй" хэрэгжсэн гэсэн дүн тавьжээ. 

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгээс "Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр амлалт авсан ч 18 чиглэлийн ажлыг хагас дутуу хэрэгжүүлж,16 чиглэлийн ажлыг  дөнгөж эхлүүлсэн нь тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүйг харуулсан хэрэг боллоо" хэмээсэн. 

Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй гэж МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар онцлон хэлэв.

Эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх Үндэсний статистикийн хороо болон Монголбанк, Сангийн яамны мэдээллийг үндэслэн тайлбарлалаа.

Бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд 18 чиглэлийн ажил хийхээр төлөвлөсөн нь 41,6, уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 13 ажил төлөвлөсөн нь 34.6, барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх зорилгоор 12  ажил хийхээр төлөвлөсөн нь 58.3, аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор найман ажил хийхээр төлөвлөсөн нь 37.5, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 11 ажил хийхээр төлөвлөсөн нь 27.3, төсөв, мөнгөний бодлогын хүрээнд найман ажил ажил хийхээр төлөвлөсөн нь 25 хувийн биелэлттэй байна. Өөрөөр хэлбэл, салбар тус бүрээр хийнэ гэж ард түмэнд амласан ажлын аль нь ч 50 хувийн биелэлттэй болж чадсангүй гэсэн юм. 

Мөн тэд иргэдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10.6-177 хувь хүртэл нэмэгджээ. Тухайлбал, 

Өргөн хэрэглээний бараа

“Эзэн-100” эхлэх үеийн үнэ

“Эзэн-100” дуусах үеийн үнэ

Атар талх

850 төгрөг

1150 төгрөгт хүрч 35,3 хувь

Алтан тариа 1-р гурил

800 төгрөг

1180 төгрөгт хүрч  47,5 хувь,

Цагаан будаа

2200 төгрөг

2650 төгрөгт хүрч 20,5 хувь

Элсэн чихэр

1840 төгрөг

2950 төгрөгт хүрч 60,3 хувь

Төмс

950 төгрөг

1150 төгрөгт хүрч 21 хувь


Түүнчлэн орон сууцны үнэ хоёр жилийн хугацаанд 2.6 дахин, "Эзэн 100" хөтөлбөрийн хугацаанд дунджаар 7.1 хувиар нэмэгдсэн байна. Оюутны сургалтын төлбөрөө МУИС 13.7, МУБИС 15, ШУТИС 13 хувиар нэмлээ. Мөн оюутны байрны төлбөр 10-40 хувиар өслөө. 

Ам.долларын ханшийн өсөлт үргэлжилсээр ханшийн хямрал Монголын нийгэмд нүүрлэв.  Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байсан тэр үед ам.доллар 1349 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1871 болж үндэсний мөнгөн тэмдэгт 40-өөд хувиар уналаа.  "Эзэн-100" хөтөлбөрийг эхлэх үед буюу өнгөрсөн тавдугаар сард нэг ам.доллар 1806 төгрөг байсан нь 100 хоногт 100 төгрөгөөр өсч 1916 төгрөгт ч хүрч ноён доллар галзуурав. 

МАН-ын бүлэг бүр жил гаруйн өмнөөс ам.долларын ханшийн өсөлт үргэлжилж валютын ханшийн хямралд хүрэх аюул байгааг анхааруулж сануулсаар байсан ч эрх баригчид олонхиороо түр барин тоогоогүй. Гэтэл  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын “Ханшийг зохицуулж болно. Инфляцийг удирдаж чадна” гэдэг амлалт биелэх нь бүү хэл салхинд хийссэн нь тодорхой болов.

Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 1.31 тэрбум ам.доллар болж буурсныг Төвбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаас 17.9, өнгөрсөн оны мөн үеэс 57.6 хувиар валютын нөөц доошилсон гэсэн үг. Ийнхүү Н.Алтанхуягийн Засгийн газар 2.8 тэрбум ам.долларын нөөцтэй байсан Монгол Улсын мөнгөний авдрыг хоёр жилийн дотор хоёр дахин багасгаж хоосруулжээ. 

Харин "Эзэн-100" хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Мушгин гуйвуулж, улстөржүүллээ гэв. 

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын гол зорилго нь:

1) Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг Их хурал, Засгийн газраар хурдан шуурхай шийдвэрлүүлэх,

2) Хувийн хэвшлийнхэн бизнесийнхнийг дэмжин, тэднийг татан оролцуулж хамтран ажиллах,

3) Олон сар, жилээр хурсан асууудлуудын гацааг гаргаж, бизнест ээлтэй орчинг бий болгох,

Засгийн газраас санаачлан оруулсан эдийн засгийн олон чухал асуудлыг 100 хоногийн хугацаанд цаг алдалгүй баталж шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргаж хамтран ажилласан УИХ-ын гишүүддээ нам харгалзалгүй баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мөн 100 хоногийн хугацаанд төр хувийн хэвшил хамтарч чадвал их зүйл шийдэх бололцоотойг харуулсан хэмээн хэлсэн юм.

Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр зам бүтээн байгуулах шийдвэрээ гаргаж УИХ-д өргөн барилаа. Монголоос гарах бүтээгдэхүүн хямд үнээр далайн боомт хүрэх гэрээнүүдийг байгуулж чадлаа. Ийнхүү "Эзэн-100" хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгвэл энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хувийн байгууллагууд үүдээ барьсан гэж МАН-ын бүлгийн зүгээс дүгнэсэн. ҮСХ-ны тайлан мэдээгэр эхний хагас жилийн байдлаар 54,389 аж ахуйн нэгжүүд буюу бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 54,3 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугацаанд нийт 2706 аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьсан нь бизнесийн орчин маш их муудсаны илэрхийлэл боллоо. Харин ажилгүй иргэдийн тоо оны эхний 7 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар нэмэгдсэн талаар ҮСХ нийгэм эдийн засгийн тайландаа онцлон дурдсан байна. 

Тэд "Эзэн-100" хөтөлбөрөө ийнхүү дүгнэж байна. Харин иргэн та ямар дүгнэлт өгөх вэ???

3. -Манай улс “Занар" гэх баялагтай гэдгийг сануулав-

"Тоогоогүй" нөөцөө тордвол яасан юм бэ? хэмээн нийтлэл өнгөрч бус 7 хоногийн онцлох нийтлэлийн нэг байлаа. 

Сүүлийн үед уул уурхайн салбарт төдийгүй дэлхийн эрчим хүчний хөгжилд шатдаг занарын эрин эхэлж байгааг салбарынхан онцолж байна.

Алт, нүүрснээс илүү олны анхаарлыг татаж байгаа ашигт малтмалаар занарыг нэрлэдэг болсон. Нүүрснээс илүү илчлэгтэй, бага зардлаар эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гээд түүний давуу талыг эрдэмтэд олон талаас нь тайлбарлаж байна.

Хүн төрөлхтний хөгжлийн түүчээ болсон эрчим хүчний эх үүсвэр болох нүүрс, газрын тос занарт халаагаа өгөх цаг хаяанд ирснийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчээ. Цахилгаанаа зөвхөн занарт “даатгасан” орон олон байгааг өнгөрсөн долоо хоногт болсон Газрын тосны хөрөнгө оруулагчдын олон улсын чуулганд ирсэн оролцогчид онцолж байв. Харин энэ баялаг Монголд хэр арвин байгаа бол. Занарын зах зээлийг манай улсад хэрхэн бэлдэх зэрэг нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлжээ.

ШАТДАГ ЗАНАРЫГ “ШҮТЭХ”-ИЙН УЧИР

Шатдаг занар шатах ашигт малтмалын ангилалд багтаж хатуу түлшний өргөн тархалттай их нөөцийг бүрдүүлдэг байна. Занарын органик хэсэгт агуулагдах устөрөгчийн хэмжээ нь бүх төрлийн нүүрснийхээс их, давирхай нь бүтэц найрлагын хувьд газрын тостой ойролцоо байдаг тул энэ баялгаас нефтийн бүтээгдэхүүн гаргаж авах том боломж байдаг аж.

Занар бага температурт  өндөр даралт шаардахгүйгээр шууд задардаг тул технологийн боловсруулалт хийхэд бага зардал ордог байна. Тиймээс гадныхан занарын энэ ашигтай шинж чанарыг  ашиглаж, юм юм гаргаж аваад байгаа нь энэ юм. Зөвхөн занараас шатахуун, эрчим хүч, усан онгоцны түлш, цемент гарган авч байгаа орон ч бий. Эстони улсад Монгол шиг алт, нүүрс байхгүй. Гэхдээ тэд занараа “шүтэж”, гаднаас шатахуун “гуйх”-гүйгээр амьдраад болоод байгаа нь ийм учиртай аж.  

Дэлхий нийтэд 1970-аад оны эхээр гарсан нефтийн үнийн өсөлтөөс улбаалан түүнийг олборлож, үйлдвэрлэснээр эдийн засагт ашигтай гэдэг нь тодорхой болжээ. Үүнээс үүдэн дэлхийн томоохон гүрнүүд шатдаг занарын салбарт багагүй хүч, хөрөнгө хаяж эхэлжээ. Япончууд 1980 онд дэлхийн газрын тос, байгалийн хийн нөөцөд судалгаа хийж, 2015 он гэхэд дуусна гэсэн таамаг дэвшүүлсэн байдаг.

Энэ таамаг гарснаар дэлхий нийт дараагийн шатах тослох материал ялгаж авах түүхий эдийг хайсан байдаг. Ингээд дэлхий даяар 2000-аад оныг хүртэл шатдаг ашигт малтмалын ордын хайгуул хийж, хэрхэн ашиглаж болохыг судалж эхэлжээ.1940-өөд оны дундуур Орос, Монголын геологичид Төв, Дундговь аймгийн залгаа нутгаар шатдаг занарын томоохон ордууд байгааг тогтоожээ.

ЗАНАРТ “ЗАМ” ТАВЬЖ ӨГӨХИЙГ САНУУЛЛАА
Манай оронд шатдаг занарын нөөц арвин гэдгийг эрдэмтэд олон жилийн өмнө баталсан байдаг. Монголын занарын нөөцийг 788 тэрбум тонн гэж тогтоожээ. Гэхдээ энэ нь шатдаг занар тархсан талбайн дөнгөж 19 хувьд байгаа баялаг аж. Салбарын яам энэ түүхий эдийн нөөцийг  “Занарын нөөцөөрөө Монгол Улс саудын Арабын газар доорхи нефтийн хэмжээнд дөхнө” гэж онцолсон байдаг.

Харин энэ баялгийг өдий хүртэл “тоогоогүй” учир нь 1980-1990 оны үед шатдаг занарыг алт, нүүрсний дайтай ашигтайд тооцдоггүйд оршиж байж. Гэвч дэлхий нийт эрчим хүчний гол эх үүсвэр болох нүүрс, нефтийн эрин дуусахаас өмнө өөр боломжийг эрэх хэрэгтэй болсон. Энэ эрлийг хамгийн ойроос, бага зардлаар хийхэд шатдаг занар байна гэдэгтэй олон улсын судлаачид санал нийлжээ.

Энэ зууныг нефть, химийн бүтээгдэхүүний цаг үе гэж эрдэмтэд үздэг. Энэ хэрээр өмнө нь “тоодоггүй” байсан занарын нөөцөө  ашиглаж, химийн бүтээгдэхүүн болон шингэн түлш үйлдвэрлэх нь шатахууны хараат байдлаас гарна гэдгийг  манайх шиг энэ баялагаар арвин орнуудад сануулаад байгаа. Ялангуяа Монгол шиг хүнээс нефть гуйж, шатахуунаа хажуу айлынхаа харцаар хэрэглэдэг улсад шатдаг занар шинэ боломж гэдгийг олон улсын судлаачид онцолсон.

Тэд энэ баялгаас эстоничууд цахилгаан эрчим хүч, химийн бүтээгдэхүүн, далайн тээврийн түлшээ, өмнөд хөрш шингэн, хийн түлш, химийн бүтээгдэхүүн, германууд цемент, австрали, америкууд шингэн түлш, хойд хөрш, Израиль цахилгаан гарган авч байгааг бидэнд сануулсан. Манай улс саяхнаас шатдаг занарыг ашиглах төрийн бодлого боловсруулж, гүн боловсруулалт хийхээр судалж, ажлын хэсгийг байгуулсан.

Мөн газар доорхи энэ баялгийг үнэд хүргэх хэд хэдэн төсөл гараанаас гарчээ. Гэхдээ Монгол орны говь, хангайн бүсээр тархсан занарыг үнэд хүргэж түүгээр хүмүүсийн амьдралд баялаг бүтээхийн тулд Засгийн газар зах зээлийг нь бэлдэх, ажил урагшлах орчныг нь бүрдүүлэх учиртайг гадныхан онцолж байгаа юм.     

Эх сурвалж: Zuuniimedee.mn Э.Солонго

4. -Наадмаар улсын цол нэмсэн бөхчүүдийн гурваас нь допинг илэрчээ-

Жил бүр улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид явуулдаг билээ.

Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс авсан  шинжилгээний хариу  өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ирсэн байна.  Шинжилгээнд хамрагдсан  бөхчүүдээс гурав нь сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэнэ.

Монголын Үндэсний олимпийн хорооноос бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн холбоонд ирээгүй байгаа аж. Энэ жил үндэсний баяр наадмаар аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн, Н.Адъябат, Л.Лха-Очир нар улсын начин цолны болзол хангаж, улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага болсон билээ. Түүнчлэн улсын начин Ш.Жаргалсайхан улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарыг дараалан давснаар үзүүр түрүүнд үлдэж, улсын харцага Н.Батсуурьт унаснаар улсын гарьд цол хүртсэн.

Ийнхүү төрийн их баяр наадамд ес даван түрүүлсэн улсын харцага Намсрайжавын хүү Батсуурь улсын арслан цол хүртсэн. Улсын шинэ цолтнуудаас хэн нь сэргээш хэрэглэсэн бол гэсэн таамаг өнөөдрөөс хөвөрч байна. Удахгүй Үндэсний бөхийн холбоонд допингийн хариу ирсний дараа хэн хэн допинг хэрэглэсэн нь тодорхой болох юм. Бид мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

Эх сурвалж: www.uls.mn М.Нандин 

5.  -“Ой тогтоолтын нээлттэй тэмцээн” -д Монгол улсын тамирчид багаараа тэргүүллээ-

Хонконг улсад энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Ой тогтоолтын нээлттэй тэмцээн"-д оролцохоор манай улсын баг тамирчид тус улсыг зорьсон билээ. Тэгвэл манай тамирчид багаараа уг тэмцээнд тэргүүлсэн баяртай мэдээг дуулгаж буйдаа баяртай байна. 

Энэ сарын 13,14-ний өдрүүдэд үргэлжилсэн Гонконгийн Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд 10 орны 72 тамирчин бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. 

Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 10 тамирчин (насанд хүрэгчдийн ангилалд 2, дунд насны ангилалд 8 тамирчин) дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож дунд насны ангилалд дэлхийн 3 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба багийн дүнгээр 16987 оноо авснаар Монголын тамирчид тэргүүлсэн юм.

Энэ оны 12 сард БНХАУ-ын Хайнан аралд болох 23 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох боломжтой гэдгээ манай тамирчид харуулж чадлаа хэмээн Монголын Оюун Ухааны академийн Захирал, ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар нар онцоллоо.

Эх орныхоо нэрийг дэлхийн ой тогтоолтын спортод дуурсгаж яваа Тамирчиддаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.

6. -Монголын гар буучид Залуучуудын дэлхийн аваргад тэргүүллээ-

Испанийн Гранада хотод насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан.

Буудлагын дэлхийн аваргын өчигдөр явагдсан 25 метрийн стандарт гар бууны залуучуудын дасгалд СМ Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Монгол улсын баг 1660 оноогоор түрүүлж, залуучуудын дэлхийн аварга болж тэргүүллээ.

О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй мэргэн буучид хэдхэн хоногийн өмнө мөнгөн медаль хүртээд байсан бол эрэгтэй гар буучид Монголынхоо төрийн дууллаа Испанийн Гранада хотод эгшиглүүлж чадсан юм.

Монгол улсын баг 1660 оноо, Швейцарийн баг 1651 оноо, Хятадын баг 1650 оноогоор удаахь байрт шалгарлаа.

Нийт 32 буудагчаас хувийн дүнгээр
СМ Г.Буянбаатар 554 оноогоор 7 дугаар байр
СМ О.Төгөлдөр 553 оноогоор 9 дүгээр байр
СМ Ш.Буянзаяа 553 оноогоор 10 дугаар байрт шалгарлаа.

2010 онд залуучуудын дэлхийн аваргаас ОУХМ Ц.Хонгорзул алтан медалийг эх орондоо авчирсан. Харин эрэгтэйчүүдийн хувьд анхны медаль билээ.

7.-Дарханы зам засвар ослын тоог улам нэмж байна-

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг там болсон учраас урсгал засвар хийж эхлээд байгаа билээ. Тэгвэл замын засварын ажилтай холбоотойгоор Улаанбаатар-Дарханы замын нилээн хэдэн хэсгийг хааж, иргэд шороон замаар зорчиж байна.

Үүний улмаас сул тоос шороо ихээр босч, зам битгий хэл урдах машинаа харах бэрхшээлтэй болсон дүр зураг харагдаж байна. Бороо орсон үед хүнд даацын машинууд болон туршлагагүй жолооч нар осол аваар гаргах нь элбэг гэнэ. Өдөрт хамгийн багадаа 2-3 осол гардаг гэдгийг Улаанбаатар-Дарханы чиглэлд таксинд явдаг жолооч нар хэлж байна. Орой болон шөнийн цагаар энэ замаар явах аргагүй бөгөөд осол гарах орчинг 100 хувь бүрдүүлж байгааг онцлох нь зүйтэй бизээ. Улаанбаатараас 19-176 км замыг “Баянчандмань АЗЗА”, 176- 224 км хүртэлхи замыг “Дархан АЗЗА” хариуцдаг юм байна. Баруунхараагаас цааш нэг хэсэгт үргэлжилсэн гэмтэлтэй зам нь “Дархан АЗЗА”, “Баянчандмань АЗЗА” -ийн уулзвар хэсэг бөгөөд яг энэ хэсэгт зам нилээн эвдэрсэн байдаг.

Өөрөөр хэлбэл Баруунхараагаасаас цааш замын эвдрэл улам бүр нэмэгдэж, 50 метр зайтай асфальтан хуулга хөрстэйгөө эргэсэн, энд тэндгүй овойж, эвдэрсэн байгаа юм. Зарим хэсэгт цементтэй шороо овоорсон байхад зарим хэсэг замын асфальтан хуулга хэдэн хэсэгт хуваагдаж, шороон замтай болсны улмаас жолоочийн ур чадвар, зорчигчийн тэвчээрийг шууд шалгаж байгаа юм. Тиймээс уг замын хамгийн их эвдэрсэн 7.3 км замыг засаж буй бөгөөд энэ ажилд 3.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хэдийгээр зам завсарын ажил өнгөрсөн зургадугаар сарын 26-нд эхэлж зам засварын ажлыг 7-р сарын 25-нд дуусган ашиглалтаад оруулахаар төлөвлөөд байсан ч 14 хоногийн өмнө ашиглалтад оруулсан юм.

Харин энэ зам нь өнөөдөр захаасаа “сэмэрч” чанараа таниулж байгаа юм. Эхний хийсэн ажил нь ийм хангалтгүй байхад Баянголоос цааш зам засварын ажлыг мөн л эхлүүлсэн байна. Хэд хэдэн газарт Овоолоод хэдэн шороо тавьснаас өөрөөр замын ажлыг хийж байгаа 4 хүн 7 техник л замд тааралдсан. Тэнд зам засьарын ажил явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй байлаа. 2013 онд 500 орчим иргэн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байдаг. Үүний 70 орчим хувь нь буюу 300 орчим хөдөө орон нутгийн замд осолдсон байдаг.

Осолдсон газар нь аймаг, сумын төв бус Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ, Дархан-Эрдэнэт, Улаанбаатар-Багануур-Хэнтий, Лүн, Өвөрхангай чиглэлийн замуудад зам тээврийн ноцтой ослууд гардаг. Улаанбаатар хотоос гарсан төв магистрал замуудын 150 км-ын радиустай эдгээр замууд дээр ноцтой ослууд гарч байна. Орон нутгийн замаа чанартай засаж, иргэдийн эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж өгөхийг эрх баригчдаас хүсэж байна.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа