Одоогоос 75 жилийн өмнө буюу 1939 оны 9 сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-тай гэрээ байгуулснаар 9 сарын 16-ны өдрийн 14 цагт Халх голын дайны ажиллагаа албан ёсоор зогссон байдаг.

Газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалан үлдэж чадсан энэ түүхт өдрийг монголчууд бид ямагт дурсаж байх ёстой юм. Түүнчлэн эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амиа золиослон тулалдаж байсан эрэлхэг дайчдынхаа гавьяаг ч мартах учиргүй. Өдгөө эдгээр дайчдаас цөөн хэдэн хүн үлдсэний нэг нь Монгол Улсын баатар, ахмад дайчин, МАН-ын ахмад зүтгэлтэн П.Шагдарсүрэн гуай юм. Түүний өнөөдөр сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та 18 настайдаа сайн дураараа цэрэгт явсан гэсэн. Таныг тийш нь юу татав? 
-Би хөдөөгийн хүн. Төв аймгийн Баянбараат (одоогийн Баян-Өнжүүл) суманд төрсөн. Эцэг маань монгол бичигтэй байсан. Хоёр эгч, бид гуравт бичиг зааснаас хойш би аавыгаа багш гэдэг байлаа. Тэр үед эрэгтэй хүүхдийг лам болгох гэдэг байсан бол миний эцэг, эхэд тийм бодол байсангүй. Намайг төрөхөд айлууд идшээ төхөөрч байсан юм билээ. Манайхны нэг хөгшин “Энэ улайгаар төрсөн юм лам болохгүй байлгүй. Төрийн хар хүн болох юм байгаа биз. Ард нь туг үс үлдээчихээрэй” гэж миний даахийг авахад хэлсэн гэдэг юм. Миний өвөг эцэг Ширбазар гэж манж хэлтэй, монгол бичигтэй хүн, Улаанбаатар хотын шүүхийн даргаар ажиллаж байхад нь би тэднийд сууж, бага, дунд сургууль дүүргэсэн. Дунд сургуульд сурч байхдаа л яагаад ч юм бэ цэргийн дарга л болмоор санагдаад байх болсон юмдаг. Өвөөгийн маань том хүү Цэргийн ерөнхий сургуулийн захирал байсан юм. Тийм болохоор би тэдний сургуулиар бас орж, гарна. Тэр үед цэргийн сургуульд нам, засаг их анхаардаг, хангамж сайтай, хувцас нь их гоё байлаа шүү дээ. Ер нь тухайн үедээ боловсролтой хүн эндээс л “төрж” байсан. 1932 оны лам нарын бослогыг даралцахаар Цэргийн ерөнхий сургуулийн захирал нь ахлах ангийн хүүхдүүдээ авч Тариат руу яваад амь үрэгдсэн. Энэ ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхсэн гэх бодол ч тэр үеэс надад төрсөн шиг байдаг. Дунд сургууль төгсөхдөө би 17-той байлаа.

-Тэгэхээр цэрэгт явахад бас нэг жилийн хугацаа байжээ. 
-Тэгэлгүй яахав. Түүнээс гадна бид бүгдийг багш болгох, Багшийн сургуульд оруулах шийдвэр яамнаас гарсан. Би багш болмоорг үй санагдаад, үүнийгээ аав, ээж, өвөө, эмээдээ ч хэллээ. Өвөө, эмээгийнхээ танил, “Монгол транс”-д ажилладаг хүнээс “Нэг жил хийх ажил олж өгөөч” гэж гуйлаа. Тэгээд энэ баазад данс хөтлөгчөөр ажиллалаа. Энд орос жолооч нар ч ажиллана. Наушкаас л ачаа зөөцгөөнө. Шөнө ирсэн орос, монгол жолооч нарыг машинаар гэрт нь хүргэж өгөх ажилд оролцож машин барина, оросуудтай ярих гэж үзнэ. “Монгол транс”-т мундаг жолооч нар ажиллана. Д.Адилбиш гэж сайн жолооч Улсын бага хурлын дарга Догсомын жолооч болоод явчихлаа. Энэ хүн хожим нь нэртэй дипломат ч, Гадаад хэргийн яамны сайд хүртэл болсон доо. Бас нэг жолоочийг Цэдэнбалын тэргийг бариулахаар аваад явчихлаа. Нямаа гэж миний дээд талын албан тушаалын хүн бас дипломатч болсон. Энэ баазаас гурван дипломатч төрсөн юм шүү. Хожим нь би Гадаад явдлын яамны сайдын албыг Д.Адилбиш гуайгаас авч байлаа. Сонин юм шүү. Тэгээд л арай гэж нэг жил болгоод цэрэгт явсан даа. Тэр үед бичиг үсэгтэй хүн цэргийн албанд ирэх нь ховор учраас намайг олзуурхаад Цэргийн ерөнхий сургууль, Зөвлөлтөд нисэхийн сургууль хоёрын алинд нь орох вэ гэхэд нь Цэргийн сургуулийг сонгосон.

-Таныг ийн сурч байхад хэлмэгдүүлэлт гэгч юм айхтар байсан биз. Цэргийн ерөнхий сургууль чинь үүнд нэлээд өртсөн газрын нэг байх шүү. 
-Цэргийн сургуульд орох бэлтгэл хийж байхад Дэмид жанжин нас баржээ гэж сонсогдлоо. Биднийг оршуулганд нь оролцуулсан. Хор өгсөн юм гэнэ гэх яриа сүүлд нь дуулдсан. Удаагүй байтал Гэндэн, Дэмидийн хэрэг гээд л шуугих болсон. Бидний ихэд хүндэтгэж байсан Дэмид жанжин маань эсэргүү болж хувирлаа. Тэр үед бид улс төр сонирхдоггүй, сонирхож ч болдоггүй байлаа даа. Биднийг сурч байхад Цэргийн ерөнхий сургуулийн маань хоёр ч захирал баригдаж яваад сураггүй болсон. Тэднийг яав ийв гэж бид ер сонирхоогүй, биенээсээ эмээсэн хэцүү цаг байсан. Нэг хавар манай салааг машинд суулгаад Толгойт тийш давхилаа. Яах гэж явааг бүү мэд. Бидний өмнө суудлын тэрэг яваад байлаа. 40-өөд км яваад зогсоход тэр тэрэгнээс Жанжин штабын дарга Ж.Цэрэн гарч ирсэн. Тэгтэл хүрэн өнгийн “Америк-8” машин цаанаас ирж зогссон чинь Чойбалсан бууж ирлээ. Маршалыг би анх ойроос харж буй нь энэ. Маршал тэгэхэд энгийн хувцастай байсан. Үүнээс хойш удаагүй байтал Бериягийн жагсаалт гээч юм араас нь ирсэн юм гэнэ лээ. Тэр жагсаалт гэдэг нь цаазлах хүмүүсийн нэрс байсан гэдэг. Гэндэн, Дэмидийн гэх “хэрэг” ч ингээд л эхэлсэн юм.

-Цэргийн сургуулиа төгсөөд Та чинь алдарт Л.Дандарын хороонд очсон. Дандар гэж ер нь ямархуу эр байв. Омголон хурц хүн байсан л гэцгээдэг. Орос цэрэг буудсан ч бил үү, буудах гэсэн ч бил үү яриа байдаг. 
-“Шар” Дорж гэдэг залуу бид хоёрыг Цэргийн сургуулийн I ангиас шууд III ангид оруулж, хэдэн сарын дараа офицер болгож төгсгөсөн. Тэгээд хоёул хороо, дивизийн штабын даргаар томилогдож машинаар гарч давхиад Доржийгоо Баянтүмэнд үлдээгээд би Тамсагбулагт очлоо. Хавар, гуравдугаар сарын 10-дын үед юмдаг. Надтай хамт төгссөн Дугаржав, Баатар гэж хоёр хүн бас хамт очсон. Дивизийн дарга Ч.Шаарийбуу, хорооны дарга Л.Дандар нар биднийг хүлээж авсан. Энэ хоёр ч бас Зөвл өлтөд Тамбовын морин цэргийн сургууль төгсөж ирээд удаагүй байсан юм билээ. Л.Дандар насаар надаас дөрөв ах, гялалзсан шуугиур эр байсан. Цөөхөн үг хэлдэг, эршүүд байрын. Тавдугаар сард дайн эхэлтэл хамт байхад нэлээд ширүүн зантай, асуудлыг хурдан түргэн шийдчих гээд байх, өөрийнхөөрөө зүтгэдэг, хүний үг хүлээж авахдаа хойрго хүн юм гэж санагдаж байсан. Дайн дуустал энэ хэвээр л байсан даа.

Тавдугаар сарын 30-нд Дандар дивизийн дарга болж би хороогоо удирдах болсон. Бидний хооронд ямар нэг эвгүй явдал болж байгаагүй. Цэргийн улс нэг нь тушааж, нөгөөх нь биелүүлж явсан. Цэргийн улс чинь асуудлыг морин дэл дээр л шийднэ шүү дээ. Дандарыг хорооны дарга байхад тавдугаар сарын 28-нд тулгарсан дайсны давуу хүчийг устгаж нэр алдар нь түгсэн юм. Дандар ахархан хугацаанд зөв шийдвэр гаргасны улмаас тэр тулаанд ялсан, улмаар баатар болсон. Энэ тулалдаанд дивизийн дарга Ч.Шаарийбуу амиа алдсан. Дайн дуусаж, би Засгийн газарт ажиллах болсноос Дандар бид хоёрын холбоо тасарсан. Бусдаас л биенийхээ тухай дуулж явах болсон. Хэрэг түвэгт холбогдсон нь хурц түргэн зангаас нь болсон болов уу л гэж боддог. Энэ чинь Халх голын дайнаас хойш, дэлхийн II дайны үед Дандар Зөвлөлтөд сурч ирсний дараа болсон явдал юм билээ шүү дээ. Шоронд суулгасныг бодоход эвгүй л юм болсон хэрэг байх. Хүнсэнд хэрэглэх үхрээс болж орос цэргийн өөдөөс буу гаргасан бололтой юм билээ. Хожим нь бид хоёр энд тэнд зөндөө тааралдсан, жирийн нөхдийн ёсоор л уулзаж байлаа.

-Та бол Зөвлөлтийн алдарт жанжин Г.К.Жуковтой ойр явсан хүний нэг. Одоо ийм хүн Монголд битгий хэл Орост ч их цөөрсөн. Тийм болохоор би Жуковтой холбоотой юм асуумаар байна. Дайны дараа та хоёр олонтаа уулзаж байсан байх, хамт байлдаж явснаа дурсаж, халуун дулаан үг тухтай солилцох боломж олдож байв уу? 
-Бид хоёр олон удаа уулзаж байсан. 1942 онд Монголын төлөөлөгчид анх фронтод бэлэг хүргэхэд би цэргийнхнээ төлөөлж очихдоо уулзсан. Тэгэхэд намайг танихаар барахгүй “Фронтын зүүн жигүүрт танай дивиз байсан…” гээд л хуучилсан. Москвагаас 20-иод км зайд штабтаа шөнө биднийг хүлээж авсан юм. Дараа нь намайг Энэтхэгт Элчин сайдаар сууж байхад ЗХУ-ын Батлан хамгаалах яамны сайдын хувьд айлчилж очиход нь уулзах завшаан тохиосон. Гадаадын Элчин сайд нар эгнээд зогсчихсон байхад миний дэргэд хүрч ирээд хэсэг саатаж “Чи энд хэзээ ирээв” гэж асуусан. Тэгэхэд тэр Элчин сайд нар их гайхаж байж билээ. Сүүлд бие нь муудаад эмнэлэгт хэвтэж байхад нь би эргэж очсон. Сүүлчийн уулзалт тэр байж дээ. Дэлхийд нэр нь түгсэн энэ домогт жанжны удирдлага дор Квантуны армийг бут цохиход оролцоно гэдэг их хувь заяа шүү. Халх голын дайн дууссаны дараа Георгий Константинович хэсэг хугацаанд манай улсад зөвлөхөөр ажилласан юм шүү дээ. Зөвлөлтөд байдал хүндэрснээс Сталин дуудаад аваад явсан юм.

-21 настайдаа ахмад цолтой болж, хорооны штабын даргаар томилогдоно гэдэг тухайн үед ховор тохиолдол байсан биз? 
-Гадаад нэгэн улс өдөж хатгаад, дайн ч хийж тун болзошгүй хэцүү үе, арми маань боловсон хүчин их дутагдалтай цаг байв. Цол олгож, ажилд томилсон тухай шийдвэрээ Маршал өөрөө ирж уншиж өгч байсан. Үнэндээ ч Цэргийн ерөнхий сургууль төгсөгчдөд ихэнхдээ л дэслэгч цол олгодог байсан л даа. Төгсөгчдөд ахмад цол олгосон бараг анхны тохиолдол байх.

 

-Дайн дууслаа, бид яллаа гэх мэдээг хаана, ямар нөхцөлд анх сонсов. Тэр үед сэтгэл хэлэхийн аргагүй сайхан болоо доо? 
-Үүнийг чинь хүнээс сонсдог юм биш, өөрсдөө байлдаж яваа юм чинь. Дайсан зугтаад явчихлаа, эргэж ирэхгүй нь тодорхой боллоо. Сэтгэл онгойгоод л явчихна. Мориноосоо буугаад өвс халиурсан газар дээрээ тэрийтэл хэвтэх боломжтой болж байгаа юм. Довтлох, дайрах, эзлэх гэж байгаа болохоор япончууд Халх гол орчмын нутгийг их сайн судалсан, гуу жалгыг нь хүртэл мэддэг болчихсон байдаг юм билээ. Бид тэгэхэд хилээс цааш юу байгааг огт мэдэхгүй. Бид сүүлчийн давшилтад орохдоо л хил алхаж болохгүйг мэдсэн. Дайсан зугтаад явчихад нь бид хойноос нь хөөлгүй орхисон. Есдүгээр сарын 16-нд Япон бүх фронтоор гал зогсоохыг хүсэж, бууж өгсөн дөө.

 

МАРШАЛ ЧИНЬ УЛСЫНХАА ТУСГААР ТОГТНОЛЫГ БАТАЛГААЖУУЛАХ ГЭЖ ЗАРИМААС НЬ ХҮСЭЖ, ЗАРИМД НЬ ТУЛГАЖ БАЙСАН ХҮН

 

-Дайны дараа Таныг яагаад Маршалын дэргэд ажиллуулахаар болсон юм бэ. Маршалын хараанд та хэрхэн өртөв. Эсвэл Батлан хамгаалах яам хуваарилав уу? 
-Дайн дуусаад хил дээр өвөлжих юм болов уу гэсэн бодолтой Тамсагбулагт байж байтал төвөөс нэг цахилгаан ирсэн чинь Улаанбаатарт очиж энгийн байгууллагад ажиллах хүмүүсийн нэрс байв. Түүнд миний нэр багтжээ. Тэгээд аравдугаар сарын 1-нд нийслэлд ирсэн. Маргааш нь Ж.Лхагвасүрэн жанжин биднийг жагсаагаад Намын Төв Хороо руу авч явлаа. Бидэнтэй хэсэг хүн нэг нэгээр уулзан улс орны болон олон улсын байдлын талаар зарим нэг юм асуугаад гаргаад байв. Маргааш нь шийдвэр танилцуулсан чинь пулемётын албаны дарга байсан хүн маань Эрүүлийг хамгаалах яамны, эвлэлийн хорооны дарга маань Тээврийн яамны сайдаар гэх мэтээр томилогдсон байлаа. Намайг маргааш өглөө 10.00 цагт Маршалтай уулз гэлээ. Тэгэх нь ээ, намайг очиход 17 дугаар хорооны штабын дарга байсан залуугийн нэр наад дотор чинь байна уу гэж Маршал асуусан юм билээ. Тэгээд маргааш нь Маршалтай уулзсан чинь “Надад рапорт өгч байсан залуу чи мөн байна” гэж хэлсэн. Намайг Ерөнхий сайдын тусгай хэрэг эрхлэгч гэдэг албанд томилсон. Урьд нь ийм ажил алба байгаагүй юм байна лээ. Би өөрийгөө чамлаад цэргийн байгууллагаас өөр газар ажиллаж үзээгүй, энэ ажлыг дийлэхгүй болов уу, тиймээс сургуульд явж мэдлэг боловсролоо дээшлүүлэх бодолтой байдаг гэх маягийн юм хэлсэн чинь боловсон хүчин дутагдалтай байгаа тул энэ удаа сургуульд явуулж чадахгүй, харин цаашид энэ тал дээр тусална гэсэн. Найман жил энэ хүний дэргэд ажиллахдаа гарынх нь нарийн бичгийн дарга, тусгай асуудал эрхэлсэн туслах зэрэг алба хашиж, амьдралын их сургуульд ёстой суралцсан даа.

-Маршал ойр тойрны хүмүүстээ ямар шаардлага тавьдаг байв? 
-Шударга, зарчимч, эхэлсэн ажлаа дуусгадаг, цаг баримталдаг, дэг журамтай, даруу байхыг шаардана. Ийм шаардлагыг хангахгүй бол түүний дэргэд битгий хэл ер ямар ч ажил дээр уддаггүй байсан. Урдаас нь цоролзох гэдэг, хийсвэр зантай хүнийг ер нь ойшоохгүй.

-Ер нь Маршал хэр боловсролтой хүн байсан бэ? 
-Боловсролтой хүн биш шүү дээ. Консулын дэргэдэх орос хэлний сургуульд 2-3 жил, Эрхүүд богино хугацаагаар суралцсан. Өөрийн гараар ямар ч бичгээр бичихгүй. Харин нэрээ хуучин үсгээр их гоё биччихнэ. Өөрөөс нь өөр хэн ч уншиж, ойлгох боломжгүй тэмдэглэл хийнэ. Ийм тэмдэглэлтэй хэдэн дэвтэр үлдсэн байсан. Академийнхан түүнийг нь унших гээд чадаагүй. Тэр нь 30 хэдэн онд Орост очсон үедээ л тэмдэглэсэн болов уу гэмээр юм байсан. Маршал чинь 1939 оны гуравдугаар сард Ерөнхий сайд болсон, би аравдугаар сард дэргэд нь ирсэн. Хэлэх үг, илтгэлийг нь их том үсгээр бичиж өгнө. Тэр хүний дэргэд байхдаа л энэ хуруунууддаа эвэртэй болсон хүн дээ, би. Сүүлдээ миний бичгийг их сайн гаргадаг болсон. Тухайн цаг үеэсээ хоцрохгүйн тулд Маршал монгол хэвлэлээ хүнээр их сайн уншуулна. Хөдөө явахдаа сонингоо авч яваад машин дотроо биднээр уншуулна. Гэртээ бол данхтай цай өмнөө тавиулж байгаад өөрөө уншиж гарна. Гадаад мэдээг Шарав, Ширэндэв нар бэлтгэж өгнө. Цаг гаргаж тэр мэдээг өдөр бүр сонсоно. Маш их ажилладаг хүн байсан. Өдөр шөнөг үй ажиллах хэрнээ үг хэл удаж, тунирхаж байгаагүй.

-Маршал ямар хоол зооглох дуртай байв. Архинд хорхойсдог байсан гэх яриа байдаг нь ортой юу? 
-Чанасан мах, бууз, хуушууранд дуртай. Эхлээд орос тогоочтой байснаа цэргийн газраас монгол тогооч авч ажиллуулсан. Архинд дуртай байсан гэж хэлж болохгүй. Хааяа хүртэнэ. Цагаан архи уухгүй, оргилуун дарс л голдуу ууна. Түрүү үед Бортолгойтой сууж байхдаа архинд дуртай байсан гэдэг юм. Заримдаа хүлээн авалт дээр ахиухан хүртчихсэн бол шар тайлах маягаар хэд хоног хэнтэй ч уулзахгүй, утсаар ч ярихгүй гэртээ хэвтчихнэ. Энэ нь тун цөөн, жилд нэгээс илүү ингэхгүй. Оргилуун дарс гэдэг чинь их шартуулдаг эд юм биз дээ.

-Та бол Маршалын гэрээр дуртай цагтаа орж гардаг байсан уу. Хэр зэрэг хөлтэй айл байв?
-Гэртээ хүн урьж цайлж дайлах нь ховор. Жуковыг гэртээ аваачиж дайлж байсныг нь харин би мэднэ. Оросоор чөлөөтэй ярина, албан ёсны арга хэмжээний үед хэлмэрчээр туслуулна.

 

-Москвад сургуульд очсон хойноо Маршалтай холбоотой байв уу. Та хоёр юу ярьдаг байв? 
-Ажлаар очихоор комиссараараа дуудуулж уулзана. Энгийн юм ярьцгаана, миний сурлага, амьдрал байдлыг сонирхоно, өөрөө Монголынхоо тухай ярьж өгнө. Оюутан хүнд төр, засгийн удирдагчтайгаа уулзаад хоол идчихээд гарахад сайхан байлгүй яахав. Хамгийн сүүлд өвчтэй байхад нь уулзсан, амьсгал хураахад нь дэргэд нь байсан даа. Шарилыг нь авчрахад хамт ирэхийг надад үүрэг болгосон. Галт тэрэгний зогсоол бүр дээр Зөвлөлтийн хүмүүс эмгэнэл илэрхийлэн хүндэтгэл үзүүлээд л, хилээр ороод ирэхэд монгол цэргүүдийн маань царай их уруу дорой байж билээ. Ард түмэн тэр хүнд хайртай байсан юм шүү.

-Амьсгал хураахын өмнө дэргэд нь байсан хүмүүст нэг үг хэлсэн гэсэн сураг байдаг. Чухам юу гэж хэлснийг та манай уншигчдад хэлж үлдээгээч. Үүнийг мэдэх хүн танаас өөр одоо байхгүй л болов уу. 
-Эмнэлэгт байхад нь комиссар Банзрагч, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Шарав, гэргий Гүндэгмаа гурав л өрөөнд нь ордог байсан шүү дээ. Сүүлчийн удаа уулзахад, маргааш мэс засал хийх гэж байна. Тэр ч өргөс авахтай адил юм биш. Гэхдээ чадалтай, эрдэмтэй эмч нар эдгээнэ гэж итгэж байна. Биеэ гайгүй болохоор чамайг дуудаж уулзана гэсэн. Тэгэхэд Гүндэгмаа хамт байсан. Маршал дээл өмсчихсөн, нөмгөн байсан. Царай зүс нь дажгүй л байв. Маргааш нь гэтэл Маршалын бие муудаад би очсон. Амьсгал хураах нь гэж эмч хэлээд Гүндэгмаа, Шарав, Ядамжав (Элчин сайд), Банзрагч, бид тавыг өрөөнд нь оруулсан. Маршал юу ч хэлж чадахгүй, амь нь тэмцэж буй нь илт байлаа. Тэгээд л бурхан болсон.

 

-Маршал ойрын хүмүүстээ, ялангуяа Танд хувийн амьдралынхаа тухай ярьж, зовлон жаргалаа хуваалцдаг байв уу? 
-Тийм юм ярьж байгаагүй.

-Ер нь ямар ном түлхүү уншдаг байсан бол? 
-Өөрөө бага уншина, хүнээр л яриулна. Ширэндэв, Цэвэл, Навааннамжил нар их ярьж өгд өг байсан. Эрдэмтэд, судлаачидтай их холбоотой байсан. Сүхбаатар, Хатанбаатар нарын талаар бичүүлж, хэвлүүлж байсан. “Сүхбаатар” кино хийлгэсэн партизануудтайгаа их уулзана. Их хүнлэг хүн байсан юм шүү.

-Сүхбаатарын талаар Чойбалсан ямар бодолтой хүн байв. Тэр хүний талаар ямар нэг хазгай үг хэлж байсан удаа бий юү. Одоо чинь Сүхбаатарын тушаалаар хүн цаазалж байсан гэж бичээд байна шүү дээ. Хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн ч гэх шиг… 
-Нэг удаа Маршал намын дээд сургууль дээр нулимсаа гаргаж байгаад Сүхбаатарын тухай хоёр цаг ярьж билээ. Энэ хоёр хүн биендээ их итгэдэг байжээ гэх бодол надад үлдсэн. Сүхбаатарыг амьсгал хураахад Дорнод аймагт ажлаар явж байсан юм билээ. Үүндээ, дэргэд нь байгаагүйдээ их харамсдаг байсан. Сүхбаатарын хөшөө босгох ажлыг санаачилж, талбайгаар явж хэмжиж үзэж байсныг нь санаж байна.

-Өөрийг нь тахин шүтэх хандлага байгааг Чойбалсан мэдэрч, дургүйцэж байсан явдал бий юү? 
-Маршалыг тахин шүтэх хандлага бий болж буй нь түүний 50 насны ойгоор л тодорхой мэдрэгдсэн шүү. Цэдэнбал тавьсан илтгэлдээ Маршалыг “Ардын хувьсгалыг үндэслэгч” гээд хэлчихсэн, үүнд ард түмэн итгэсэн, тэгээд л хүндэлж дээдлэх болсон гэж би боддог. Ард түмэн намайг их хүндэтгэдэг юм байна. Энэ хүндлэлийг ажил үйлсээрээ л хариулах учиртай гэж өөрөө нэгэнтээ хэлж байсан. Оросууд Сталинаа хүндэлж байгаа шиг бид бас ингэж хандах ёстой хүн нь Чойбалсан гэх бодол монголчуудад төрсөн нь гарцаагүй.

-Монгол Улсын тусгаар тогтнолыг хадгалж үлдэхэд Маршалыг их үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Монгол Улс дангаараа хөгжиж чадахгүй нь гэх бодол тэр үед зарим хүнд байсан бололтой. Энэ үгийг Маршалд чухам хэн дуулгасан бол?
-Тийм бодолтой хүмүүс байсан. Тэд Монгол Улсыг Зөвлөлтийн бүрэлдэхүүнд оруулах бодолтой байдаг, тэднийг Цэдэнбал ч дэмжих хандлагатай байдгийг Маршал мэддэг байсан. Тэгээд энэ талаар Сталинд дуулгавал яасан юм бэ гэж Чойбалсанд цухуйлгахад нь МонголУлс ямар ч нөхцөлд тусгаар улс байх ёстой гэж үздэгээ Цэдэнбалд хэлснийг нь би сайн мэднэ. Хойд хөршийн удирдлага ч ийм үг яриа зарим монгол хүнд байдгийг мэдээд эсэргүүцсэн. Ингээд энэ яриа дарагдсан юм. Маршал чинь Сталинтай урьд нь уулзах болгондоо Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулахыг хүсэж, хүлээн зөвшөөрөхгүй бол чөлөөлөх дайнд оролцохгүй гэж хэлж байсан хүн шүү.

 

БИ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР САЙДЫН АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН ЮМ

 

-Таны намтраас харахад Элчин сайд болсон эхний үедээ нэг улсад ер удалгүй өөр улсад томилогдоод байсан юм билээ. Бас таныг Гадаад хэргийн яамны сайд болохын өмнө энэ албанд байсан хүмүүсийг ойр ойрхон сольсон байдаг. Энэ ямар учиртай байсан юм бол?
-Би анх Умард Солонгост Элчин сайдаар ажилласан, тэнд социалист хэдэн орон л Элчин сайдтай байсан. Энд би 1.5 жил болсон. Тэгээд Энэтхэгт суухаар томилогдсон. Энд бас л жил хагас ажилласан. Үүний нарийн учрыг би мэдэхгүй. Гадаад яамны сайд нарын хувьд бол С.Аварзэд маань манай анхны мэргэжлийн дипломатч байсан ч хилийн хэлэлцээрийн үед Давст уулыг Орост өгөхгүй гэж Молотовтой ам мурийгаад, түүний энэ хатуу байр сууринаас болоод хэлэлцээр урагшаа ахихгүй байна гэсэн хэл ам гарсан шиг байдаг. Тэгээд л Ерөнхий сайдын орлогч бөгөөд сайдын албанаас нь огцруулсан. Д.Адилбиш гуай ч бас зөрүүд зангаасаа болсон байх. Югославын намын хуралд оролцож байтал нэг асуудлаар санал зөрөлдсөнөөс ЗХУ тэргүүтэй социалист орнуудын сайд нар хурлыг хаяад гарахад мань эр суугаад үлдсэн гэдэг. Үүнээс л болсон.

-Таныг итгэмжлэх жуух бичгээ барих үеэр юм уу даа, Энэтхэгийн Ерөнхийлөгч Прасад “Чингис хааныхаа талаар та бүхэнямар үзэл бодолтой байдаг вэ” гэж асуусан гэсэн. Түүнд та ямар харилт өгсөн бэ? Та энэ талаар ер яриагүй санагдана. 
-Ер санаандгүй байтал мэндэлсэнийхээ дараа залгуулаад л ингэж асуусан. Би ч тулгамдсан. Тэгээд монголчууд Чингис хааныг их хүндэлдэг. Цэргийн том жанжин байсан хүн. Гэхдээ гадаад орнууд руу дайн хийж, ард түмэнд нь зовлон учруулж, хэрцгий үйл явдалд оролцож байсныг нь бид сайшаадаггүй гэсэн утгатай юм л хэлсэн шиг билээ. Тэнд Иракийн Элчин сайдтай уулзахад, танай Чингис манай Багдадын хамгийн арвин баялаг номын санг шатааж байсан гэхэд бас л эвгүй сонсогдож байсан. Тэр үеийн явдал өнөөгийн бидэнд хамааралгүй, тэр одоо түүх болжээ гээд л аргалж өнгөрөөж байв.

-1961 онд БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх чуулганд оролцсон БНМАУ-ын төлөөл өгчдийн ажлыг Намын Төв Хорооны хурлаар дүгнэх үед төлөөлөгчдийг ахалсан Д.Цэвэгмидийн үйл ажиллагаа, зан чанарын сул талыг шүүмжилсэн гэсэн яриа байдаг. Энэ талаар Та мэднэ дээ.
-Чуулганы ажиллагаанд идэвхтэй оролцохг үй байсан, гадаад хэлний мэдлэггүй хүн явуулсан нь алдаа боллоо гэх маягтай үгийг биеэ тоосон зарим залуу хүн хэлээд өөрсдөө хатуу зэмлэл хүлээсэн. Намаас арга хэмжээ авч, намайг ч боловсон хүчинтэйгээ сайн ажилласанг үй гэж хэлж байсан юм. Би ч өөрийгөө ажилдаа (сайдын) чамлагдаж байна гэсэн дүгнэлт хийж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Гэр бүлийн хүнээ эмчлүүлэх шаардлагатай байгаа тул эмнэлэг сайтай улсад явуулж өгөхийг хүссэн. Тэгээд ажлаа өгчихөөд Цэдэнбал даргатай уулзсан чинь Элчин сайдаар томилж чадахгүй нь, авгайг чинь эмчлүүлэхэд тусална гээд МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчээр томилчихсон. Энд 1963-1971 онд ажиллаад дараа нь 15 жилийн хугацаанд Унгар, Герман, Югослав, Афганистан, Хятадад Элчин сайд байсан. 1988 онд 70 настайдаа тэтгэвэрт гарсан.

Ингэсхийгээд энэ яриаг өндөрлүүлье. Уг нь бид хоёр нэлээд удаан, ихээхэн чөлөөтэй ярилцсан юм. Намайг гэрээс нь гарах болоход, “Хүү минь намайг битгий их өргөмжлөөрэй. Би байлдаанд оролцсон, гадаад харилцааны салбарт ажилласан. Эргээд бодоход эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, бэхжүүлэхэд л өөрийн чадлаар хувь нэмрээ оруулж явж. Үүнийг минь л төр үнэлж, өндөр хүндэтгэл үзүүлсэн байх. Түүнээс биш би бусдаас илүү гавьяа байгуулж, баатарлаг үйлс бүтээчихсэн хүн биш шүү. Би их баярлаж байна” гэж хэлсэн юм.

И.Рэнчинханд